Энэтхэгт коронавирусний “Дельта +” хувилбар бий болжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 21

Энэтхэгийн Махараштра мужид “Дельта нэмэх" (B.1.617.2.1) нэршил авсан коронавирусний шинэ мутацаар халдварласан 20 тохиолдол бүртгэгджээ.

“Дельта нэмэх” хувилбар Нави Мумбаи, Палгар, Ратнагири хотод илэрсэн ба сорьцуудын шинжилгээний хариуг хүлээж байна гэж Эрүүл мэндийн боловсрол, судалгааны газрын тэргүүн Т.П.Лахан мэдэгджээ.

Ратнагири боомт хотод шинэ омгийн халдварын таван тохиолдол бүртгэгдсэнээс хоёрт нь ямар ч шинж тэмдэг илрээгүй байна. Шинэ мутац тархахаас сэргийлэх зорилгоор орон нутгийн эрх баригчид шинэ мутац илэрсэн бүсийг тусгаарлаад байна.

Халдвар судлаачдын хэлснээр, шинэ дэд төрөл уурагт K417N мутац бий болсноороо ялгаатай. Энэ мутац нь халдвар аваад эдгэрсэн болон вакцин хийлгэсэн хүмүүсийн эсрэг биетийн идэвхжлийг бууруулах чадвартай гэнэ.

Энэтхэг улс коронавирусний халдварын тархалтаар дэлхийд хоёрт бичигдэж байна. Тус улсад халдварын нийт 29.8 сая гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 386 мянга гаруй хүн нас баржээ. Одоогийн байдлаар, 729 мянга гаруй хүн эмчилгээ хийлгэж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top