“Аврагчийн алдар” цогцолборт хөшөө болгон мөнхөлж, мөнхийн зогсоолд байршууллаа

2021 оны 08 сарын 26

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний санаачлагаар Дархан хотын түүхт 60 жилийн ой, Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн “Аврагчийн алдар” цогцолборт гал унтраах тусгай зориулалтын ЗИЛ-130 автомашиныг байршуулан мөнхөлж, нээлтийн ажиллагааг зохион байгууллаа.

Тус автомашиныг албанд 30 гаруй жил ашигласан бөгөөд энэ хугацаанд нийт 3870 удаагийн гал түймрийн дуудлагад ажилласан билээ.

Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан оролцсон бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ “Иргэдийн аюулгүй амьдралын төлөө ашиглагдаж, гал, түймэр унтраах үйл ажиллагааны түүх болон мөнхөрсөн энэхүү автомашиныг аймгийнхаа 60 жилийн ойг угтан цэцэрлэгт хүрээлэнд байршуулж, хүүхэд залууст сонирхон үзэх боломжийг олгож, цаашид энэ албанд ажиллах, энэ албаар бахархах сэдлийг өгч бүтээн байгуулалтын ажилд идэвхи санаачлагатай оролцож байгаа танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье” хэмээн онцолсон юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top