Монголын асарт 100 мянга дахь зочин зочилжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 12 сарын 27

АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн “ЭКСПО 2020” нь “Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг цогцлоон бүтээх нь” уриатайгаар зохион байгуулагдаж байна. 438 га талбайг хамарсан үзэсгэлэн арга хэмжээнд 191 улс орон оролцож, өөрийн улс орноо 6 сарын туршид дэлхий дахинд сурталчилж байгаагийн нэг нь манай улс билээ.

Монгол Улсаас тус үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Гадаад харилцааны яам, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, хамтран зохион байгуулагчаар Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Үндэсний Музей, Монголын Үндэсний Номын сан, Зэв дижитал нүүдлийн музей, Монголын павильоны хөрөнгө оруулалтын хэсэгт "Эрдэнэс-Тавантолгой" ХК дэмжин ажиллаж байна.

2021 оны 10 дугаар сарын 1-нд үзэсгэлэн нээгдсэнээс хойш арванхоёрдугаар сарын 24-нд Монгол Улсын асарт 100.000 дахь зочин зочиллоо. Зуун мянга дахь зочин  Мухамед Алканийн гэр бүл байсан бөгөөд Монголын асрын зүгээс дурсгалын бэлэг гардуулав.

2021 оны 12 дугаар сарын 2-нд АНЭУ-ын Үндэсний өдрөөр манай улсын асарт хамгийн их буюу 7450 зочин зочилсон бол бусад өдрүүдэд дунджаар 1200-1500, амралтын өдрүүдэд 2800-3000 зочин зочилж байна гэж МҮХАҮТ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top