Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 66 дугаар бүлэг

Админ | Zindaa.mn
2021 оны 09 сарын 13

Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

СҮН ЖЯН ОЛОН ЦЭРГИЙГ ИХЭД ШАГНАВ

ГУАНЬ ШЭН ГАЛ УСНЫ ХОЁР БААТРЫГ ХУРААВ

Өгүүлэх нь: Лян Жуншү, Личэн, Вэньда нар үлдсэн цэргээ аваад өмнө зүг явж байтал, нэг хэсэг замын хөндөлдсөн цэрэг тохиолдмогц, Личэн, Вэньда нар хүчлэн байлдаж, Лян Жуншүг хамгаалан нэвтэрч гараад, баруун зүг дутаав. Фань Руй, Сян Чүн нар хойноос нэхэвч, мөн барьж чадсангүй. Мү Чүнь, Лэй Хэн, Ши Энь нар лугаа тохиолдож, Дамин Фү хотноо оров. Ү Юн хотын дотор дахин орж, иргэд, олон цэргээр галыг сөнөөж, Лян Жуншүгийн гэрийн дотор орж, алт мөнгө эд барааг талж аваад, Ван Тайшоу, Личэн, Вэньда нарын буй бүхүй юмыг бүрнээ авч, бас тариа цалингийн санг нээж, алт мөнгөн эдлэл олон зүйлийн торго, бараа юмыг цөлбөн авч, олон тэргэнд ачиж аваад, сүүлд галыг унтраав. Хотын доторхи хэргийг дуусч, тэндээс өөрийн хуарандаа буцаж ирээд, нэг өдөр турш сул сууж, олсон цэрэг, морь, мөнгө, юмыг ажиглан, Линү, Зяши эр эм хоёрыг төмөр тэргэнд суулгаж, Ляншаний олон жанжин цэрэг Дамин Фү хотын дайлсан ёсоор туг хийсгэж, цэргийн ард морин дээрээ дуу дуулж ууландаа буцав. Дай Зүн урьдаар очиж, Сүн Жян д мэдүүлэв. Сүн Жян даруй уулнаас бууж, олныг авч тосов. Уулын бэлд хүрч бүгдээр уулзан баярлалдаж, цөм уул давж хүрээлэнд орж, Жун И Тан танхимд зэрэг дэвээр сууж, Дамин Фү хотыг яахин авсан явдлыг нэгэн зэрэг хэлэлцэж.

Лү Жюнь И орж ирээд Сүгзянд ёсолсонд Сүн Жян тосон урагш очиж мөргөн өгүүлрүүн: - Өчүүхэн би энэ өдөр Юаньвэй лугаа уулзсан нь түмэн баяр болой хэмээсэнд Лү Жюнь И яаран хариу мөргөж ёслон өгүүлрүүн: - Үхэж барсан яс намайг өршөөлт Гүнмин дүү гяндангаас амийг авран гаргасан их ач. Уул мэт хүнд өршөөлийг ядмаг Лү Жюнь И би насан үргэлж марталгүй санаж, морь нохой мэт зүтгэн ач хариулна хэмээсэнд Сүн Жян инээх царайгаар өгүүлрүүн: - Дүү би энэ ууланд олон нөхдийн тэргүүн хэмээн сууж хэдэн жил болов. Одоо жил ирэх бүр хүн олширч, хэрэг хүнд тул, тусгайлан ахыг залж ирсэн учир болбоос, дүү би тэргүүн суурийг дуртайяа ахад шилжүүлэн өгч, дүү миний төлөөнөө олныг захирч, хэрэг зүйлийг дуусгаж өгөхийг гуйсугай хэмээсэнд Лү Жюнь И өгүүлрүүн: - Хувь дорой хүн надад тэргүүн суурь эзлэх буян хаанаас буй. Энд хөгшин бие үхэх хүртэл өршөөлд багтаж, алба идэж өмсч, насыг барваас нь дээд болой. Нэг цэргийн хишиг хүртээж будаа идүүлбээс зузаан хишиг болмуй хэмээсэнд Ли Күй хажуугаас бархиран өгүүлрүүн: - Энэ ууланд Сүн ах тэргүүн болсон нь тэнгэрээс зохиосон хэрэг. Хэн хүнд түлхэж болох бус. Мөн хэвээр сууваас зохимуй. Гэнэт хэлж болохгүй хэмээсэнд Ү Юн өгүүлрүүн: - Лү Жюнь И шударга томоотой хэмээн нэр алдаршсан хүмүүн. Бас ухаан бодлого нь ахаас дутуу бус. Энэ хэрэгт чи би хэмээн түлхэх явдалгүй. Энэ өдрөөс хойшид аливаа их бага хэрэг зүйлийг хоёул зөвлөн шийтгэвээс зохимуй хэмээсэнд Лү Жюнь И дахин түлхэж болохгүй тул, аргагүй хүлээн авав. Бас Дамин Фү хотын гяндангийн дарга Цай овгийн ах дүү хоёр ирж Сүн Жян д ёсолсонд, Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм хоёр дарга манай Ши Сю, Лү Жюнь И хоёрыг хяхаж зовооход хүргүүлсэнгүй, сайн хоол унд өгч үнэн санаагаар асарч байсан ба бас манай олон нөхөд лугаа хүч хавсран нааш тавин илгээсэн нь их л ачтай болсон .Эдүгээ танай хоёр манай уулыг голсонгүй, гэрийн хөгшин залуу бүгдийг авчирсан тул, энд оршиж өвс бордооны хэргийг хавсран, бусад дарга лугаа нийлж үйлдэх явдлыг бүтээж байсугай хэмээсэнд, тэр хоёр ихэд баясан хишигт мөргөв. Нэг цэргийн тэргүүн ирж Сүн Жян д мэдүүлрүүн: - Дамин Фү хотоос авчирсан эр эм хоёрыг яахыг лавламуй? хэмээсэнд Сүн Жян тэр хоёрыг төмөр тэргээс гаргаж авчруулан, дээлийг тайлж их танхимын хоёр хажуугийн баганаас хүлж, Лү Жюнь Ид өгүүлрүүн: - Энэ зальхай эр эм хоёрыг ах та мэдэж шийтгэгтүн хэмээсэнд Лү Жюнь И өшөөт хүмүүнийг үзээд, даруй нэг богино сэлмийг барьж, тэр хоёрын дэргэд ирээд сүрхий дуугаар зандран, нүд бүлтийлгэн хараан өгүүлрүүн: - Ачийг тэрсэлсэн адгуус та хоёр, энэ цаг бас хэлэх үг байна уу? хэмээсэнд тэр хоёр алахыг хүлээн нүдээ аньж үг дуугүй зогсов. Лү Жюнь И тэр хоёрыг сэлмээр нэг нэгээр цавчиж, толгойг газар унагав.

Тэндээс Сүн Жян олон жанжин цэргийн дарга, гурван замын усан цэрэг болон хол ойрын харуул, ам сүвийг цагдсан олон цагдаа мэдээг бүгдийг ир хэмээн дуудаж, бас дараагаар гурван хоног найрлаж, их хурим бэлтгүүлж, тэр өдөр өнгөрч, маргааш нь Жун И Тан, Жү И Тан хоёр их гэрт хамаг жанжин цэргийн тэргүүн нарыг суулгаж, олон ширээ бэлтгэж, хонь үхэр, араатан жигүүртний мах загас, элдэв зүйлийн ногоо, нарийн жимс, олон янзын архи дарс тэргүүтнийг асар их тавьж, олон цэргүүдийг өөрийн гэрт нь нэгэн адил ширээ засуулж, дээр доорын ялгал үгүй гурван өдөр маш ихэд хуримлан жаргаж. Дамин Фү хотоос талж авчирсан алт мөнгө, торго тариа тэргүүтнийг жанжнаас дорогш олон дарга цэргүүдэд хөхүүлэн тархааж шагнасанд, хүн бүр их баярлан, Сүн Жянийг ихэд өршөөлт эзэн хэмээн олноор магтан сайшаан мөргөсөнд Сүн Жян олон цэрэгт өгүүлрүүн: - Та бүхэн хуурай зам ба усан замын цэрэг бүгдээр өөр өөрийн оноосон хүлээсэн албыг цаг үргэлжид сайнаар цагдан сэргийлж байгтун. Ялангуяа онгоц, зэвсэг, нум сумыг ямагт засацгаан сэлбэж, өдөр шөнөд хол ойрын харуулыг ер осолдол үгүй хичээн санаа болгоомжлон харж үзэж байтугай. Сайныг бодож энэ өдөр хөхиүлсэн нь хожим цаазыг зөрчин осолдвоос мөн ёсыг дагуулан шийтгэмүй. Ер уучлан хэлтрүүлэхгүй. Тус тусдаа сонсож мэдээд, өчүүхэн ч бүү осолдогтун хэмээсэнд олон бүхнээр “Цаазлан сургаж тушаасныг хичээн дагая хэмээн бүгдээр мөргөөд, тус тусын дааж сахих хэрэгтээ одов. Ү Юн сяньшэн нэг даргад тушаан их танхимын хажуугийн гэрийг сайтар ариун цэвэр засаж, дэвсгэрүүдийг бүрнээ зөөлөн торгоор үйлдүүлж, Лү Жюнь Иг суулгав. Лян Шань уулын олон бүгдээр хэрэг үгүй, сул найрлан сууж өдөр өнгөрүүлэхийг үл өгүүлмүү.

Өгүүлэх нь: Тэр өдөр Лян Жуншү сайд цэрэгт хэлмэгдэж, дутаан явж Личэн, Вэньда хоёрыг олж, арай хэмээн явж Дамин Фү хотын гадна үлдсэн цөөхөн цэргийг хураан авч хотод орж ирээд, өөрийн яамандаа бууж үзвээс гэрийн олон хүн амаас есөн хувь нь үхэж, айн дутаан оргож, алт мөнгө, эд агуурс нь бага төдий үлдсэнгүй хувируулан хоосон болжихуй. Хойд цэцэрлэгийн хүрээлэнд очвоос, хатан нь боомилон нөгчижүхүй. Лян Жуншү үзээд ихэд гасалж газар дэвсэн уйлав. Личэн, Вэньда нар гэртээ харьж үзвээс хадгалсан цэргийн цалин, торго, мөнгө, олон уналга морь, луус, авдар сав, аль өнгөтэй эд таваар хэрэглэлийг бүрнээ цөлбөн арилгажухуй. Хотын дотор хадгалсан зуун жил хэрэглэж хүрэх цэргийн тариаг мөн авчухуй. Зэр зэвсэг, хуяг дуулга үгүй болсон нь тоолохуйяа бэрх. Ихээхэн худалдааны пүүс, баялаг ноёдын гэрийг бүрэлгэн, аливаа юмыг булаан дээрэмдэн авсан нь мөн буй. Гянданы ялтан нэг ч хүн үгүй. Хотын хэрэм хаалгыг эвдсэн ба сүм, яам, асар, тагтанд гал тавьж бүрэлгэсэн нь хэдэн зуун түм лангийн сүйтгэл болжихуй. Эдгээр учрыг тодорхойлон бичиж, нэг хувь Дунжин хотын Цай Тайшоуд илгээж, бас айлтгал бичиж хаанд айлтгав. Дунжин хотын эрхийг барьсан их сайд Цай Тайшоу нэг өдөр өөрийн яамандаа сууж байтал, үүдэч хүн нэгэн боодол түргэн чухал хэргийн бичиг авчирсанд Цай Тайшоу тэр бичгийг нээж үзээд, учрыг мэдэж, ирсэн хүнд хариу бичиг өгч хойш буцаагаад, маргааш нь төрийн чуулганд бараалхсанд, олон жургаан яамны сайдууд Лян Жуншүгийн газраас айлтгасан нугалбарыг үзэж, бүгдээр Ляншаний урвасан хулгай нарыг яаваас арилгамуй. Жил удсаны хойно Сүн улсын төрд ихэд харшилж, газар орныг булаан дээрэмдэж, иргэн амар байхад бэрх болжихуй хэмээн хэлэлцэж байхыг Цай Тайшоу сонсоод, өврөөс сайхь хэргийн тухай ирсэн бичгийг гаргаж, олон сайдуудад үзүүлсэнд, уг айлтгалаас өөр үгүй тул, бичиг цэргийн олноор зөвлөж, нугалбар бичгийг авч, шадар агч тайганаар уламжлан эзэн хаанд айлтгасанд, олон түшмэдийг бүгдээр бараалхагтун хэмээн зарлиг буулгасанд, бүгдээр хааны их ордонд орж ёслон мөргөж, хоёр этгээдэд жагсан зогсож, тэргүүн сайд бичгийг хааны мутрын доорхи ширээн дээр дэлгэж тавьсанд, хаан бичгийг үзэж зовнисон царайгаар өгүүлрүүн: - Мөхөс хүмүүн суурийг эзэлж, засгийг явуулан, дэлхий дахин амгалан байсан билээ. Энэ Лян Шань уулын урвасан хулгай нар байн байн хэрэм хязгаарыг халдан ирж, дээрэмдэн, хэрэг үүсгэсэн нь хэдэн удаа болов. Үүнийг эртхэн сөнөөж эс арилгаваас их зовлон үүдэх тул, олон сайд санаачлан зөвлөж, муу хулгайн үндэс таслах аргыг хэлэлцэж айлтга хэмээн зарлиг болсонд, олон сайд цөм зарлигийг дагаж хэлэлцэхээр төрийн чуулганы их харшид ирцгээв. Тэндээс цэргийн жургааны олон түшмэдийн дансыг авчирч байцаан үзвээс Линжоу, Пужоу хоёр хотын захыг сахисан хоёр жанжин нь цэргийн эрдэм маш боловсронгуй адтай баатар тул, оролдсон тушаалын хэргийг түр хамааруулж, тэдний биесийг нижгээд салаа цэрэг авч, Ляншаний хулгайг даруулахаар зөвлөн тогтож айлтгасанд, зарлиг даруй дайчлан ирүүлж мордуулагтун хэмээв. Энэ хоёр баатар жанжны нэгний нэр нь Шань Тингүй, нэгний нэр нь Вэй Дингуо хэмээмүй. Тусгай түшмэл томилж, зарлигаар дайчилсан албаны бичиг өгч, яаравчлан мордуулсныг нарийнаа үл өгүүлмүү.

Өгүүлэх нь: Лян Шань уулын Сүн Жян урьд цэрэглэж, Дамин Фү хотноо ирж, өөрийн нөхөр Ши Сю, Лү Жюнь И нарыг гяндангаас гаргаж аваад, алт мөнгө ихэд олж авчирснаа уулын олон дарга, цэргүүдэд түгээн шагнаж, өдөр бүр сул сууж, найр хөгжмөөр цагийг өнгөрүүлж суухад, холын хүн удаа дараагаар ирж мэдүүлрүүн: - Манай цэрэг хурааж ирсний дараа Лян Жуншү сайд аливаа учрыг Цай Тайшоуд бичиг илгээж, бас нэг дээгүүр айлтгаж, Линжоугийн хоёр сүвийг сахисан Шань, Вэй хоёр овгийн жанжныг зарлигаар дайчлан мордуулж, манай уулыг сөнөөхөөр ирэх гэнэм хэмээсэнд Ү Юн өгүүлрүүн: - Энэ мэдээг би хэдүйн олж сонссон боловч тагнуулын хүний мэдээ хүргэж ирэхийг хүлээсэн билээ. Үүнийг мөн эртхэнээс арилгаж, нэгэн учир бодох нь эрхэм хэмээн даруй их танхимд олон жанжин, тэргүүн дарга нарыг залж ирүүлээд бүгдээр суусны хойно Ү Юн сая Лян Жуншүгийн яахин бичиглэж айлтгасан ба зарлигаар хоёр баатар жанжин дайчлан мордуулсан зэргийг нэг нэгээр тодорхойлон хэлж, одоо энэ хэргийг яавас зохих явдлыг олноор зөвлөхөд, шинэ дагаж ирсэн жанжин дам илдэт Гуань Шэн нааш дэвшиж өгүүлрүүн: - Гуань би энд орж ирсээр өчүүхэн төдий хэмээн тус хийсэн газар үгүй. Би урьд Пучэнь хотноо байх цагт зузаан ханилсан хоёр нөхөр. Сүн улсын эзэн лав энэ хоёрыг зарласан буй за. Олон ах дүү нар санаагаа уудам тавьж, энэ нэг зүйл хэргийг над тушааж өгтүгэй. Би таван мянган цэрэг авч, урьдаар зам тосож учраад, аятай болбоос тэндээс дагуулж нааш авч ирье. Тун эс дагаваас аясыг үзэж байлдан амьдаар барьж ирээд, ах дүү нарт нэг мөр хүчин зүтгэсэн болъё. Надаас бусад хүн очвоос, тэдний аргыг мэдэхгүй тул сааргүй хор болох учир буй. Тэр юун хэмээвээс нэгний нэр Шань Тингүй. Цол “Хувилгаан усны баатар” хэмээмүй. Нэг нь нэр Вэй Дингуо. Цол “Гал хувилгаант жанжин” хэмээмүй. Эдний дайлах байлдах, цэрэг хэрэглэх арга бодлого нь хэлшгүй, хилэн нь шатсан гал мэт түргэн. Уурлаваас даруй цэрэглэн байлдмуй. Байлдваас даруй хандсан тийш үл дийлэх нь үгүй. Тиймийн тул Линжоугийн чухал сүвийг дааж сахисан хүн нар болой хэмээсэнд Сүн Жян нар бүгдээр энэ үгийг сонсоод ихэд баярлан өгүүлрүүн: - Гуань жанжин энэ удаа баатар сүрийг мандуулан мордож, тэднийг дарах ба оруулж авчирваас, гавъяа үүнээс илүү нь үгүй хэмээн Сүн Жян даруй цааз зарлаж, шилдэг шаламгай цэрэг таван мянга, тариа цалин элбэг дэлбэг бэлтгүүлж, туг далбааг аль өнгөтэй сайхан, зэр зэвсгийн хурц бэхийг сонгож, Гуань Шэнгийн өмнөх ангийн хошууч Хао Сывэнийг хойдох даралга жанжин болгож, цэргийн цаазны сумыг Гуань Шэнд өгсөнд, Гуань Шэн хүлээн аваад, тэр шөнө өнжиж, маргааш нь эрт босч олноор үдэлгэний хурим бэлтгэж, Гуань Шэн нарыг үдэж архи бариад их буу тавин, олон цэрэг уулаас бууж, Сүн Жян нар үдэж, уулын доорхи их зам хүрээд, хойш буцаж. Гуань Шэн цэрэг авч Линжоугийн зүг мордов. Тэндээс Ляншаний хүн нар бүгдээр ууландаа гарч Жун И Тангийн их танхимд сууцгааж, Ү Юн Сүн Жян д өгүүлрүүн: - Гуань Шэн энэ удаа цэрэг авч одоход, түүний санааг арван хувь итгэж болохгүй. Харин тэр хоёр жанжин лугаа учраад санаа нэгдэн эргэж, манийг дайлахаар ирвээс сайн бус. Сүн Жян өгүүлрүүн: - Би түүнийг үзэхэд шударга журамт явдал буй. Түүнийг чи бүү сэжиглэгтүн хэмээхэд Ү Юн өгүүлрүүн: - Тэрний санаа ах лугаа тэнцэж болохгүй. Бид эндээс ямар ч атугай хэдэн хүнийг таван мянган цэрэгтэй хойноос харгалзан илгээе. Санаа эс урваваас, мөн түүн лүгээ хавсарч дайлсугай. Хэрвээ санаа өөр болбоос даруй гар хөдлөхөд сайн хэмээсэнд, олноор “Зөв” хэмээн. Ү Юн даруй цаазлан Ирвэсийн толгой Линь Чүн, Хар нүүрт гөрөөс Ян Жихоёрыг тэргүүлж, Сүнь Ли, Хуан Синь хоёрыг дагуулан таван мянган цэрэг өгч Гуань Шэнгийн хойноос мордуулав. Ли Күй үүнийг үзээд тачаадан өгүүлрүүн: - Би юунд үл явмуй. Мөн нэг удаа явсугай хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Энэ удаа чамаас илүү хүн очсон. Чи байз хэмээхэд Ли Күй өгүүлрүүн: - Оч хэмээвээс очих. Баз хэмээвээс мөн очмуй хэмээсэнд Сүн Жян зандран өгүүлрүүн: - Чи дурар яваваас чиний толгойг огтолмуй хэмээсэнд Ли Күй урамгүйгээр үг дуугарсангүй, гадагш гарч явав. Линь Чүн, Ян Жинар цэргээ авч, Гуань Шэнгийн хойноос орж явав. Маргааш нь доорд цэргийн нэг хүн ирж мэдүүлрүүн: - Ли Күй дарга өчигдөр үдэш байсан нь энэ өдөр хоосон болжихуй. Хоёр сүх нь мөн үгүй хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Тэр цэрэгт явахыг хүсэж над хэлсэнд би хориглон зогсоосонд, Ли Күй уурласан мэт дув дуугүй гарч явсан. Санаваас өөр газар очсон буй за хэмээсэнд Ү Юн өгүүлрүүн: - Тэр хэдий балмад зоригтон боловч манай Ляншаниас өөр тийш очих санаа үгүй. Өөрийн дураар нэг хэд хоног явж, уйтгарлах цагт мөн өөрөө буцаж ирмүй. Бүү хайхрагтун хэмээв. Сүн Жян сэмээр Ли Юнь, Юэ Хэ, Дай Зүн, Ван Динлоу нарыг дөрвөн зүгт илгээж Ли Күйг эрүүлэв.

Тэндээс тэр өдөр Ли Күй Сүн Жян гийн дэргэдээс уурлан гарч, өөрийн гэртээ орж ирээд дотроо бодруун “Линжоугийн өчүүхэн хоёр жанжныг барихад, бас өчнөөн олон жанжин цэрэг авч одоод дэмий хүч сүйтгэхээс өөр үгүй. Миний бие гагцаар тэргүүлэн тэнд очоод хотод нуун орж, хоёулыг нэг нэгээр цавчиж алаад нааш ирвээс, хамаг хэрэг барагдах нь тэр хэмээн санаж, хоёр сүхээ барьж, сэмээр нуун гарч, уулын нарийн замаар гагцаар явж, дорогш бууж ирээд, замтай замгүй газраар явж, сая саруул талд орж салхи мэт түргэлэн явж, хоёр шөнө гурван өдөр болж, гэдэс нь ихэд өлсөж, замд уснаас өөр юм олж амссангүй тул, гэдэс дотор нь өлбөрөхөд хүрч, яаран биендээ үзвээс хоёр сүхнээс өөр нэг ч зоос үгүй. Арга барагдан гайхаж ийш тийш харваас нэлээд хол, замын зүүн талд нэгэн бага архины пүүс баймуй. Үүнд Ли Күй ихэд баярлан тэнд хүрч амь орсугай хэмээн санаж, нэг амьсгаа барьж гүйн тэнд орж ирээд, дяний хүнд өгүүлрүүн: - Бушуу архи халуулж авчир хэмээн дээлээ тайлж, сүхээ дэргэдээ тавин, нэг сул ширээний захад суусанд архины хүн нэгэн их лонх архи авчирсанд, Ли Күй бас мах зууш дуудаж идэн, нэг агшнаа гурван жингийн хар архи, хэдэн жин мах идээд, сая бие нь амарч суун, дээлээ өмсөөд, сүхээ авч гадагш гарах гэтэл архины хүн өгүүлрүүн: - Гийчийн та юунд архи, махны зоосыг өгөхгүй явъя хэмээмүй? хэмээхэд Ли Күй өгүүлрүүн: - Би урьдаар гарч нэг наймаа олж ирээд чиний зоосыг дутаалгүй өгсүгэй хэмээхэд, тэр хүн замыг хөндөлдөн зогсож явуулахгүй байтал, гаднаас нэг их биетэй идэр түшмэл янзын зүстэй нэгэн хүн дэргэд нь шууд ирээд зандран өгүүлрүүн: - Энэ нэг хар нүүртэй зальхай хүн чи юунд миний архийг ууж зоосыг эс өгмүй? Чи энэ дянийг хэнийх болгон санамуй? хэмээхэд Ли Күй хашхиран өгүүлрүүн: - Эцэг чинь, би аль газар боловч, хэний юм боловч дуртайгаа хэрэглэж, үнэ зоосыг өгч явсан удаа огт үгүй. Зүгээр хэрэглэж явдаг нэгэн ноён болой хэмээсэнд тэр хүн уурлан өгүүлрүүн: - Манай Лян Шань уулын хөрөнгө мөнгөөр нээсэн дяньд чи мэтийн нэг хүн ирээд ийн зоригоор дарлаж болох буюу? хэмээхэд Ли Күй хүйтнээр инээн өгүүлрүүн: - Зальхай хулгай чи хэний дэргэд ийнхүү аймшиггүй худал зохион хэлмүй? хэмээгээд дотроо сэтгэрүүн: - Манай уулнаа ийм хүн огт үгүй билээ. Энэ юунд ийм худал хэлмүй? хэмээн бодов.

Энэ хүн нь Ляншаний усан замын цэргийн дарга Жүгүй лугаа зузаан ханилсан хүн. Урьд Лян Шаньд орох санаатай Жү Гүй лугаа элсэж хэлсэнд, тэр тухай Сүн Жяний бие өвдөж, Жүгүй уламжлан хэлж завдаагүй, өөрийн биенээс мөнгө туслан өгч нэг дянь нээж архины пүүс гаргасан ажгуу. Тиймийн тул тэр хүн Ляншаний хөрөнгөөр нээсэн пүүс хэмээн Ли Күйд хэлсэн учир тэр болой. Үүнд Ли Күй тэр хүний нэрийг асуусанд тэр өгүүлрүүн: - Чи миний нэрийг асууваас, бусад хүн бус. Овог Хань. Нэр Байлун хэмээсэнд Ли Күй өгүүлрүүн: - Хэн боловч юун хамаа. Энэ удаа над зоос үгүй тул, чи миний сүхийг данж байгтун. Нааш ирж ав хэмээсэнд Хань Байлун сая сүхийг авахаар урагш давшин ирсэнд, Ли Күй гэнэт хашхиран нэгэнтээ цавчсанд Хань Байлун гавал нь оногдож, толгой хоёр хэсэг хуваагдан тархи нь гарч үхэв. Энэ хүн Лян Шань уулын нэрээр архины пүүс нээж, тэрхүү ууланд огт нэр тэмдэглэсэнгүй, энэ өдөр Ли Күйгийн гарт сөнөв. Тэндээс архины хүн нар үүнийг үзээд дянийг орхиж, зүг бүр буруулан зайлж одов. Ли Күй дахин орж ирээд өөрийн дураар бэлэн бүхүй архийг согттол ууж, зуушийг ханатал идэж цадаад, авдрыг сүхээр эвдэж, мөнгө зоосыг нэгэн вааданд боож аваад, гарах цагт гал тавьж шатаагаад, хэвээр Линжоугийн зүг явав. Цааш бага явсангүй эсрэг замаар нэг хүн айсуй. Ли Күй харваас тэр хүн нь бие байдал, нүүр царай нь Ли Күйтэй ав адил. Хоёул нэг замаар явсаар яг тулгарч,хэн хэн нь зайлахгүй. Үүнд Ли Күй өгүүлрүүн: - Чи нь хэн гэгч хүн, юунд ноёнтойгоо адил явмуй? хэмээхэд тэр хүн их дуугаар зандран өгүүлрүүн: - Чи муу хулгай хэний ноён буй? Явъя хэмээвээс өөр өөр замаар явагтун хэмээсэнд Ли Күй зандран өгүүлрүүн: - Чи миний замыг хөндөлдвөөс мөн бэрх хэмээх газар үгүй. Энэ сүхний амтыг үз хэмээн хоёр сүхээ далайн ирэхэд тэр хүн огт эмээх байдал үгүй. Гэнэт үсрэн ирж, Ли Күйг нэг нударгалсанд Ли Күй гэдрэг унав. Дотроо бодруун “Энэ хүний нударга яахин ийм бэрх буй. Биенд хүрч ирэх нь нүдэнд үзэгдэхгүй, туссан нь маш хүнд “ хэмээн сэтгэж яаран босон харайж, мөн сүхээ далайж цавчин хартал тэр хүн алгуураар нэг өшиглөсөнд, Ли Күй хэдэн алхам газар өнхрөн унаж босоод, өгүүлрүүн: - Чи нь хэн гэгч хүмүүн буй? Намайг яахин гэнэдүүлэн хоёр удаа шоглов? хэмээсэнд тэр хүн өгүүлрүүн: - Над нэр овог үгүй. Чадал болхи эр. Чиний овог нэр хэн буй?хэмээсэнд Ли Күй өгүүлрүүн: - Би чамд энэ өдөр дийлдсэн тул нэрээ хэлэх үү?хэмээсэнд тэр хүн өгүүлрүүн: - Дийлэх, дийлдэх нь наадмын ёс болой.Нэрээ хэлэхэд юун буй.” Ли Күй өгүүлрүүн: - Хар хүмүүн чи миний нэрийг асууваас би нь Лян Шань уулын “Хар салхи” цолтой Ли Күй болой. Тэр хүн өгүүлрүүн: - Чи бүү худал хэл. Ляншаний Ли Күй мөн болбоос гагцаар явах ёс байна уу? хэмээсэнд Ли Күй: - Чи намайг эс таниваас миний сүхийг үзэгтүн. Би лав мөн. Манай Сүн Жян ах Да Тоу, Гуань Шэн нарт цэрэг өгч илгээхэд намайг явуулсангүй тул, би уурлаж ийнхүү гагцаар явмуй. Тэр хүн өгүүлрүүн: - Гуань Шэн цэрэг авч хэдүйн өнгөрсөн. Бас Линь Чүн, Ян Жинар хоёрдугаар ангид өнгөрснийг би мөн мэдмүй хэмээгээд Ли Күйгийн зүг харж инээн өгүүлрүүн: - Би асар их чадалтай хүн бус. Гагцхүү гараар нударгалах, хөлөөр өшиглөхөд нэртэй сайн. Манай энэ эрдэм болбоос бусад хүнд заадаггүй. Эцэг өвгийн үе дараалан сурсан эрдэм болой хэмээсэнд Ли Күй ёслон өгүүлрүүн: - Ай, нөхөр чиний овог нэр чухам хэн буй?хэмээсэнд тэр хүн инээмсэглэн өгүүлрүүн: - Би болбоос Жуншань Фүгийн харъяат иргэн. Бага цагт өөрийн хүчээр энд тэнд явж амь зуумуй. Энгийн өдөр овог нэрээ хүнд хэлдэггүй. Хүнийг алавч тэмдэг үлдээдэггүй. Шаньдун мужийн голын хойд захад хүн намайг “Зүс байдалгүй” Жяо Тин хэмээмүй. Одоо сонсвоос Муожугийн харъяат “Хөндий модот ууланд” нэгэн тэрслүү хулгай ямагт хүнийг алж, өдөр өнгөрүүлэн, догшин хэрцгий нь хэтэрхий тул хүн түүнийг “Алагч яргачин хэмээн цол өгчүхүй. Овог Бао. Нэр Сюй.Чадал нэгтэй тул тэнд очиж, нөхөрлөн хоршиж амь тэжээюү хэмээн явах замд нөхөр лүгээ учрав хэмээсэнд Ли Күй өгүүлрүүн: - Баатар эр та ийм сайн чадалтай хүн тэнд очиж юу хиймүй. Манай Лян Шань ууланд хүрч Сун Гүнмин ахад уулзаж, тэнд оршвоос тавтайяа нийлэлцмүй хэмээсэнд тэр хүн өгүүлрүүн: - Би аль язгуур ийм санаа буй боловч, ер ая олдсонгүй. Нэгэд танил үгүй, хоёрт зүгээр очвоос сэжиглэж халгаахгүй болов уу? хэмээн санаж өдий болов хэмээсэнд Ли Күй өгүүлрүүн: - Үүнд өчүүхэн эргэлзэх хэрэггүй. Манай Сүн Гүн Мин нь дэлхий дахинд нэр алдаршсан их журамт хүн. Ер аливаа хүнийг хардаж сэжиглэх санаагүй. Гагцхүү би нь тэр өдөр ахад уурлаж, уулнаас нуун бууж ирсний тул, гар хоосон буцахыг ичингүйрмүй. Миний санаа болбоос бид хоёр хамт явж, “Хөндий модот ууланд” Баосюй лугаа учирч, түүнд хэлж гурвуул хамт явж Линжоуд хүрч, гал усны хоёр жанжныг дараад гавъяа бүтээн, манай Ланшань уулнаа очвоос сайн мэт хэмээсэнд Жяо Тин өгүүлрүүн: - Линжоу нь нэгэн их хот. Гадуур нь их нуур мэт усан хэрэм тойрсон. Хэдүй цэрэг морь боловч халж ороход бэрх. Бид хоёр арван хувийн эрдэмтэй боловч тэнд очиж санасан ёсоор гавъяа бүтээх нь маш бэрх. Талаар амь биеэ хүний гарт хүргэж үхмүй хэмээн хэлэлцэж байтал, холоос нэг хүн “Ах чи энд хэн лугаа хэлэлцмүй?хэмээн хашхирахад Ли Күй хойш эргэж харваас Ляншаний дүү Ши Чянь ажгуу. Ли Күйгийн дэргэд ирж өгүүлрүүн: - Сүн Гүнмин ах манай хэдэн хүнийг зам хуваан гаргаж, ахыг эрүүлсэн билээ.

Одоо мөн хүлээсээр буй. Эртхэн буцаж ууландаа харьж, ахын сэтгэлийг талбиу болговоос зохимуй хэмээсэнд Ли Күй өгүүлрүүн: - Энэ нь сайн эр Жяо Тин хэмээгч хүн. Би одоо үүн лугаа хамт явж Хөндий модот уулнаа очиж Баосюй хэмээх хүнийг залж ууландаа буцмуй хэмээсэнд Ши Чянь өгүүлрүүн: - Ах урьдаар ууландаа харигтун. Хожим дахин ирэхэд саатах учир үгүй хэмээсэнд Ли Күй өгүүлрүүн: - Чи олон үг бүү нуршигтун. Зүгээр урьд явж ахад энэ учрыг хэлэгтүн. Би одоо Жяо Тин лугаа Хөндий модот уулнаа очмуй хэмээсэнд Ши Чянь аймшиггүй хариу хэлж чадсангүй хойш буцав. Ли Күй, Жяо Тин лугаа Хөндий модот ууланд очив.

Лян Шань уулын их жанжин Гуань Шэн харъяат цэргээ авч шөнө хонож өдөр яван Линжоу хотын зах хүрч, цэргийн хуаранг нэг талбар саруул газрыг эрж буудаллав .Тэнд туг далбааг босгож, тариа, өвс бордооны ачлага зэргийг дунд оруулж, их цэргийг дөрвөн анги зохион суулгаж, төв голд нь Гуань Шэн өөрийн тугийг хатгаж эзлэн сууж, зэр зэвсэг майханг жигдлэн жагсааж, тэнгэр газар доргитол агтны чимээ янцгаах дуун гарч байхад, хол харуулын цэрэг довтлон ирж, Линжоу хотын Тайшоу түшмэлд мэдүүлэв. Тэр үед Тайшоу түшмэл энэ мэдээг сонсохын урьд Дунжин хотоос ирсэн зарлиг, Цай Тайшийн илгээсэн албан бичгийг үзэж, Шань, Вэй хоёр жанжныг дуудаж, яахин цэрэг мордох явдлыг зөвлөн байсан аж. Гэтэл энэ мэдээ ирсэн даруй Шань Тингүй, Вэй Дингуо хоёр даруй идэвхийлэн, урьдын бэлтгэсэн цэрэгт зарлан тушааж, маргааш эрт даруй хотын зүүн өмнө этгээдэд өндөр тэгш газрыг сонгож, хуаран татахаар тогтов. Жич өдөр үүр цаймагц Линжоу хотын хаалгыг уудам нээж, их буу гурван үе тавьж, олон цэрэг баглаа баглаагаар гарч барсны хойно, хоёр жанжин сүүлд гарч хотын баруун өмнө зүг түвшин газар хоёр их хуаран татаж, олон цэргийг давхар хүрээлэн буулгаж, хар улаан хоёр туг босгож, буудаллаж гүйцсэний хойно, хоёр жанжин будаа идэж, нэг мянган цэрэг дагуулж, буу тавин харанга бүрээ үлээн дэлдэж гарч ирэв.

Тэндээс Гуань Шэнгийн доорхи цэрэг орж мэдүүлсэнд, Гуань Шэн мөн бие хуяглаж, зэвсэг барин, морь унаж, хоёр жигүүртээ Сүнь Синь, Хао Сывэнь хоёрыг авч, Линь Чүн, Ян Жинар зэргээр дагалдан гарч ирэв. Шань, Вэй хоёр жанжин үзвээс, Ляншаний цэрэг хүрээ татсан, туг далбаа босгож цэрэг жагссан нь сүртэй тэгш сайн бөгөөд нэртэй жанжин эзэлсэн байдал илэрхий буй. Хойш хэдэн алхамын газар ухарч, морин жолоо татан хүлээв. Гуань Шэн үзвээс, Шань, Вэй хоёр жанжин жагсаал бэлдэж хүлээмүй. Ойр очиж үзвээс, нэгэн их жанжин бие өндөр бүдүүн, нүүр нь тогооны ёроол мэт хав хар, нүд нь од мэт, тэргүүндээ сийлбэртэй төмөр дуулга, биедээ үнэгний арьсан дотортой хөө хуяг өмсч, матрын тэргүүнт төмөр бүс бүсэлж, ирвэсийн арьсан хоромсгот хатуу ган элэгт нум дүрж, саадганд хорт бүргэдийн өдөт зэв шааж, бэх мэт зүстэй, догшин хар морь унаж, гартаа гурван алд жад хөндлөн барьж зогсож, биеийн ард их хар туг салхинд хийсгэж, “Хувилгаан усны баатар Шань Тингүй” хэмээх үсэг бичжүхүй. Нөгөө нэг жанжин нь бие өндөр найман тохой, нүүр элэг мэт хүрэвтэр улаан, гучин насны орчим, тэргүүнд улаан шар шигтгэсэн алттай ган дуулга, галын өнгөт навчин хээтэй улаан байлдах дээл өмсч, гарьдын тэргүүнд барсын шөрвөсөн хормосон бүс бүсэлж, бүсэндээ хоёр ирт хос эрдэнийн сэлэм хавчуулан, гартаа улаан үст их дам илд барьж, чавга мэт улаан хээр морь унаж, биеийн ар талд их улаан тугийн дээр “Гал хувилгаан жанжин Вэй Дингуо хэмээн бичжүхүй.

Энэ хоёр их жанжин нь үнэхээр гал усны аюул мэт, алах уур биеийг бүрхэж, гарын зэвсэг далайн орж ирэх нь үүл гал мэт дайран ирэхэд Гуань Шэн морин дээр нуруугаар мэхийн өгүүлрүүн: - Мунхаг Гуань Шэн хоёр баатар нөхдийн амар эрмүй хэмээсэнд Шань, Вэй хоёр жанжин үзвээс, Гуань Шэн нь эрхт хувилгаадын байдалтай. Угаас нэг улсын түшмэл тул, бие биеэ танихыг юун өгүүлэх. Энэ хоёр жанжин Гуань Шэнг үзээд ихэд уур нь хүрч, аянга мэт дуунаар хашхиран хараан өгүүлрүүн: - Дээшид хишгийг хүлээсэн эзэн боолын журмыг тэрсэлж, дорогшид хуучин эцэг өвгөдийн сурвалж нэрийг гутааж, урвасан хулгайн зарц болсон ужид чи харин эелдэг зөөлөн үгээр хэнийг мэхлэе гэнэм? хэмээсэнд Гуань Шэн хариу зандран өгүүлрүүн: - Эзний пүнлүүг мэхлэн идэж, олон иргэнийг хяхаж, цэргийн ардыг гасалгаж, засгийн хэргийг зальхайгаар аваачиж, дэлхий дахинд ховдог шунахай нэр авсан, журамгүй сайдын сүлбээ болсон, хоёр тэнэг та сонс: - Лян Шань уулын Сүн Гүнмин хэмээн дэлхий дахинд нэр алдаршсан Сүн Жян нь өршөөл журам шударга батаар тэнгэрийн төлөөнөө ёсыг явуулж байхын тул, хүн бүр цөм сайшаан дурлаж, Сүн Гүнмингийн нөхөр болъё гэхгүй хүн үгүй болсонд, би тусгайлын эрж эрхэм хоёр нөхрийг залж Лян Шаньд аваачаад, бүгдээр тэнгэрийн төлөөнөө ёсыг явуулъя хэмээсэн билээ.

Хоёр нөхөр гүнээ ухамсарлаж, хянахыг хүсмүй хэмээсэнд Шань, Вэй хоёр жанжны хилэн нь гал мэт бадарч, үг дуугүй байлдан орж ирсэнд, Гуань Шэнгийн хоёр талаас Суньсинь, Хао Сывэнь хоёр морин ухасхийн гарч ирээд тосон байлдав. Дөрвөн жанжин нэгэн доор зууралдан байлдахад, хоёр этгээдийн жанжин цэрэг тэнгэр түрхирэх мэт хашхиран, хэнгэрэг харангын дуу тасралтгүй балбаж, улаан тоос огторгуй тултал дэгдэж. Шань, Вэй хоёр жанжин гэнэт морь эргүүлж, өөрийн жагсаалын зүг нисэх мэт буруулан дутаасанд, Сюань Зань, Хао Сывэнь хоёр цуцалтгүй хойноос нэхэж ирсэнд, Шань Тингүй ихэд баярлан ташуур нэгэнтээ заасанд, нэг хэсэг цэрэг Сюань Зань нарыг дүгриглэн хумиж авсанд Шань, Вэй хоёр жанжин бие урван морь давхийн урвасанд биений ойр шахаж хүрээд гар сунгаж, Сюань, Сы хоёр жанжныг амьдаар нь барьж аваад, өөрийн жагсаалдаа оруулж сахиулаад, биес нь дахин Гуань Шэнгийн жагсаалыг дайран ирсэнд, Линь Чүн, Ян Жихоёр угтан гарч байлдах. Гуань Шэн бас Сүнь Ли, Хуан Синь хоёр гарч хавсран байлдуулав. Линь Чүн, Ян Жихоёр эсрэг буруугүй алахыг бодож, хүчлэн байлдахад Сүнь Ли, Хуан Синь хоёр зүүн баруун хоёр этгээдээс хавчин байлдсаар тэнгэр харанхуй болсонд хоёр этгээдээс цэрэг хураах хэнгэрэг дэлдсэнд жанжин нар тус тусын хуарандаа эгэв.

Гал усны хоёр жанжин цэргээ буцааж, биес нь Линжоугийн Жан Тайшоуд учирч байлдсан явдлыг мэдүүлж, Сюань Зань, Хао Сывэнь нарыг барьсан зэргийг хэлсэнд, Жан Тайшоу ихэд баярлан даруй хурим бэлтгэж, хоёр жанжныг баярын ёсоор архи барьж, тэр шөнө ихэд найрлав. Нэг, дээгүүр битүү төмөр тэрэг бэлтгүүлж, гурван зуун явган цэрэг томилон, Сюань Зань, Хао Сывэнь хоёрыг битүү тэргэнд батлан хадгалж, цэргийн түшмэлдп тушаан өгч Дунжин хотноо дагах бичигтэй хүргүүлэв. Жанжин Пэнь Сян, Жан тайшоугийн тушаалаар Сюань, Сы хоёр жанжныг авч зам явж байтал, үзвээс, нэг өндөр уул тойрон намаг балчиг, хулс зэгс ургажухуй. Тэрхүү уулын хажуу замаар харанга цохиж хашхирах чимээ гаран, нэг бүлэг цэрэг нисэх мэт довтлон ирэхэд Пэнь Сян битүү тэргийн дунд оруулж, олон цэрэг хүрээлэн зогсож, ямар учрыг мэдэхгүй, хаанах цэрэг ямар санаатай ийн довтлон ирмүй хэмээн зогсож байтал, тэрхүү цэргийн дундаас нэгэн хар нүүртэй их эр, гартаа хос балт сүх барьж, хашхирах дуу нь хүний толгой дүйрмүй.

Энэ нь Ляншаний Хар хуй салхи хэмээх Ли Күй аж. Бас түүн лугаа зам дээр учран танилцсан сайн эр Жяо Тин хоёул уулын лаолао нарыг дагуулан үг дуугүй шууд битүү тэргийг булаан орж ирсэнд, явган цэргүүд дэмий хөндөлдөвч юун тус. Гагцхүү өөрсдийн амийг хамгаалахаас өөргүй. Пэнь Сян дотогш орж байлдах гэтэл, нэг сайн эр замыг авч, гар хөдөлмөгц Пэнь Сяний толгой газар унав. Энэ нь алагч яргачин Баосюй мөн. Энэ гурван хүн дагасан жанжныг алж, хоёр битүү тэргийг Ли Күй сүхээр хага цавчиж үзвээс дотор нь Сюань Зань, Хао Сывэнь хоёр Ли Күйг үзээд ихэд баярлан асууруун: - Мэргэн Ли дүү чи яахин энд ирэв? хэмээсэнд Ли Күй өгүүлрүүн: - Би тэр нэг өдөр таныг цэрэг авч мордох цагт ахаас гуйсанд намайг илгээсэнгүй тул, би гомдож, та нарын хойноос ирэх хэмээн явж, зууртаа энэ сайн эр Жяо Тин лугаа учирч, түүнээс Гүшүшань уулын Баосюй Да вантай мөн ах дүү болж, бид хамтаар Гуань Шэн та бүхний хойноос очих хэмээн санаж байтал, гэнэт сонсвоос хоёр ах баригдаж, битүү тэргэнд суулгаж Дунжин хотноо хүргэгдмүй хэмээхэд, яаран зам тосож булаан авахаар ирсэн билээ хэмээн хэлж, тэдний хүлээсийг тайлж, тэрэгнээс гаргаж морь унаж, бас Баосюй, Жяо Тин хоёр ирж ёслон уулзсанд Сюань Зань, Хао Сывэнь хоёр яаран урагш дэвшиж, нуруу мэхийн байн байн ёсолж өгүүлрүүн: - Эрхэм баатар эрс эс ирсэн аваас, бид хоёрын амь хаашаа болох мэдэхгүй. Энэ өдрийн их ачийг ер үл мартмуй хэмээсэнд Баосюй өгүүлрүүн:

- Ядмаг дүүг нимгэн доорд хэмээн эс голвоос мөн манай ууланд өөд болж, цай барихыг хүсмүй хэмээсэнд Сюань Зань, Хао Сывэнь нар даруй үг дагаж, Гүшүшань ууланд гарч, бие амарч архи хуримыг ихэд ууж, энд оршин суув. Битүү тэргийг харгалзан явсан явган цэргүүд тэргүүлэгч жанжнаа алагдаж, зарим нь мөн хохирч зүг бүр амь зайлахыг бодож дутаасан нь уулын цэрэг бараа туруугүй болсон хойно сая эргэж ирвээс, тэрэг эвдэж, хоёр хүнийг булаан авчухуй. Үүнд тэрхүү цэргийн ард алагдсан жанжны ясыг авч, хойш Линжоу хотноо хүрч ирээд, эдгээр учрыг Жан Тайшоу ноёнд мэдүүлсэнд Тайшоу ихэд айсан мэт байхад Шань Тингүй жанжин энэ үгийг сонссод ихэд хилэгнэж, яаран гарч, байлдая хэмээн хуяг дуулгаа өмсч байтал, Гуань Шэн хэдүйн цэрэг авч ирээд, хэрмийн гадна байлдахыг шаардах бүрээ үлээж, сүр тавин хашхирмуй. Үүнийг Шань Тингүй сонсож нэн ч тачаадаж даруй цэрэг авч гаран, Гуаншэнийг үзээд хараан өгүүлрүүн: - Үхэхийг мэдэхгүй доорд жанжин чи энэ өдөр эрхгүй эр эмээ үзсүгэй хэмээн таван зуун хар хуягт цэргийг авч, хар үүл мэт дайран ороход Гуань Шэн үг дуугүй тосон авч байлдан, хорь хорин удаа болсонд, Гуань Шэн арга хэрэглэхээр хойш зугтав. Шань Тингүй хилэн ихтэй хүн тул, яахыг мэдэхгүй, шууд барьж алъя хэмээн хойноос ирсэнд, Гуань Шэнгийн бие моринд хүн үл мэдэх нэгэн сургууль буй аж. Гэнэт урван зайлсанд Шань Тингүй гэнэт жадалсанд Гуань Шэн морио ухасхийн гуядаж, буруу тал руу унагч болон, морины доор хөлбөрөн эргэж, дахин урван алавхийн Шань Тингүйн ар биенээс тэврэн авсанд Шань Тингүй урагш тэлүүлэвч, Гуань Шэн бие, морины хүч их тул, аргагүй барин авч, Линь Чүн нарт тушаав. Гуань Шэн цэргээ хурааж, цацарт орж, хуяг дуулгаа тайлж, их сандал дээр сууж, Линь Чүн нар Шань Тингүйг оруулж ирсэнд, Гуань Шэн яаран босон харайн урагш дэвшиж сөгдөн ёсолж мөргөн, өөрийн биеэр хүлээсийг тайлж, дээш хүндлэн суулгаж, цай барьж өгүүлрүүн: - Мэргэн нөхөртөө сануулан дурдаж гуйх нь, Лян Шань уулын урвасан нэртэй Сүн Жян нарын зэрэг хүн нар нь хэдийнээс хэрэг үүсгэсэн ард үгүй, цөм харгис сайд зальхай түшмэдийн хорлолоос эмээн ийм болжихуй. Басхүү Сүн Жян нь тэнгэрээс заяатай хүн. Зүүдэнд хувилгаан дагинийн нууц бичиг дэвтэр шагнан өгч, түүн лүгээ нийлэх нөхөр бүгд хүний тоо бүхүй нь цөм тэнгэрээс тогтоосон хэрэг болох тул, би цаазыг харшлая хэмээн урвасан газар үгүй. Гагцхүү цагт нийлүүлэн ийм болсон билээ. Эрхэм нөхөр гол ёсыг барьж, тэнгэрийн санаанд нийлүүлэн, Лян Шань уулын Сүн Жян лугаа нөхөрлөн нэгэн санаагаар тэнгэрийн төлөөнөө ёсыг явуулж аж төрвөөс ямар буй? хэмээсэнд Шань Тингүй эдгээр үгний урьд шүүрс алдаж нэлээд удаа эргэцүүлэн бодож, аргагүй Гуань Шэнгийн санааг дагаж Лян Шаньд оршихоор тогтож, нөхөр минь биеийг бариад эс алсан хишигт сүслэн, ачийг хариулж, дуртайяа өөрийн харъяат цэргээ авч, Лян Шаньд дагасугай хэмээсэнд Гуань Шэн тэсгэлгүй баярласанд, Шань Тингүй мөн хуяг дуулгаа засаж, Гуань Шэнгийн хуарангаас гарч, өөрийн дагуулсан таван зуун усан цэргийг дуудаж ирүүлээд учрыг хэлж, хамтаар Лян Шаньд оршив.

Жан Тайшоу Линжоу хотноо сууж, энэ өдөр гаднах цэргийн хүрээнээс Шань Тингүй байлдахаар гараад Гуань Шэн лугаа хэд дахин зөрөлдөж баригдсан нь хойш буцаж ирэхгүйд гайхаж байтал, байлдааны чимээг тагнахаар очсон мэдээний цэрэг ирж, Шань Тингүй хувийн цэргээ авч Гуань Шэнг дагаж Лян Шаньд урвасныг хэлж ирсэнд Жан Тайшоу энэ үгийг сонсоод дэмий цээж багтартал уурсаж байхаас өөр учир үгүй байтал, Вэй Дингуо энэ мэдээ сонсоод ихэд хилэгнэж, даруй цааз зарлан галын цэргийг сонгон боловсруулж нэг шөнө өнжөөд, маргааш эрт байлдахыг завдан байтал, мөн өдрийн өглөө Гуань Шэн, Шань Тингүй, Линь Чүн, Ян Жинар цэрэглэн ирээд: - Вэй Дингуо гарч ирж байлдсугай хэмээсэнд Гал хувилгаан жанжин Вэй Дингуо шүдээ зууж занан өгүүлрүүн: - Журамгүй ард та энэ өдөр амиа хүргэж ирэв за хэмээгээд яаран хуяг дуулгаа өмсч, жагсаалын дундаас цэргээ дагуулан гарч ирсэнд, Шань Тингүй тосон ирж байлдахад хэн хэн нь хэлэлцсэн үг үгүй, уур хилэн нь бадарч, хүчлэн байлдахыг түр зогсоож өгүүлэх нь: - Гүшүшань уулын хулгай Баосюй, Ли Күй, Жяо Тин нар лугаа нөхөрлөж, дараа нь Сюань Зань, Хао Сывэнь нарыг битүү тэрэгнээс булаан авч уулнаа аваачиж, өдөр дараалан найрлан сууж, нэгэн өдөр Ли Күй өгүүлрүүн: - Эдүгээ манай хоёр жанжныг Дунжин хотноо хүргэхээр авч явсныг алдуулан авчирсан боловч, үлдсэн жанжин Гуань яахин тулж буй болов. Бас дам сураглан сонсвоос Шань Тингүйг амьдаар барьж аваад, Гуань Шэн оруулж дагасан гэнэм. Миний санаанд бид энэ чөлөөнд нэг салаа цэрэг авч, Линжоугийн эзгүй хаалгаар орж чадах чинээгээр гавъяа бүтээвээс ямар буй? хэмээсэнд Сюань Зань өгүүлрүүн: - Энэ үг хэдүй мэт санагдавч, манай зэвсэг уналга цэрэг үгүй тул, яахин явмуй хэмээсэнд Баосюй өгүүлрүүн: - Манай энд тэжээсэн баатар цэрэг долоо найман зуу, сайн морьд тав зургаан зуу буй. Нэг хоёр удаа байтугай хичнээн удаа байлдавч бардаагаар хүрэлцэх тариа, өвс, хэрэгсэл цөм буй. Би болбоос нэгэнт Лян Шань уулнаа оршиж, өршөөлт Сүн Гүнминг дагаж аж төрөхөөр санаа шулуудсан хүн тул, би цэрэг зэвсэг уналгыг мөн өөрийн гар доорхи дөрвөн сайн эрсийг гаргая. Бүгдээр баярлаж даруй архи будаа идэж, сэмээр цэрэг авч уулнаас буусан явдлыг үл өгүүльюү.

Тэндээс Галын хувилгаан жанжин Вэй Дингуо цэрэг авч жагсаалаас гаран Шань Тингүй, Линь Чүн, Ян Жилугаа нар лугаа алалдаж, арай дийлэхгүй мэт болсонд, Вэй Дингуо хойш эргэж өөрийн жагсаалдаа буцаж ирээд, цаазыг зарлаж, галын цэргийг Гуань Шэнгийн жагсаал зүг тавив. Энэхүү галын цэрэг нь тавин илүү тэргэнд үхэр буу ачиж, олон цэрэг арав арав илүү залгамжлан, нэг тэргийг арван хүн түлхэж, өмнө ангиас дараалан улируулж, тасралтгүй тавин, бас цэргийн ард цөм улаан хувцас, хүн бүр нэг галын хул үүрч, Гуань Шэнгийн жагсаалд урьтаж ирээд, гэнэт их буу үргэлжлэн тавьж, олон цэргийн нуруунд үүрсэн хулаас гал утаа багшран гарч, тэр галын эргээ байдал нь холоос ус урсах, өөдөө харвасан сум адил эрс чигээр эргээ нь маш аюултай. Гуань нар үзээд, их айн цэргээ бус тийш нүүлгэн дутааж явтал, Линжоу хотын дотор дөрвөн талаас их гал гэнэт шатаж огторгуй тулам улаан гэрэл бадарч, нэн аймшигтай болсонд, Вэй Дингуо ихэд цочиж хойш буцаж, хотын ойр ирсэнд, нэг хэсэг цэрэг замыг хөндөлдөж, хойш эргэе хэмээвээс, галын цэргийн зэвсэг мохож, өөр нэгэн зүгээр буруулж, хотод орж галыг сөнөөхөөр бодож алалдан гарч, гагцаар явж хотын ойр хүрч ирсэнд, нэгэн бага түшмэл сандран ирж мэдүүлрүүн: - Муухай болов. Лян Шань уулын хулгай Хар хуй салхи Ли Күй урвасан жанжин Сюань Зань, Хао Сывэнь, бас Гүшүшань уулын хүчирхэг хулгай Байсюй нар, энэ өдөр цэрэг авч хойд хаалгаар сэм орж ирсээр даруй газар газар хэсэж гал тавин, сангийн гэрийг дээрэмдэн авч дуусав хэмээсэнд Вэй Дингуо үүнийг сонсож, урагш давших замгүй, хойш эгэх газар олдохгүй тул, арга барагдаж, гэнэт сэхээрч Линжун сянь хотын зүг дутаан ирсэнд, Гуань Шэн, Шань Тингүй нар хойноос нэхэж ирсэнд, Вэй Дингуо яаран хотод орж, хаалгыг бэхлэн хааж, мод чулуугаар хаав.

Үүнийг Шань Тингүй үзээд, бусад нөхөддөө өгүүлрүүн: - Бид одоо түр цэргээ хуарандаа буцаая. Вэй Дингуо нь төрөлх зан нэгэн чигтэй эрс хүн тул, тэр алавч, манийг дуртайяа дагах нь бэрх. Хожим өөр аргаар зохисыг нь үзэж болъё хэмээсэнд Гуань Шэн үг дагаж, хойш хуарандаа ирээд нэг өдөр өнжиж, маргааш нь Шань Тингүй Гуань Шэнд өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн би урьдаар Линжун сянь хотноо гагцаар хүрч очъё. Тэндэх цэрэг намайг таних тул, би эвийг үзэж дотогш ороод, зөөлөн уран үгээр зүйчлэн хэлвээс тэр эрхбиш миний үгийг сонсож дагамуй. Зэр зэвсэг хөдөлгөж хатуугаар эсэргүүцвээс, бид түүнийг дийлэх нь бэрх хэмээсэнд Гуань Шэн ихэд баярлан, даруй “энэ ёсоор болъё хэмээсэнд Шань Тингүй яаран морио унаж, гартаа зэвсэг биедээ хуяг өмссөнгүй, гагц биеэр Линжоу хотын хаалганд ирж, цэргийн ардад өгүүлрүүн: - Миний бие буцаж ирэв хэмээсэнд олон жанжин угаас өөрийн жанжин тул, хотын хаалга нээж өгсөнд, Вэй Дингуо гарч ирээд тосч уулзан хамт гэрт орж суусанд, Шань Тингүй өгүүлрүүн: - Эдүгээ аваас манай эзэн хаан төрөлх будангуйн харгаагаар улсын дотор самуун дэгдэж, эрхийг барьсан сайд нь ямагт хааныг мэхлэн зальхайгаар явах, олныг гасалгах тул, хэрхэн чин хэмээн зүтгэвч гавъяа олох газар үгүй. Ийнхүү самуун төрд сайд болсноос сайн журамт Сүн Жян лугаа тангараглан ханилж, Лян Шань уулнаа оршиж, тэнгэрийн төлөөнөө ёсыг явуулж, түр хэдэн жил оршин, дэлхий дахины явдал шинжлэх цагт мөн эгэж улсдаа ирээд төрд зүтгэвээс мөн урвасан хэмээвээс болохгүй.

Бид чухам улсын цаазыг мэдсээр шууд хулгайн нам болж урвасан нь бус гагцхүү эзэн засгийн хэргийг тэнгэрийн санаа хуучин хуульд нийлүүлэн явуулахгүй, сайд иргэний зовлон зүдгүүрийг анхаарахгүй, ямагт бялдууч ард, авилгач түшмэд цааз дүрмийг өвөрчлөн шийтгэх. Өөрийн санааны дураар эрүү хорыг байгуулах. Энэ мэт явдалд урмас хугарч, хол зайлсан санаа буюу хэмээх зэргээр учирлан хэлсэнд Вэй Дингуо эдгээр үгийг сонсож дотор нь баахан бодол төрж, нэлээд хотойн сууж өгүүлрүүн: - Сайн нөхрийн хэлсэн хэдүй зүйтэй үнэн боловч, Гуань Шэн өөрийн биеэр намайг залахаар ирвээс би тэр тухай дуртай заалдсан хүн болж очмуй. Хэрвээ тиймгүй болбоос би хэрхэвч очихгүй хэмээсэнд Шань Тингүй маш баясан өгүүлрүүн: - Сайн нөхрийн сэтгэсэн ёсоор дагаж явуулъя хэмээн яаран хойш буцаж эдгээр үгийг хэлсэнд, Гуань Шэн мөн сэтгэл баясч, даруй морио унаж, гартаа зэвсэг барьсангүй, гагцаар явж Линжоу хотын дотор орсонд, Вэй Дингуо Гуань Шэнг үзээд яаран урагш ирж харилцан ёсолж, цацар гэрийн дотор орж, зэрэгцэн сууж цай уугаад, Гуань Шэн мөн Шань Тингүйгийн хэлсэн ёсоор түүний биеийг залж Лян Шаньд очиж, ах дүү болохыг хэлсэнд Вэй Дингуо даруй босч даруй мэхийн ёсолж өгүүлрүүн: - Бид цөм угаас нэг улсын хишиг хүртсэн түшмэд атал, та бүхэн цөм цагийг дагаж журамтныг эрж нөхөрлөсөн тул би мөн дуртайяа хувийн цэрэг авч Лян Шань уулнаа олон нөхдийн хамт оршиё хэмээгээд, хуаранг эвдэж, хувийн цэргийн цацар, гэр майхан, тариа цалин, хуяг дуулга, зэр зэвсэг, агт морь, цэргийн хэрэгслийг бүрнээ авч, Гуань Шэнгийн хамт хүрч ирсэнд, Шань Тингүй тэргүүлэн олон жанжин нар цөм хөгжилдөн баярлалдаж, замын хоёр хажууд мэхийн зогсож ёслон, их хүрээлэнд морьтой нь хүндлэн оруулж, төв дунд их ширээн дээр суулгаж, эрхэм зочдын ёсоор асар их хүндэлж суулган, найр хийж, олон цэрэгт тушаан ачаа хөсгийг засацгаан, маргааш ууландаа мордохыг бэлдсүгэй хэмээн цаазалж, нэг шөнө хоноод өглөө эрт босч, хуаранг буулгаж, Ляншаний зүг ирэв.

Хувилгаан явдалд Дай Зүн, Линжоу хотыг эвдэж, гал усны хоёр жанжныг оруулж, мянга илүү цэрэг олзолж, тариа цалин, агт морь, өвс, зэр зэвсэг зэргийг хураан ирсэн явдлыг урьдаар очиж Сүн Жян, Ү Юн нарт мэдүүлэхээр явсанд, Ли Күй захиж өгүүлрүүн: - Дүү чи намайг бас ахад Гүшүшань уулын баатар эр, цэрэг, тариан,цалинг олж аваад бас Линжоу хотноо гал тавьсан гавъяаг ахад далдлалгүй мэдүүлээрэй. Би бас ч энэ удаа бардан хэлэх бус их л гавъяа байгуулсан биш үү. Хожим нүүр үгүй архи ууж суухад амар болой хэмээн дахин дахин захив. Дай Зүн тэндээс яаравчлан явж, энэ мэдээг Сүн Жян д очиж мэдүүлсэнд бүгдээр их баярлалдан уулын доор цацар татаж, баярын ёсоор угтаж уулзан бууж иртэл, Гуань Шэн хэдүйн хүрч ирээд, мориноос бууж буй. Сүн Жян урагш очиж Шань Тингүй, Вэй Дингуо, Баосюй, Жяо Тин нарын шинэ ирсэн жанжин нарт маш хүнд ёслон мөргөхөд, тэд цөм хариу ёслон мөргөж, хамтаар морилж ууландаа гарав. Их хөгжим үүсгэж “Жун И Тан” танхимд сууж, олноор журам ёсны үг хэлэлцэн суутал, нэг хүн гүйн орж ирээд мэдүүлрүүн: - Өчүүхэн би Ян Линь, Ши Юн лугаа хамт явж хойд зүгээс сонгодог морь авахаар явж, өөр нэгэн учир гарсан тул, яаран хойш буцаж ирэв хэмээн хэлсэнд, олон хүн үзвээс энэ нь “Алтан үст харцгай” Дуань Зиньжү ажгуу. Энэ ямар хэргээр ирсэн ба бас юу хэлэхийг дараахи бүлэгт үзмүү.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top