- Хоригийн жагсаалтад Оросын 35 иргэний нэр багтжээ -
АНУ Оросын 35 иргэний эсрэг хориг тавихаар хэлэлцэх гэж байна. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дэгийн хороо Оросын бизнес эрхлэгчид, сэтгүүлчид, улстөрчдийн эсрэг хориг арга хэмжээ авах боломжийг авч үзэхийг тус улсын удирдлагад санал болгожээ.
Баримт бичигт 35 орос хүний нэр орсон бөгөөд тэдэн дунд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков, ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Элла Памфилова, Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко нарын нэр байгаа аж.
Хоригийн талаарх нэмэлт өөрчлөлтийг санаачлагчдын нэг, Конгрессын гишүүн Том Малиновскийн ярьснаар жагсаалтад хүний эрхийг зөрчсөн байж болзошгүй хүмүүсийн нэр багтсан байна. Баримт бичигт зааснаар АНУ-ын Ерөнхийлөгч 180 хоногийн хугацаанд жагсаалтад орсон хүмүүсийн аль нэг нь “хориг арга хэмжээ авах шалгуур”-ыг хангаж байгаа эсэх талаар нарийвчилсан үндэслэл бүхий санал өгөх аж.
АНУ-ын хоригийн жагсаалтад мөн Росгвардын захирал Виктор Золотов, Холбооны аюулгүй байдлын албаны захирал Александр Бортников, Мөрдөн шалгах хорооны дарга Александр Бастрыкин зэрэг хүмүүсийн нэр багтжээ.
Дэгийн хороо нэмэлт өөрчлөлтийг баталсан ч одоогоор АНУ-ын төлөөлөгчдийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ хянаагүй байна. ТАСС агентлагийн мэдээлснээр хоригийн талаарх баримт бичгийг конгресс хянаж, одоогоор санал төдий байгаа аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн наймдугаар сард ОХУ-ын эсрэг зарим хориг тавихыг зөвшөөрчээ. ОХУ-ын эсрэг шинэ хориг нь Оросын өрөнд хамаарах аж. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим АНУ-ын иргэдэд үндэсний өртэй ОХУ-ын иргэнтэй худалдаа, гэрээ хийхийг хориглох тухайд 2022 оны батлан хамгаалахын төсвийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах юм. Конгрессын вэб сайтад нийтэлсэн баримт бичигт өгүүлснээр энэхүү нэмэлт өөрчлөлтийг энэ сарын 21-нд баталсан гэжээ.
Мөн АНУ-ын Үндэсний тагнуулын алба тус улсын сонгууль бүрд гадныхны хөндлөнгийн оролцоо бий гэж шалгадаг. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс нөлөөлсөн гэсэн хардлага үргэлж байсаар ирсэн нь тус улсын эсрэг хориг тавихад нөлөөлсөөр байна.
Сэтгэгдэл ( 1 )
Mash zov.muusain orosuud boon hulhi