Агнуурын тэнгист Японы загасчдын завийг саатуулсны төлөө тус улс ОХУ-д эсэргүүцэл илэрхийлжээ.
Хэвлэлийн бага хурал дээр Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Като Кацүнобү хэлэхдээ Японы завь Оросын эдийн засгийн онцгой бүсэд загасчилж байсан гэж Оросын тал мэдэгдсэн. Японы тал тус завь Японы эдийн засгийн онцгой бүсэд байсан гэж үзэж байна. Оросын талын үйлдлийг байж боломгүй гэж үзэн Токио бүхий л дипломат шугамаар эсэргүүцэл илэрхийлсэн гэж Като онцолжээ.
Токио завь болон загасчдыг даруй суллахыг шаардаж байна. Загасчдын эрүүл мэндэд ямар нэгэн заналхийлэл байхгүй байгаа бөгөөд тэднийг ундны ус, хоол хүнсээр хангасан гэж Оросын тал мэдэгдсэн байна.
Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Оросын хилчид Агнуурын тэнгист хууль бусаар загасчилж байсан Японы далбаа бүхий завийг саатуулжээ. ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Сахалин мужийг хариуцсан хил хамгаалахын газар хөлгийн баг зогсох шаардлагыг үл биелүүлж, зугтахыг оролдсон гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )