БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагууд КОВИД-19 халдварын эсрэг вакцин хийлгэсний улмаас нас барсан анхны тохиолдлын талаар албан ёсоор мэдээлжээ. Талийгаач “AstraZeneca” вакцин хийлгэсний дараа цус алдаж, нас баржээ.
БНСУ-ын Вакцинжуулалтыг дэмжих, хариу үйлдлийн бүлгийн сөрөг нөлөөг судлах багийн ахлагч Пак Ён Жуны мэдээлснээр, 30 настай эрэгтэй лхагва гарагт цус алдалтын хам шинж оноштой нас баржээ. Тэрээр тавдугаар сарын 27-нд вакцин хийлгэжээ. Түүнээс хойш ес хоногийн дараа толгой нь хүчтэй өвдөж, дотор нь муухайрах шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хүргэгдсэн байна.
Энэ нь БНСУ нас баралт вакцинжуулалттай холбоотой болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн анхны тохиолдол юм. Одоогийн байдлаар, тус улсад вакцинтай холбоотой байх магадлалтай 224 нас баралт бүртгэгдээд байна. Эдгээрээс 210 тохиолдлыг вакцинтай холбоогүй гэж үзэж байгаа бол 13-т нь нэмэлт шинжилгээ, судалгаа шаардлагатай гэнэ.
БНСУ өнгөрсөн дөрөвдүгээр сарын дунд үеэс эхлэн “AstraZeneca” вакциныг 30-аас дээш насны хүн амд санал болгож байгаа бөгөөд саяхан тус улсын эрх баригчид 30-аас доош насныханд хэрэглэж эхэлнэ гэж мэдэгдсэн юм. Тус улс одоогийн байдлаар хүн амынхаа 7.9 хувийг вакцинжуулаад байгаагаас 29.2 хувь нь эхний тунгаа хийлгээд байна. Тус улсад “AstraZeneca”, “Pfizer” болон “Janssen” вакциныг хэрэглэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )