ДЭМБ: “Дельта” хувилбар дэлхийн 111 улсад бүртгэгдэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 14

Коронавирусний бусад хувилбараас өндөр халдвартай гэдгээрээ түгшээж буй “Дельта” омог энэ сарын 6-13-ны хооронд долоон улсад нэмж бүртгэгдсэнээр нийт 111 улс оронд тархаад байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.

SARS-CoV-2 вирус хувьсан өөрчлөгдсөөр байна. Вирусний “Дельта” хувилбар сүүлийн хоёрхон сарын дотор 111 улсад тархсан ба ойрын саруудад дэлхий дээр давамгайлсан хувилбар болох нь тодорхой байна гэж ДЭМБ-ын мэдэгдэлд онцолжээ.

Энэхүү омог цаашид тархсанаар халдвар нэмэгдэж, ялангуяа, вакцинжуулалт муу байгаа улс орнуудын эрүүл мэндийн салбарт илүү их ачаалал өгөх магадлал өндөр байна. Долоон хоногийн өмнө “Дельта” омог 104 оронд бүртгэгдэж байсан бол хоёр долоо хоногийн өмнө 96 тархаад байжээ.

Өөрөөр хэлбэл энэ омог дэлхийн ихэнх улс оронд түгээд байна. Энэтхэгээс гадна энэ хувилбар ОХУ, Их Британи, Япон, Герман, Испани, Грек, Турк, Франц, Индонез, Таиланд, Израил, Бразил, Өмнөд Африкт илрээд байгаа бол Хятад улсад бүртгэгдсэн тухай мэдээллийг ДЭМБ албан бус эх сурвалжаас авчээ. Дельта хувилбар үлдсэн 85 улс оронд тархсан эсэх талаарх мэдээлэл хараахан аваагүй байна гэж ДЭМБ тодруулсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top