Төрийн цэргийн байгууллагын анхны эмэгтэй бөмбөрчин гэх онцгой намтартай, “Тэнгэр” хамтлагийнхаа урын санг баяжуулж, цэргийн хөгжмийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьж яваа шавилхан энэ бүсгүйг “Аврагчийн хөрөг”-төө урьлаа. ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын хөгжмийн салбарын аврагч-хөгжимчин, ахлах ахлагч С. Даваагарав (Даяанаа) бүсгүйн ертөнцөөр уншигч таныг аялуулж байна.
– Ярилцлагаа таны нэрнээс эхлэе гэж бодлоо. Даяанаа гэж урлагтаа зориулсан нэр тань гэж ойлгож байна. Өвөрмөц, элбэг тохиолдох нэр биш шүү дээ.
– Тийм ээ, хамтлагтаа зориулж, миний өөртөө өгсөн зохиомол нэр. Би өөрөө урлагийн хүн. Дуудах нэр маань ч сонсголонтой, содон сайхан нэр байвал гоё санагдаад /инээв/. Олны танил хүмүүс дундаас ч зохиомол нэртэй хүн байдаг шүү дээ. Жишээ нь дуучин Ука гэхээр хүн бүр мэддэг, таньдаг. Уламбаяр гэвэл бараг танихгүй байх. Даваагараваасаа илүү Даяанаа гэж дуудагддаг, бүр дасчихсан. Даяанаа нэрэндээ илүү “happy” байдаг.
– Амьд хөгжмийг жинхэнэ утгаар нь мэдрүүлдэг хөгжим бол бөмбөр. Тайзан дээр ч нэлээн эмоци шаарддаг хөгжим санагддаг. Ер нь бөмбөр тоглож байхдаа ямар мэдрэмж авдаг вэ?
– Хөгжмөө тоглож байх үедээ бөмбөртэйгээ амьд мэт харилцаа үүсгэж тэр харилцаанаасаа маш их аз жаргалыг мэдэрдэг. Тэр үед энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн болсон мэт санагддаг. Хэмжээлшгүй сайхан мэдрэмжийг өгдөг учраас өдөр бүр л ажлаа дурлан, дурлан хийдэг дээ. Хөгжмөө тоглож байхдаа тэс өөр ертөнцөд очсон юм шиг санагддаг. Миний хөгжим, урлаг надад аз жаргал хайрладаг. Тайз намайг эмоцитой, эрч хүчтэй, галтай, цогтой болгодог. Тэрнээс би амьдрал дээр жирийн, энгийн даруухан эмэгтэй. Сайн ээж, сайн хань, айлын сайн эзэгтэй, дүү нартаа сайн эгч нь байхыг л хүсдэг. Энгийн мөрөөдөлтэй, даруухан нэгэн.
–Яагаад ийм “эрэгтэйлэг” хөгжимд татагдав? Урлагийн ямар сургууль төгссөн бэ?
– МУБИС-ийг газарзүйн багш, аялал жуулчлалын менежерээр төгссөн. Урлагаас тэс өөр мэргэжил эзэмшсэн ч хөгжим, урлагт багаасаа сонирхолтой өссөн.
Бөмбөр хөгжмөөр өөрийгөө илүү нээж харуулж чадах юм шиг санагдсан. Санамсаргүй тохиолдлоор сүмд нэг эмэгтэй бөмбөр тоглож байхыг анх харсан юм. Үнэхээр үзэсгэлэнтэй харагдсан. Их гоё мэдрэмж төрж билээ. Түүнээс хойш бөмбөр хөгжим сурах, тоглох хүсэл сонирхол улам нэмэгдсэн дээ. Тэгээд 2010 онд анх бөмбөрийн сургалтад сууж байлаа.
– Онцгой байдлын албандаа ганц эмэгтэй бөмбөрчин нь гэдгийг мэднэ. Гэтэл төрийн цэргийн байгууллагуудад танаас өөр эмэгтэй бөмбөрчин байдаггүйг сонсоод танаар төдийгүй, мэргэжлээр нь ихэд бахархлаа…
– Танд маш их баярлалаа. Одоогоос долоон жилийн өмнө буюу 2014 онд Онцгой байдлын албандаа шинэхэн “сурагч” болж ирж байлаа. Өөрийн сонирхлоор хөгжмөө тоглоод л явдаг байсан. Цэргийн хөгжмийн ямар ч ойлголтгүй, цэргийн мэдлэггүй хүн анх орж байлаа.
Хамт олон маань намайг хөгжимчин болгож, цэргийн А үсгийг заасан даа. Албандаа ороод удаагүй байтал “Цэргийн хөгжмийн 100 жил”-ийн ойн баярын тэмцээн болж бүх цэргийн анги байгууллагуудын хөгжимчид оролцоход ганц эмэгтэй бөмбөрчин нь байсан. Албаныхаа нэр хүндийг гаргаж яваарай! маш их хариуцлага чамд байгаа шүү гэдгийг ойлгуулсан даа. Хамт олон, удирдлагууд маань үргэлж дэмжиж итгэл хүлээлгэдэг. Тийм ч учраас миний үүрэг хариуцлага улам өндөр болсон гэж хардаг. Цэргийн байгууллагад таван бөмбөртэй хөгжимчин байхгүй л байх. Манай захирагч, хурандаа Д.Намсрай намайг “таван бөмбөртэй Тансаг Даяанаа” гэж нэрлэдэг. Ер нь тэгээд алба хаагчийн амжилттай яваагийн нэг нууц нь ажлын байрны тав тух, материаллаг бааз, ажилтнаа ойлгож дэмждэг удирдлагууд байдаг юм байна. Хамт олондоо маш их талархаж явдаг даа. Цэргийн хөгжмийг хөгжүүлэх, бөмбөр хөгжмийг илүү олон залууст зааж сургахыг хүсдэг.
– Даяанаа таван бөмбөртэй юм уу?
– Анх намайг хөгжимчнөөр ороход хар өнгөтэй бөмбөрийн иж бүрдэл, бас нэг цахилгаан бөмбөр байсан. Энэ бөмбөртээ их хайртай. 2017.11.20 нд Аврах тусгай ангийн 50 жилийн ойн концерт UB паласт болсон доо. Ойн тоглолтдоо бэлтгэж хүн бүр хичээл зүтгэлээ гаргаж оролцсон. Нөхөртэйгээ нийлээд бөмбөртөө цагаан хуулга нааж, хүрээг нь будаад шинээс ялгаагүй болгож билээ. Тэгэхэд захирагч маань их сайшаасан. Шинэ юм нэхээд суух биш, хуучин зүйлээ ч тордоод өөд нь татаад аваад явж болдог юм байна гэдгийг ойлгож өөрөө ч их урам зориг авсан.
Түүний дараа 2018 онд ОХУ-ын Улаан Үд хотод хоёр улсын хамтарсан “Сарекс” дадлага сургуульд оролцохдоо нөгөө цагаан бөмбөрөө дахиад номин цэнхэр өнгөтэй болгож, одоо яг энэ өнгөөрөө байгаа. Ер нь хүн өөрт байгаа боломж, нөхцлийг ашиглах ёстой юм байна гэж бодсон. Хааяа ганцаараа хөгжмөө зөөх ч шаардлага гардаг. Хөгжимний утас, цангууд, хөл гээд зөөж авч явахад заримдаа хүндрэл гардгийг удирдлагууд маань анзаарсан юм шиг байгаа юм. Захирагч, штабын дарга хоёр маань “Ямаха”-гийн саатай цагаан бөмбөр ууттай нь шинээр авч өгч байсан. Авч явахад авсаархан, хөнгөхөн, жижиг бөмбөрөө гадуур аялан тоглолтоор явахдаа хэрэглэдэг.
– Бөмбөрүүд нь тус бүрдээ л өөр, өөрийн гэсэн онцлогтой байх даа. Хамгийн хүнд нь, хамгийн үнэтэй нь ч гэдэг юм уу?
– Хүнд, том оврын бөмбөрөөрөө ихэвчлэн ажил дээрээ тоглодог. Хамгийн хүнд бөмбөр гэхэд л 15-20 кг-ын даацтай. Хөл боонг хамгийн том нь, тэгээд л жижиг утас, цангууд, хөл нь дагалдана. Чанараасаа шалтгаалаад үнэ нь өөр байдаг. Одоо надад хоёр цахилгаан, хоёр амьд ком бөмбөр, нэг нь жижиг жимбий гээд гараараа цохьдог бөмбөр байдаг. Цахилгаан бөмбөр бол тог, цахилгаанд залгана, цохилтын чанга, сулыг тохируулна. Ком хөгжим нь цохилт нь даацтай сонсогддог, чимээ гаргаж тоглодог гээд онцлогтой л доо. Хөгжимтэйгөө амьтай юм шиг л харьцдаг. Хөгжмөө хамгаалж, арчилж, засварлана. Тэдэнтэйгээ “ярилцана” шүү дээ /инээв/
– Хүн бүрт л мөрөөдөл байдаг. Тэр тусмаа уран бүтээлч хүний мөрөөдөл, ирээдүйн зорилгыг сонирхмоор санагдлаа…
– Би мөрөөдөх дуртай. Урлаг гэдэг сэтгэл ханадаг зүйл биш. Тоглолтоос тоглолтод сайжирдаг, байнга шинийг эрэлхийлж, улам хөгжиж байдаг. Хамтлагийнхаа урын санг шинэ уран бүтээлээр баяжуулж, урлагаар дамжуулан Онцгой байдлын байгууллагаа олон түмэнд сурталчлахад хувь нэмрээ оруулахад хичээж, зүтгэх болно. Өөрийгөө улам хөгжүүлж, цаг үетэйгээ хөл нийлүүлж алхахын тулд хөдөлмөрлөх ёстой.
“Тэнгэр” хамтлаг маань бүх жанраар, бүх төрлийн, сонгодог төрлийн дуунуудыг албандаа зориулж гаргаж байна. Өөр олон шинэ дуунууд туурвиж гаргах мөрөөдөл байна.
Мэдээж, уран бүтээлч хүний хувьд албандаа, олонд танигдсан гоё уран бүтээлч болохыг мөрөөддөг шүү.
Бас нэг нууцхан мөрөөдөл бол алба хаагчдынхаа дунд ороод хүний амь нас аварч үзэхийг хүсдэг. Гамшгийн голомтод мөр зэрэгцээд үүрэг гүйцэтгэж үзэх юмсан гэсэн мөрөөдөл бий. Хэзээ нэг өдөр миний энэ мөрөөдөл биеллээ олох байх гэж итгэж явдаг даа. /инээв/
– Хаврын улиралд хүн бүр дуртай. Энэ улирал таныг хэрхэн “хөглөдөг” вэ?
– Бүх зүйл шинэ юм шиг л санагддаг. Өвс ногоо ургаж, мал, амьтан төллөж, байгаль дэлхий өнгө алаглан ургадаг шиг миний амьдралд ч дахин шинэ хуудсыг эргүүлж байгаа мэт төсөөллийг бий болгодог. Энэ утгаараа ч бидний яриагаар “Restart” буюу дахин шинэчлэлт хийх эрч хүчийг мэдэрдэг дээ.
– Гэр бүлээ танилцуулаач. Гэр бүлээрээ тангараг өргөсөн алба хаагч байх олон давуу талтай байх шүү?
– Тийм шүү. Ханийг маань Ц.Болдбаатар гэдэг. Үндэсний аврах бригадын Хөгжмийн салбарт хамт үүрэг гүйцэтгэж байгаа. Ахлах ахлагч цолтой. Угалзан бүрээ буюу валторна үлээдэг. 13 дахь жилдээ Онцгой байдлын албанд ажиллаж байна. Нөхөр маань үргэлж дэргэд маань түшиж, зааж, зөвлөж байдаг. Бид хоёр бүх л зүйлийг хамтдаа хийнэ. Өглөө хамт ажилдаа очно, хамт үүргээ гүйцэтгэнэ, хамт хоолонд орно, орой тараад хамт гэр лүүгээ явна. Заримдаа хүмүүс “та хоёр биенээсээ уйдахгүй байна уу. Байнга хамт байх юм” гэж асуудаг. Хариуд нь, улам л дасаад, дэргэдээс нь ч холдож чадахгүй байна л гэдэг. Тийм учраас ажил, алба маань бидний амьдралын бат бөх холбоос болдог. Нөгөөтэйгүүр хамт үүрэг гүйцэтгэхэд бие биендээ маш их түшиг тулгуур болдог шүү. Бид хоёр охинтой. Өөрөөсөө бүхэл бүтэн өөр ертөнцийг ургуулж, тэр хүнийхээ хувьд хамгийн эрхэм нандин, хамгийн хайртай хүн болсон гэж бодохоор л улам илүү их хичээх хэрэгтэй юм шиг санагддаг. Анх ээж болоод “энэ л хүний төлөө бүх амьдралаа зориулна” гэж бодогдсон. Охид маань бидний хамгийн тансаг гоёл.
– Өөрөө эх хүн болсон тэр үеэс ээжийнхээ хайрыг илүү ихээр ойлгодог шүү дээ. Ээжийгээ хамгийн их баярлуулсан дурсамжаа эргэн дурсвал?
– Өөрийнхөө 20 насны төрсөн өдрөөр буюу 2011 онд ээжийгээ баярлуулж байсан үе маань хамгийн тод байна. Тэр үед “Намайг төрүүлж өсгөсөн тандаа маш их баярлалаа. Хайртай шүү ээжээ. Ачийг тань хариулахыг хичээнэ ээ” гэж хэлээд ээжтэйгээ хамт уйлж байснаа санадаг юм. Тэнгэрээс үр хүүхэд биднийгээ хамгаалж, өдий зэрэгтэй яваад минь баярлаж байгаа гэж итгэдэг. Хоёр дүүгээ хүний дайтай хүн болгож өсгөх үүргээ охин нь биелүүлэхийн төлөө хичээж байгаа шүү гэж хэлмээр санагддаг. Амьдралын төлөө ачааг минь хөнгөлж, хамтдаа тэмүүлж байгаа ханьдаа талархаж явдаг даа.
– Таныхаар гэр бүлийн үнэ цэнэ юундаа оршдог вэ?
– Эхнэр, нөхрийн харилцаа бат бэх байж, бие биедээ итгэх итгэлцэл дээр гэр бүлийн үнэ цэнэ оршино гэж ойлгодог. Бидний аль нэг нь сэтгэл тавгүй үед ээж шиг нь аргадаж, найз шиг нь ярилцаж, аав шиг нь зөвлөж хамтдаа асуудлуудаа шийддэг. Мэдээж эхнэр хүн, айлын эзэгтэй хүний үндсэн үүрэг эр нөхөр, үр хүүхдүүдээ хайрлаж халамжлах. Ер нь эмэгтэй хүний үүрэг барагддаггүй гэдгийг мэдрээд л байгаа. Тэр хэмжээгээрээ чадвар, ухаан шаарддаг гэх үү дээ. Энэ үүргээ аль болох алдагдуулахгүйн тулд ядарсан ч ядраагүй мэт, өвдсөн ч өвдөөгүй мэт биелүүлдэг. Хариуд нь хэмжээлшгүй их хайр, аз жаргал ирдэг болохоор тэр шүү дээ.
– Охиддоо мэргэжлээ өвлүүлэх тал дээр ямар бодолтой явдаг вэ, урлагт хайртай биз?
-Том охиноо ес, бага охиноо найман сар хүртэл нь “том гэдэстэй” тоглолтонд оролцдог байсан. Хүн бүр л танай хүүхдүүд ээжийгээ дуурайгаад бөмбөрчин болох байх аа гэж ярьдаг. Анзаараад байхад манай охид дуулж, бүжиглэх их дуртай. Хоёр ширхэг савх барьчихаад аяга, тогоо нүдээд “тань шиг бөмбөр тоглож байна” гэдэг юм. Урлагт хайртай гэдэг нь харагдаад л байгаа. Урлаг хүнийг хүмүүжүүлдэг. Охидуудаа урлагаас холдуулахгүйгээр ямар нэг хөгжим тоглож сургах эсвэл бүжгийн ч юмуу дуртай дугуйланд нь хамруулна гэж боддог доо.
Үр хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж, хүсэл мөрөөдлийг нь үргэлж дэмжиж, хайраар дутаахгүй юмсан гэж боддог. Мөн үр хүүхдүүд минь сайн сайхан, амар амгалан амьдраасай л гэж залбирч явдаг даа.
– Урын сан, уран бүтээлийнхээ талаар хуучлаач?
– Үүрэг гүйцэтгэх хугацаандаа үлээвэр хөгжим болон цахилгаан хөгжмийн “Тэнгэр” хамтлагтайгаа нийт 700 гаруй тоглолтод оролцсон. Төв, орон нутагт албаа сурталчилж, уран бүтээлээ толилуулахаас гадна “Говийн чоно”, “Sarex” зэрэг олон улсын сургалт дадлагууд, ОХУ-ын Улаан-Үд, Ангарск , Иркутск хотуудад болсон Ялалтын баярт оролцсон томоохон тоглолтуудыг дурдаж болно. Оролцсон бүх тоглолтууд маань Онцгой байдлын албаа сурталчлах нэг л зорилготой. Хаана ч тоглолт хийсэн Онцгой байдлаараа овоглож явдаг нь миний хамгийн том бахархал. Эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгийг ямар ч нөхцөлгүйгээр өөрийнхөө амийг үл хайхран авран хамгаална гэдэг бол баатруудын ажил. Тиймдээ ч би Онцгой байдлын алба хаагчдаа “Даруухан баатрууд” гэж нэрлэх дуртай. Ийм сайхан хүмүүсийн ажил, албыг сурталчлаад олон түмэнд таниулахад жаахан ч гэсэн хувь нэмэр оруулж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг.
Арван жилд байхын л хичээлээсээ хоцрохоос “үхтэлээ” айдаг байлаа. Энэ нь хариуцлагатай ажиллахын суурь болсон гэж боддог. Албаны маань онцлог төдийгүй урлаг маань ч биднээс хариуцлага, сахилга бат, дэг журамтай байхыг шаарддаг.
– Урлагаар дамжуулж Онцгой байдлын байгууллагаа сурталчлахад хувь нэмрээ оруулж яваа таны цаашдын уран бүтээлд амжилт хүсч, ярилцлагаа өндөрлөе ?
– “Онцгой мэдээ” сонины нийт уншигч албаныхаа алба хаагчдадаа ажлын өндөр амжилт хүсье. Мөрөөдлийнхөө төлөө, амьдралын утга учир болсон үр хүүхдийнхээ төлөө хичээж байгаа зүтгэл бүр шагнагддаг юм шүү гэж хэлмээр байна. Амьдрал баян шүү дээ. Алдлаа гэж шантрах хэрэггүй, засаж залруулаад тэмүүлээд байгаарай “Даруухан баатрууд” минь гэж хэлмээр байна.
Эх сурвалж: Онцгой мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )