Нобелийн шагналт сэтгүүлч шагналын мөнгөө өвчтэй хүүхдүүдэд зориулна

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 09

Энэ оны Нобелийн Энх тайвны шагналыг Оросын “Новая Газета” сонины ерөнхий редактор Дмитрий Муратов, Филиппиний сэтгүүлч Мария Ресса нарт олгосон билээ.

Норвегийн Нобелийн хороо тэдэнд ардчилал, энх тайвны үндэс суурь болох үг хэлэх эрх чөлөөг хамгаалах талаар хүчин чармайлт гаргасан гэж энэхүү нэр хүндтэй шагналыг олгожээ.

Тэгвэл Оросын сэтгүүлч Дмитрий Муратов шагналынхаа талыг өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд зарцуулна гэлээ. “Новая газета” сонины ерөнхий редактор Нобелийн хорооноос Энх тайвны шагналтны диплом, алтан медаль, мөнгөн шагнал авсан юм.

Муратов 1.14 сая орчим ам.долларын мөнгөн шагналаасаа хүнд болон ховор төрлийн өвчтэй хүүхдүүдэд тусалдаг “Круг добра” санд илгээхээр болсон талаар Оросын хэвлэлүүд мэдээлж байна. Тус санг 2021 оны нэгдүгээр сард Владимир Путин үүсгэн байгуулсан юм.

Нобелийн Энх тайвны шагналт сэтгүүлч шагналынхаа үлдсэн хэсгийг сэтгүүлзүйд зориулах аж. Муратовын шийдвэрийг оросууд дэмжиж, талархал илэрхийлсээр байна.

Түүнд Нобелийн шагнал маш том гэнэтийн зүйл болжээ. Норвегоос утасдахад тэрбээр эхлээд огт итгээгүй гэнэ.

Муратов ОХУ-ын Нобелийн Энх тайвны шагналт гурав дахь хүн болсон юм. Түүний өмнө хүний ​​эрхийн төлөө тэмцэгч Андрей Сахаров, ЗХУ-ын анхны Ерөнхийлөгч Михаил Горбачев нар Нобелийн Энх тайвны шагналыг хүртэж байв. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зохиолч Л. Пүрэвдорж(192.82.89.84) 2021 оны 10 сарын 11

”Новая газета ” бол Оросод үлдээд байгаа цорын ганц чөлөөт сонин. Путины дэглэмийг ил бад шүүмжилсэн ий төлөө энэ сонины Политковская, Шикачихин , Истемирова нарын зэрэг 6 ажилтан алуулсан байдаг. Гэсэн ч Муратовын толгойлсон энэ сонин Оросод хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж, засгийн авилгал, бусад магадгүй үйлдлийг илчлэн зүрх зоригтой мятрахгүй тэмцсээр байгаа нь манай сэтгүүлчдэд ч зоригжуулах үлгэр жишээ болохоор байдаг.

1  |  0
МОНГОЛ ОНИГОО(103.212.118.206) 2021 оны 10 сарын 11

Монголд бол сэтгүүлчид мэргэжлийн бус сайд, дарга сэтэртэн болно.

3  |  0
Top