Б.Энхбаяр: Тоон гарын үсгээс гадна бичлэг хийх хуулийн орчныг бүрдүүлэх ёстой

2021 оны 10 сарын 29

УИХ чуулганы өчигдрийн (2021.10.28) хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын Инноваци цахим бодлогын байнгын хорооны дарга Ч.Учрал танилцуулгадаа “Цахим гарын үсгийн тухай хууль 2011 онд батлагдсан, зургаан бүлэг, 36 зүйлтэй. Уг хууль батлагдсанаас хойш гурван удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр нийт гурван зүйл, заалтад өөрчлөлт оржээ.

Энэ хуулийг баталснаас хойш есөн жилийн хугацаанд иргэн, хуулийн этгээдэд нийт 38407 тоон гарын үсэг олгогдсон байгаа нь практикт тус хуулийн хэрэгжилт туйлын хангалтгүй байгааг бодитойгоор харуулж байна. Өөрөөр хэлбэл, эдгээр олгосон тоон гарын үсгийн ихэнх нь аж ахуйн нэгж, байгууллагад олгогдож, иргэн бүрийг тоон гарын үсэгтэй болгох ажил ихээхэн удаашралтай байгаа юм. Иймд Цахим гарын үсгийн тухай хуулийн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөх, практикт үүсээд байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх замаар цахим орчинд цахим гарын үсгийг ашиглан үйл ажиллагаа явуулах боломжийг сайжруулах шаардлагатай” гэсэн юм.

Улмаар Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэн бүрт тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй олгож, түүний иргэний үнэмлэхийн санах ойд тоон гарын үсэг хэрэглэхтэй холбоотой мэдээллийг байршуулахаар зохицуулсан гэдгийг тайлбарлав.Түүнчлэн Цахим гарын үсгийн гэрчилгээний хүчинтэй хугацааг иргэнд таван жил, гадаад улсын иргэн, харъяалалгүй хүн, хуулийн этгээдэд гурван жил хугацаагаар олгохоор тус тус зохицуулсан байна.

Үүнээс гадна хуулийн төсөлд гадаадын иргэн хүсэлт гаргаж, тоон гарын үсэг авч болох зохицуулалтыг шинээр тусгаж, түүний оршин суух хугацаагаар, эсхүл таван жилээс дээш хугацаагаар оршин суух бол гэрчилгээг таван жилийн хугацаагаар олгохоор оруулсан аж. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд хэрхэн асуулт асууж, байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Миний хувьд уг төслийг дэмжиж байна. Бид тусгай зөвшөөрөлтэй хувийн компаниудтай түншлэх зарчмаар дэмжиж хуулиа явуулж байгаа. Нөгөө талдаа хувийн хэвшил хэт ашиг олох зорилгоор явах, цаашдаа үнээ хяналтгүйгээр өөрсдөө бизнесийн зорилгоор ашиглаад явах боломжийг хаах ямар хаалтууд байгаа вэ. Хоёрдугаарт, цахим гарын үсэг дээр манай эрх зүйн тогтолцооны уламжлал, шинэчлэлийн ялгаа байх шиг байгаа юм.

Тухайлбал, таван жилийн өмнө эдийн засгийн Нобелийн шагнал авсан герман эрдэмтэн газар болон үл хөдлөх хөрөнгө дээр бол цаасан баримт бол найдвартай эх сурвалж болно гэдэг дүгнэлт өгсөн юм билээ. 2009 оны хямралын үеэр англи саксоны буюу наториатын тогтолцоо эрсдэлгүй гэдэг нь нотлогдсон. Нотариатын тогтолцоогүй газруудад их л зээл олгож байвал сайн гэдэг банк-иргэн гэсэн шууд харилцаа үүссэн учраас тэнд илүү их эрсдэл гарсан гэж дүгнэсэн юм билээ. Франц, Герман улсууд бага өртсөн шалтгааны нэг нь эрсдлээс хамгаалсан нотариатын тогтолцоотой байсан учраас гэсэн дүгнэлт гарсан. Энэ надад сонирхолтой санагдаж байсан.

Дээрх улсууд тоон гарын үсгээр бас яг гэрээгээ баталгаажуулахгүй байна лээ. Гэрээ хийж байх процессыг лайв байдлаар үлдээдэг болсон байна. Дараа нь маргаан гарвал бичлэг өөрөө нотлох баримт болно гэж үнэлдэг юм билээ. Тэгэхээр зөвхөн тоон гарын үсэг биш бичлэгээр гэрээ хийх энэ зохицуулалтыг хаачихаагүй биз дээ. Зөвхөн цахим гарын үсэг л байвал хүчинтэй гэсэн хувилбар оруулаагүй биз. Энэ бас эрсдэлтэй шүү. Гуравдагч этгээд хакердах гэхчлэн эрсдэлээс компани ганцаараа сэргийлж чадахгүй. Тиймээс голд нь заавал бичлэг хийж бичлэг хийж баталгаажуулах ёстой.

УИХ-ын Инноваци цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал:

-Манай улс 2011 онд цахим гарын үсгийн хуулийг баталснаас хойш хэрэглээнд нэвтрүүлэх гэж оролдож эхэлсэн. Гэхдээ одоо нийгмийн даатгалын тайлан өгөхөд эсвэл тендер дуудлага худалдан авах ажиллагаанд оролцоход тоон гарын үсгийг хэрэглэж байгаа болохоос биш яг нийтийн хэрэглээнд нэвтрээгүй байна. 10 жилийн хугацаанд 38 мянган тоон гарын үсэг гарсан гэдэг бол маш бага тоо. Энэ хуулийг баталснаар цахим гарын үсгийг өргөн хэрэглээнд нэвтрүүлэх зорилт дэвшүүлж байгаа. Үүнийг зөвхөн хувийн байгууллагууд хийх ажил биш юм билээ. Улсын бүртгэлийн байгууллагаас үнэмлэх дээр тоон гарын үсэг суулгаж өгдөг, түүгээрээ баталгаажуулалт хийгээд явчихдаг байх хэрэгтэй. Үнийн асуудал дээр иргэд нэг удаа гарын үсэг авсан бол дахиад авах хэрэггүй.

УИХ-ны гишүүн Б.Баттөмөр:

-Цахим гарын үсэг авсан хүний тоо 38 мянга байна гэлээ. Хууль батлагдаад арван жил болж байгаатай харьцуулахад маш бага тоо. Дэлхийн бусад улс орнууд сая саяараа тоон гарын үсэг ашиглаж байна шүү дээ. Цахим гарын үсгээс гадна цахим тамга, цахим баримт бичиг, цахим гүйлгээний журам яаж хийгдэх талаар ямар төлөвлөгөө байна. Гарын үсгийн асуудлыг шийдчихээд бусад асуудлыг шийдэхгүй бол болохгүй. Аюулгүй байдлын чиглэлээр ямар арга хэмжээ авах юм бэ.

УИХ-ын Инноваци цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал:

-Цахим гарын үсгийн талаар ойлголт өнгөрсөн хугацаанд иргэдэд хүрээгүй гэдэгтэй санал нэг байна. Тэр нь манай төрийн байгууллага, хувийн хэвшлийнхэнтэй холбоотой л доо. Энэ хууль гарсны дараа олон тайлан мэдээ, мэдээлэл тоон гарын үсгээр гарна гэсэн үг. Ер нь цаашдаа цахим засаглалыг хөгжүүлэхэд тоон бичиг соёлын хэрэглээг нэвтрүүлэх нь чухал болно. Аюулгүй байдлын асуудлыг дараа долоо хоногт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэнэ. Кибер аюулгүй байдлын тухай хуулиар ярина.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

-Энэ хуулийг зарчмын хувьд дэмжиж байна. Хуулийн 23.2 дээр тусгай зөвшөөрлийг Монгол Улсад байгуулагдсан компанид өгнө гэжээ. Үүнийг хуулийн этгээдэд гэж оруулбал зөв юм биш үү. Хоёрдугаарт, гадаадын улс орнуудыг харахад тоон гарын үсгийн 95 хувь нь банкны салбарт ашиглагддаг. Тэгэхээр тусгай зөвшөөрөл өгдөг эрхийг нь Монголбанкинд өгчихвөл илүү зөв болох юм биш үү. Тэгж байж л өнөөдөр банкны систем чинь илүү төгөлдөршинө шүү дээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Цахим гарын үсгийн тухай хуультай холбогдуулж Улсын бүртгэлийн ерөнхий газарт есөн хүний орон тоо нэмэгдэх юм байна. Нэг хүний зардал жилдээ 13.3 сая төгрөг. Үйл ажиллагааны зардалд нь 120.1 сая төгрөг буюу нийтдээ 133.4 сая төгрөгийн зардал гарна. 133 сая төгрөг зарцуулаад, биет болон биет бус утгаараа эдийн засагт үзүүлэх үр өгөөжийн талаар судалсан уу.

УИХ-ын Инноваци цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал:

-Энэ хууль 2022 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжих бүрэн боломжтой гэж үзэж байна. Хуулийн дэвшлээр Улсын бүртгэлийн ерөнхий газар өөрсдөө 2.2 мянган иргэнээ тоон гарын үсэгтэй болгоно гэж тооцсон. Мэдээж бүх иргэн тоон гарын үсэгтэй болчихвол байгууллагууд дотооддоо журмаараа зохицуулаад, тоон гарын үсэг хэрэглэнэ. Шаардлагатай тайлан мэдээлэл бүгд цахимд шилжих боломжтой. Энэ хуулийн дагуу гуравдугаар сарын 1-нээс өмнө УБЕГ иргэдээ бүгдийг нь тоон гарын үсэгтэй болгоно. Ингэснээр жил бүр хэмнэлт мэдрэгдэнэ. Тэгж байж Монгол Улс цахим засаглалд шилжинэ. Түүнээс биш салбар бүрт мэдээллийн технологийн төв байгуулна гэж хэн ч хэлээгүй Ер нь бидэнд нэг буруу хандлага байна. Цахим шилжилт хийнэ гэхээр хүн л нэмэгдээд байдаг. Уг нь багасах ёстой шүү дээ.

Ж.САЙХАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu