11 жил, 11 төсөв дамнаад дуусаагүй БАРИЛГУУД

2021 оны 10 сарын 11

Есөн ЖИЛ, Есөн ТӨСӨВ дамнаж барилга барьдаг улс Монголоос өөр  байхгүй болохыг 2018 оны арваннэгдүгээр сард бичиж байв. Мөн  “Арван жил бариад дуусдаггүй Засаг даргын тамгын газрын байр байна” гэдгийг өнгөрсөн 2020 оны аравдугаар сард буюу энэ оны төсөв батлагдахын өмнө тодотгон мэдээлж байсан билээ.  

Тэгвэл ирэх 2022 онд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтаас харахад төсөвт анх тусгагдсанаасаа хойш 11 жилийн нүүр үзэж, 11 дэх төсвөө дамнасан барилга байгууламжууд ч байна.

Сангийн сайд Б.Жавхлан ирэх оны төсвийн зарлага, тэр дундаа хөрөнгө оруулалтын зардлын талаар хэлэхдээ: "Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаа. Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, хувийн хэвшлийн бизнесийн орчныг дэмждэг, дэд бүтцүүдийг бий болгоход төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг чиглүүлнэ. Ковидын нөхцөл байдал үргэлжлэх учраас эрүүл мэндийн салбарыг нэгдүгээрт тавьж байгаа. Бусад нийгмийн салбарын хөрөнгө оруулалтууд дээр бол боломжийнхоо хэрээр хэмнэлтүүдийг хийнэ. Тэгснээр тэр орон зайг дэд бүтэц рүүгээ илүү оруулъя гэсэн зорилтууд тавьж байгаа.

Ирэх жил төрийн байгууллагуудын байшин барилга, унаа машин дээр аль болох мөнгө  тавихгүй байхаар төлөвлөж байна. Шилжих төсвийн хөрөнгө оруулалтуудыг аль болох хурдан дуусгах хэрэгтэй. Олон жил үргэлжлэх тусам л эрсдэл гардаг. Төсөвт өртөг нь нэмэгддэг. Инфляц зэрэг бидний тооцоолоогүй олон эрсдэл гарч ирж байгаа учраас шилжих хөрөнгө оруулалтуудыг  бол бушуухан дуусгах хэрэгтэй. Концессын өрүүдийг бушуухан дуусгах хэрэгтэй. Шинэ хөрөнгө оруулалтуудад  онцгой анхаарна. Тэвчиж болох олон төрлийн хөрөнгө оруулалтууд байна” гэсэн юм.

Тэгвэл Сангийн сайдын хэлсэнчлэн бушуухан дуусгахаар яарч буй, олон жилийн настай барилга байгууламжууд, төслүүд 2022 оны улсын төсвийн төсөлд хэрхэн тусгагдсаныг тодотгон хүргэе.


 

Дүүргийн спорт цогцолбор, 1000 суудал /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/

  • Анх 2010 онд төсөвт тусгасан. 2022 онд дуусгах төлөвлөгөөтэй. Нийт төсөвт өртөг нь 11,014.8 сая төгрөг. Ирэх оны төсвийн төсөлд 2,735.5 сая төгрөг тусгасан.

 

Дүүргийн спорт цогцолбор, 1000 суудал /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/

  • Анх 2010 онд төсөвт тусгасан. 2023 онд дуусгах төлөвлөгөөтэй. Нийт төсөвт өртөг нь 9,936.8 сая төгрөг. Ирэх оны төсвийн төсөлд 2,864.9 сая төгрөг тусгасан.

 

Дүүргийн спорт цогцолбор, 700 суудал /Улаанбаатар, Налайх дүүрэг/

  • Анх  2010 онд төсөвт тусгасан. 2022 онд барьж дуусгах төлөвлөгөөтэй. Нийт төсөвт өртөг 13,497.7 сая төгрөг. 2022 оны төсвийн төсөлд 2,883.5 сая төгрөг тусгасан.

 

Нийслэлийн спорт цогцолбор, 1000 суудал /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/

  • Анх 2010 онд төсөвт тусгасан. 2023 онд дуусгах төлөвлөгөөтэй. Нийт төсөвт өртөг нь 7,280.2 сая төгрөг. Ирэх оны төсвийн төсөлд   2,573.3 сая төгрөг тусгасан.

 

Спорт цогцолбор, 2200 суудал /Дархан-Уул, Дархан сум/

  • Анх 2010 онд төсөвт тусгасан.  2022 онд баригдаж дуусна. Нийт төсөвт өртөг  27,116.0 сая төгрөг. Ирэх оны төсвийн төсөлд 1,878.5 сая төгрөг тусгасан.

 

"Төв халх" дуулалт жүжгийн театр /Дундговь, Сайнцагаан сум/

  • Анх  2011 онд төсөвт тусгасан.  2023 онд дуусна. Нийт төсөвт өртөг  10,543.7 сая төгрөг. Ирэх оны төсвийн төсөлд  1,000.0 сая төгрөг тусгасан.

 

Аймгийн хөгжимт драмын театрын барилга /Архангай, Эрдэнэбулган сум/

  • Анх 2012 онд төсөвт тусгасан. 2022 онд дуусна. Нийт төсөвт өртөг  13,982.2 сая төгрөг.  Ирэх оны төсвийн төсөлд 2,475.9 сая төгрөг тусгасан.

 

Соёлын төвийн барилга /Өмнөговь, Ноён сум/

  • Анх 2012 онд төсөвт тусгасан. 2022 онд дуусна. Нийт төсөвт өртөг 895.0 сая төгрөг. Ирэх оны төсвийн төсөлд 105.4 сая төгрөг тусгасан.

 

Үндэсний номын сангийн барилга /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/

  • Анх  2012 онд төсөвт тусгасан. 2022 онд дуусна. Нийт төсөвт өртөг  19,900.0  сая төгрөг. Ирэх оны төсвийн төсөлд 2,081.8 сая төгрөг тусгасан.

 

Хан-Хэнтий чуулгын барилга /Хэнтий, Хэрлэн сум/

  • Анх  2011 онд төсөвт тусгасан. 2022 онд дуусна. Нийт төсөвт өртөг 11,459.4  сая төгрөг. Ирэх оны төсвийн төсөлд 1,727.0 сая төгрөг тусгасан.

 

Хөгжимт жүжгийн театрын барилга, 800 суудал /Завхан, Улиастай сум/

  • Анх 2011 оны төсөвт тусгасан. 2022 онд дуусна. Нийт төсөвт өртөг 13,492.0 сая төгрөг. Ирэх оны төсвийн төсөлд 1,633.5 сая төгрөг тусгасан.

 

Хөдөө аж ахуйн их сургуулийн хичээлийн 2 дугаар байрын барилга /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/

  • Анх 2012 онд төсөвт тусгасан.  2023 онд дуусна. Нийт төсөвт өртөг  6,996.6  сая төгрөг. Ирэх оны төсөвт 361.7 сая төгрөг тусгасан.

 

Гэр хорооллын дахин төлөвлөлт, инженерийн дэд бүтэц /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/

  • Анх 2013 онд төсөвт тусгасан.  2022 онд дуусна. Нийт төсөвт өртөг  5,000.0 сая төгрөг. Ирэх оны төсөвт 500.0 сая төгрөг тусгасан.

 

Сумын төвийн шинэчлэлт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эмнэлэг, 100 ор /Дорноговь, Замын-Үүд сум/

  • Анх 2013 онд төсөвт тусгасан.  2022 онд дуусна. Нийт төсөвт өртөг  8,058.0  сая төгрөг. Ирэх оны төсвийн төсөлд 1,651.9 сая төгрөг тусгасан.

 

Дулааны цахилгаан станц 4-өөс У-18 хүртэлх /Москва хорооллын урд тал хүртэл/ 4.2 км, 800-ийн голчтой дулааны шугамын барилга угсралтын ажил /Улаанбаатар/

  • Анх 2014 онд төсөвт тусгасан. 2023 онд дуусна. Нийт төсөвт өртөг  16,987.3 сая төгрөг. Ирэх оны төсвийн төсөлд   1,800.0 сая төгрөг тусгасан.

 

Усан спорт цогцолбор /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, Найрамдал зуслан/

  • Анх 2014 онд төсөвт тусгасан. 2023 онд дуусгах төлөвлөгөөтэй. Нийт төсөвт өртөг нь 16,056.2 сая төгрөг. Ирэх онд  3,456.2 сая төгрөг тусгасан.

 

Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11 г, д Ø800-ийн гол шугамыг Ø1000 мм голчтой болгон өргөтгөх зураг төсөв, барилга угсралтын ажил /1 дүгээр хорооллын урд талаас баруун 4 замын уулзвар хүртэл, павильон 19-өөс 3/11 холбоос хүртэл 3.4 км/ /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/

  • Анх 2014 онд төсөвт тусгасан.  2024 онд дуусна. Нийт төсөвт өртөг  24,949.0 сая төгрөг. Ирэх оны төсвийн төсөлд  2,000.0 сая төгрөг тусгасан.

 

Сургуулийн барилга, 220 суудал /Хөвсгөл, Цагаан-Үүр сум/

  • Анх  2014 онд төсөвт тусгасан.  2023 онд дуусна. Нийт төсөвт өртөг  2,023.5 сая төгрөг. Ирэх оны төсөвт 102.9 сая төгрөг тусгасан.

 

Цэцэрлэгийн барилга, 150 ор /Орхон, Баян-Өндөр сум/

  • Анх 2014 онд төсөвт тусгасан.  2022 онд дуусна. Нийт төсөвт өртөг 1,651.4 сая төгрөг. Ирэх оны төсөвт  178.5 сая төгрөг тусгасан.

 

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн дотуур байр /Орхон/

  • Анх  2013 онд төсөвт тусгасан.  2022 онд дуусна. Нийт төсөвт өртөг 3,473.9 сая төгрөг. Ирэх оны төсвийн төсөлд  100.0 сая төгрөг тусгасан.

 

Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийн байр /Орхон, Баян-Өндөр сум/

  • Анх 2013 онд төсөвт тусгасан. 2022 онд дуусна. Нийт төсөвт өртөг 5,208.9 сая төгрөг.  Ирэх оны төсвийн төсөлд  1,914.1 сая төгрөг тусгасан.

 

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийн барилга төслийн монголын талын хөрөнгө /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/

  • Анх 2015 онд төсөвт тусгасан.  2023 онд дуусна. Нийт төсөвт өртөг  12,900.0 сая төгрөг. Ирэх оны төсвийн төсөлд  3,507.6 сая төгрөг тусгасан.

 

Буянт-Ухаа орон сууцын хорооллын бохир ус цэвэрлэх 20000 м3 байгууламжийн гадна дулааны шугамын нэмэлт ажил /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/

  • Анх 2016 онд төсөвт тусгасан. 2022 онд дуусна. Нийт төсөвт өртөг 1,260.3  сая төгрөг. Ирэх оны төсөвт 146.5 сая төгрөг тусгасан.

 

FМ-104.5 радиогийн хажуугийн 250 метр замыг асфальтан зам болгох, сансрын колонкийн арын төв зам хүртэлх /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/

  • Анх 2016 онд төсөвт тусгасан.  2023 онд дуусна. Нийт төсөвт өртөг  500.0 сая төгрөг. Ирэх  оны төсвийн төсөлд  172.6 сая төгрөг тусгасан.

 

Дашрамд тодотгоход, ирэх оны эдийн засгийн өсөлтийг 5 хувьтай байна гэж тооцож буй Засгийн газар төсвийн нийт орлогыг 16.4 их наяд төгрөг, зарлагыг 18.1 их наяд төгрөг байхаар төсөлдөө тусгасан бөгөөд “Хөгжлийн төсөв” болсон гэж тодотгож буй.

Тэгвэл дунд, урт хугацааны хөгжлийн суурийг бататгахад чиглэсэн гэх 2022 оны төсвийн төсөлд нийт 2.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг тусгажээ. Гэхдээ ирэх оны төсөвт тусгасан төслүүдийн нийт төсөвт өртөг 5.9 их наяд төгрөг бөгөөд жишгийн дагуу жил дамнасан санхүүжилтүүд шаардагдах юм.

Ирэх оны төсвийн төсөлд нийт 18.2 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 5334 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн аж.

Нийт төсөл, арга хэмжээний төлөвлөлтийг 2021 оны  дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн улсын хэмжээнд орон нутаг, салбар яам, Сангийн яам гэсэн гурван  түвшинд, хоёр үе шаттай төлөвлөж, төслүүдийн эрэлт хэрэгцээ, нийгмийн ач холбогдлыг тооцох, мөн төслүүдийн хэрэгжүүлэх бэлэн байдал хэр хангагдсан талаар үнэлгээг 16 шалгуур үзүүлэлтээр цахим системээр төлөвлөн ажилласан гэж Сангийн яамнаас тодотгосон.

Түүнчлэн нийт 5,943.6 тэрбум төгрөгийн зардалтай 2022 онд санхүүжих 2,137.0 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 1334 төсөл, арга хэмжээг төсвийн төсөлд тусгажээ.

2021 оны түвшнээс зам тээврийн салбарын шинэ хөрөнгө оруулалтыг 7.5 дахин, барилга байгуулалтын салбарын шинэ хөрөнгө оруулалтыг 4.1 дахин, эрчим хүчний салбарын шинэ хөрөнгө оруулалтыг 6.4 дахин их төлөвлөсөн. Тодруулбал, зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж 2022 оны ДНБ-ийг 820 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх төсөөлөл Засгийн газарт байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top