Анх Энэтхэг улсад өнгөрсөн оны аравдугаар сард бүртгэгдсэн коронавирусний “Дельта” омог дэлхийн 92 улсад тархаад байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Онцгой өвчлөлийн салбарын техникийн бүлгийн тэргүүн Мариа Ван Керкхове мэдэгджээ. Түүний хэлснээр энэхүү хувилбар маш хурдацтай тархаж буй нь ДЭМБ-ын сэтгэлийн түгшээж байна.
Өдгөө дэлхий дахинд хэрэглэгдэж буй коронавирусний эсрэг бүхий л вакцин бүрэн тунг нь хийсэн тохиолдолд “Дельта” хувилбараас хамгаална гэж тэрбээр онцолсон байна. Вакцинууд “Дельта” болон коронавирусний бусад хувилбарын халдварын хүнд хэлбэр, нас баралтын эсрэг үр дүнтэй гэж Керкхове тодруулжээ. Ингэхдээ вакцины бүрэн буюу хоёр тунг хийлгэсэн байх ёстой гэж тэрбээр анхааруулсан байна.
ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесусийн мэдээлснээр, дэлхий дахинд коронавирусний халдвар найм дахь долоо хоног, нас баралт долоо дахь долоо хоногтоо буурч байна. Хэдийгээр энэ нь сайн мэдээ ч шинэ тохиолдол болон нас баралтын төвшин дэлхийн хэмжээнд өндөр хэвээр байна.
Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд нийт 2.5 сая хүн шинээр халдвар авсан бол 64 мянга гаруй хүн халдварын улмаас энджээ. Өөрөөр хэлбэл, нэг минут тутамд 250 хүн халдвар авч, зургаан хүн нас барж байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий дахинд халдварын нийт 178 571 087 тохиолдол бүртгэгдэж, 116 514 193 хүн эдгэрсэн бол 3 868 797 хүн амиа алдаад байна. КОВИД-19 дэлхийн 195 оронд бүртгэгджээ. Халдварын тоогоор АНУ 33 541 984, Энэтхэг 29 935 221, Бразил 7 927 928, Франц 5 819 088, Турк 5 370 299 тохиолдлоор тэргүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )