Эрдэс бүтээгдэхүүний импортын 84%-ийг шатахуун эзэлж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 12 сарын 27

2021 оны 11 дүгээр сарын  байдлаар нийт импорт 6,187.9 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1,301.3 сая ам.доллар буюу 26.6 хувиар өссөн байна. Үүнээс, Эрдэс бүтээгдэхүүний импорт 1,169.9 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 252.2 сая ам.доллар буюу 27.5 хувиар өсжээ.

Эрдэс бүтээгдэхүүний импортын үнийн дүнгийн 84 хувийг газрын тосны бүтээгдэхүүн эзэлж байна. 11 дүгээр сарын байдлаар 982.5 сая ам.долларын 1,579.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 112.7 мян.тн буюу 6.7 хувиар буурсан ч, үнийн дүнгээр 239.6 сая ам.доллар буюу 32.2 хувиар өссөн байна.

Газрын тосны бүтээгдэхүүний импортын нийт үнийн дүнгийн 86.6 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 34.4 хувийг автобензин, 52.2 хувийг дизель түлшний импорт тус тус эзэлж байна.

Арваннэгдүгээр сарын байдлаар 338.6 сая ам.долларын 509.3 мян.тн автобензин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 35.8 мян.тн буюу 6.6 хувиар буурсан ч, үнийн дүнгээр 110.7 сая ам.доллар буюу 48.6 хувиар өссөн байна. 1 тн автобензины импортын дундаж үнэ 664.8 ам.доллар болж, 246.8 ам.доллар буюу 59.0 хувиар өсжээ.

Мөн хугацаанд 512.5 сая ам.долларын 889.6 мян.тн дизелийн түлш импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 126.9 сая ам.доллар буюу 32.9 хувиар өссөн ч, биет хэмжээгээр 27.2 мян.тн буюу 3.0 хувиар буурчээ.

1 тн дизель түлшний импортын дундаж үнэ 576.1 ам.доллар болж, 155.5 ам.доллар буюу 37 хувиар өссөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top