Уншигч танд Киданы үе хамаарах оршуулга, архелогийн олдворын талаарх ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс өгсөн мэдээллийг хүргэе.
БАЯН-ӨНДӨРИЙН ХАДНЫ ОРШУУЛГА
(Киданы үе)
2008 оны 06 сард ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаач Д.Батсүх, Т.Батбаяр нар “Монгол Алтай судлалын хүрээлэн”-гээс хэрэгжүүлсэн “Монгол Алтайн баруун хэсгийн түүх, археологийн дурсгалууд-II: Ховд аймаг” төслийн шугамаар Ховд аймгийн Дуут, Манхан, Мөнххайрхан, Булган сумдын нутагт археологийн хайгуулыг хийж гурван хадны оршуулгын мэдээг газар дээр нь шалган малтлагын ажлыг гүйцэтгэжээ.
Булган сумын Баянгол багийн иргэн Пагмын Сундуйжав 2005 оны 11 сард Булган ууланд ан хийж яваад нэгэн агуйд оршуулга байсныг анх олж илрүүлэн тус судалгааны багийнханд мэдэгдсэнээр тэд газар дээр нь очсон байна. Булган сумын төвөөс баруун хойд зүгт 10,5 км зайд Баян-Өндөр уулын агуй нь оршино.
Баян-Өндөр уул нь Булган уулын нэгэн салбар уул бөгөөд оршуулга буй агуй нь тус уулын зүүн талын энгэрт бий. Агуйн ам зүүн зүгт харсан 5,5 м урт, 3,8×5 м өргөн амсартай, төв хэсэгтээ 2,15 м өргөн, мухарт 50-65 см өргөн, агуйн төвд адраас шал хүртэл 90-100 см өндөр хэмжээтэй нэг хонгил бөгөөд үүдэн хэсгээрээ уужим тул хүн бөхийж явах бололцоотой боловч мухар руугаа нарийссан тогтоцтой.Энэхүү агуйд уулын бэлээс 170 орчим метр өгсөн явж хүрнэ. Уг агуйд очиход булшийг анх хөндсөн хүний хэлснээр, агуй дотор байсан модон авсыг хөндөж хүний яс болон эд өлгийн зүйлсийг нь гаргаж хаян агуйн төвд гүн нүх ухсан байв. Азаар модон авс бараг эвдэрч гэмтээгүй байдалтай агуйн баруун ханын дагуу, ухсан нүхэн дотор байх төдийгүй түүний дэргэд урьд хүн үзээд агуйн үүдэнд хүний хоёр гавалтай хамт тавьсан гэдэг модон аяга, таваг, үүдэнд хүрзний модон толгой зэрэг зүйлс ил харагдаж байжээ.
Харин агуйн үүдэнд аяга, тавагтай хамт тавьсан гэдэг хүний толгойн хоёр яс алга болсон байжээ. Уг агуй нь хэц хясаатай газарт байх тул тэдгээр нь амьтны хөлөөр гадагшилж, доош унан үгүй болсон бололтой. Агуйн үүднээс гадагш 2×4 м талбайд авсны өгөршиж гандсан нимгэн хавтгай хэдэн мод, хүн ба амьтны элдэв яснууд хөглөрсөн байв. Агуйн гадна болон дотор талд ил байх эд өлгийн зүйлс болон хүн ба амьтны яс зэргийн тодорхойлолт үйлдэж гэрэл зураг авч баримтжуулан, агуйн үүдэнд овоорсон өтөг, шороог бүх талбайгаар нь малтаж шалгахад хүний бугалга, шуу, хавирга, тойг, шүд, хөл гарын сарвууны яснууд болон бог малын шийр, толгойн яс, гутлын ширэн улны хэсэг, хуйларч бөөгнөрсөн ногоон, улаан өнгийн торгоны жижиг тасархайнууд, мөн хуйларч бөөгнөрсөн даавууны жижиг тасархайнууд, задгай амтай хүрэл цагариг, үйлийн бололтой жижиг төмөр хутга, төмөр арал зэрэг зүйлсийг илрүүлсэн.
Агуйн үүдийг шалгаж үзсэний дараа агуй доторх авсыг авч, авс байсан 360 см урт, 80-100 см өргөн, 40-50 см өндөр хана үүссэн нүхийг нарийвчлан шалгаж үзэхэд толгойн бүтэн яс, шилбэ, хавирга зэрэг хүний яснууд, түүнчлэн амьтан буюу бог малын бололтой чөмөг, хавирга, хүзүүний яснууд, модон бариултай төмөр шөвөг зэрэг эд өлгийн зүйл, нарийхан бургас мод их хэмжээгээр гарсан нь авсыг ороож мөн авсны доор дэвсэж байсан бололтой байжээ. Тус булшны палеоантропологийн хэрэглэгдэхүүнийг судлан үзэхэд энд насанд хүрсэн нэг хүн, хоёр хүүхдийг хамтад нь оршуулсан байжээ.
Насанд хүрсэн хүний гавал болон их биеийн яснуудын дийлэнх нь байсан бол хоёр хүүхдийн яснаас зарим үе мөчний яс л үлдэж ихэнх нь үрэгдэж алга болсон байв. Хүний ясны хэмжилтийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан антропологич Ц.Амгалантөгс хийж тодорхойлжээ.
Тэдгээр бодгалийг А, Б, В гэж дугаарлан тодорхойлбол:
А) Толгой, доод эрүүний хамт, бугалга хосоороо, баруун дал, баруун сүүж, ууцны яс, баруун эгэм, шилбэ, дунд чөмөг, бүдүүн ба нарийн шилбэ, зүүн талын тойг, нурууны 4 нугалам, аман хүзүү, хатан хүзүү зэрэг яснууд судалгаанд хамрагдлаа. Ясны байдлаар 35-40 орчим насны, 156,7 см өндөр нуруутай эрэгтэй хүн болох нь тогтоогдов.
Б) Бага насны хүүхдийн бүдүүн, нарийн шилбэний яс судалгаанд хамрагдсан ба бусад яс байхгүй болсон байна. Өндрийг тодорхойлох боломжгүй ба ясны өсөлт болон эпифази заадлаас үзэхэд 0-3 (?) орчим насны хүүхэд бололтой.
В) Эрүү, зүүн талын бугалга, баруун талын далны яс, хөл болон гарын үений яснууд л судалгаанд хамрагдсан юм. Ясны байдлаас нь 5-8 орчим насны хүүхдийнх болно.
Герман улсад хийлгэсэн модон хүрзний дээжийн радиокарбоны шинжилгээгээр тус оршуулга нь НТ 980-1130 он (2 сигма калибровк хийхэд) буюу Киданы үед холбогдох нь тодорхой болсон байна.
Энэ оршуулга нь хэдийгээр нэлээд их хэмжээгээр хөндөгдөж анхны унаган байдлаа aлдсан боловч Киданы үеийн монгол нүүдэлчдийн оршуулгын соёлыг судлах, модон эдлэлийн урлагийг нээн харах боломжийг олгох ач холбогдолтой дурсгал болно.
Ашигласан ном зохиол C.Törbat, D.Batsüch und T.Batbajar. Das Felsgrab aus Bajan-Öndör, Bulgan sum, Chovd aimag. – in: Jan Bemmann (Hrsg.). Steppenkrieger: Reiternomaden des 7.-14. Jahrhunderts aus der Mongolei. Darmstadt: Primus Verlag, 2012, pp. 315-318. Д.Батсүх, Т.Батбаяр. Баян-Өндөрийн хадны оршуулга. –Талын морьтон дайчдын өв соёл: VII-XIV зууны Монголын хадны оршуулгын шилмэл хэрэглэгдэхүүн. // – Редактор Ц.Төрбат, У.Эрдэнэбат. УБ., 2014, тал 256-266. Д.Батсүх. Пазырыкын соёлын булш. // Монголын эртний булш оршуулга. III боть. – Монголын археологийн өв. Цуврал зурагт цомог. − УБ., 2016, 130-139. Д.Батсүх. Монголын Пазырыкийн булшнууд. // – Монгол Алтайн мөнх цэвдгийн булш. Монголын Пазырыкийн соёл. − Үзэсгэлэнгийн каталоги. Die Pazyryk Gredben in der Mongolei // − Eiskurgan des Mongolischen Altaj. Pazyryk cultur der Mongolei. – Ausstellungskatalog. − УБ., 2016, тал 95-104.
Сэтгэгдэл ( 0 )