Хятадын компани дэлхийн хоёр дахь том зэсийн ордыг ашиглана

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 14

Хятадын “Jiangxi Copper” компани Афганистаны зүүн Логар муж дахь Айнак ордод зэсийн хүдэр олборлох боломжийг судалж байна гэж “ Taand” хэвлэлд мэдээлжээ.

Афганистан дахь тогтворгүй байдлаас болж тус компани хөрөнгө оруулсан зэсийн ордод үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүй байгаа бөгөөд боломжтой үе нь ирэхэд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр зэхэж байгаа тухай тус компанийн ерөнхий захирал Жэн Гаоцин мэдэгджээ.

2007 онд тус компани Хятадын төмөрлөгийн корпорацтай хамтран Логар муж дахь зэсийн ордыг хөгжүүлэх тендерт ялжээ. Тус бүс нутагт төмөр зам болон цахилгаан станц барих зэрэг дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байсан ч хэрэгжилт нь нөхцөл байдлын улмаас хойшлоод байгаа гэнэ.

Шинжээчдийн үнэлгээгээр, Айнак орд нь 11 сая тонн зэсийн нөөцтэй бөгөөд дэлхийд хоёр дахь том зэсийн орд юм.

Энэ сарын 8-нд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбин Хятадын эрх баригчид Афганистаны түр Засгийн газартай хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Түүнчлэн, 31 сая ам.доллартой тэнцэх хүнс, эмийн тусламж үзүүлэхээс гадна гурван сая тун вакцин олгохоор болсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top