СЗХ: Хяналт шалгалтын үр дүнг сайжруулна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 12 сарын 23

Санхүүгийн зохицуулах хороо энэ оны сүүлийн хуралдаанаа хийсэн байна. Хуралдаанаар “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын бодлогын баримт бичиг”-ийг баталжээ. Ингэснээр Хорооноос зохицуулалттай салбаруудад хэрэгжүүлж буй хяналт шалгалтын үйл явц, төрөл хэлбэр, тэдгээрийн уялдаа холбоог тайлбарлах, хяналт шалгалтын чиг хандлага, бодлогыг тодорхойлж, дунд ба урт хугацаанд тэдгээрт хүрэх зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох боломж бүрдэж байна гэлээ. Мөн ил тод байдлыг дэмжих, хяналт шалгалтын үр ашгийг сайжруулах, үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашиг, мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах, инновацийг дэмжсэн оновчтой хяналтын орчныг бүрдүүлэх, мэргэжлийн ёс зүйг гол чиглэл болгох үр дүнд нь санхүүгийн тогтвортой байдлыг хангаж ажиллах нөхцөл бүрдэнэ гэж тайлбарлаж байна.   

 

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэв

Хуралдаанаар нэг компанид хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл бүхий 26 компанийн дүрэмд өөрчлөлт оруулах зөвшөөрөл олгожээ. Түүнчлэн гурван компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, тэдгээрийн гаргах баталгаат үнэт цаасыг бүртгэхээр шийдвэрлэжээ. Мөн нэг хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахын зэрэгцээ гурван компанид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын, нэг компанид үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Журамд өөрчлөлт орууллаа

Хуралдаанаар зээлийн батлан даалтын хүртээмжийг нэмэгдүүлэх, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журам”-д өөрчлөлт орууллаа. Тодруулбал нэг зээлдэгч болон холбогдох этгээдэд олгох батлан даалтын хэмжээг сангийн өөрийн хөрөнгийн 3 хувиас хэтрэхгүй байхаар өөрчилж, үйлчлэлийн хугацааг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мөрдөхөөр шийдвэрлэжээ.

Банк бус санхүүгийн байгууллагууд 2008 оноос хойш үйл ажиллагаандаа мөрдөж буй “Банк бус санхүүгийн үйл ажиллагаанд хөтлөх нягтлан бодох бүртгэлийн заавар, дансны нэгдсэн жагсаалт, санхүүгийн тайлангийн маягт, санхүүгийн тайлангийн тодруулга бэлтгэх аргачлал”-ыг шинэчлэн боловсруулсныг хуралдаанаар   хэлэлцүүллээ.

 

23 удаагийн хуралдаанаар нийт 546  асуудал шийдвэрлэжээ

Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны ээлжит нийт 23 удаагийн хуралдаанаар зохицуулалтын салбарын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түргэн шуурхай явуулах, зохицуулах зорилгоор 546 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Мөн “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”, “Банк бус санхүүгийн байгууллагаас гаргах хаалттай өрийн бичгийг бүртгэх, түүнд хяналт тавих журам” зэрэг нийт 18 журам, заавар, бодлогын баримт бичгийг баталж, хэрэгжүүлж эхэлсэн бол хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудаар нийт 593 тогтоол гарсан гэж СЗХ-ноос мэдээллээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top