Худалдаа, үйлчилгээний салбарынхны саналыг Засгийн газарт хүргүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 05

Худалдаа, үйлчилгээний салбарт төрийн хяналт, шалгалтыг бууруулахтай холбоотойгоор шинэчлэх, сайжруулах шаардлагатай хууль, дүрэм, журам, стандартуудын талаар ярилцаж, санал боловсруулан Засгийн газар хүргүүлэх цахим уулзалтад МҮХАҮТ-ын дэргэдэх Худалдааны бодлогын зөвлөл болон худалдааны салбарын компаниудын төлөөлөл оролцсон байна.

Манай улсад жижиглэн худалдааг зохицуулсан хууль байхгүй. Энэ төрлийн үйлчилгээг MNS 5021-1 : 2019 Стандарт (Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага)-аар зохицуулж ирсэн. 

Уг стандартын дагуу жижиглэн худалдааны газрын хүчин чадлыг худалдааны талбайн хэмжээнээс хамаарч 8 төрлөөр ангилж байгаа нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зарим дэлгүүрийн хувьд зөрчилдөж байгаа юм. 

Тиймээс өсөн нэмэгдэх эрэлт хэрэгцээ, нийгмийн шаардлагатай нийцүүлэн стандартаа зарим талаар шинэчлэх шаардлагатай байгааг худалдааны салбарынхан хэлж байна.

Мөн оролцогчдын зүгээс Тохирлын гэрчилгээ, Лабораторийн  итгэмжлэлийн гэрчилгээ авахаар материалаа бүрдүүлж өгөөд, баталгаажуулалтын зөвлөл болон үнэлгээний ажлын хэсгийн хурлыг хэдэн сараар хүлээх тохиолдол гардаг байна.

 Импортолж буй бараа, бүтээгдэхүүнд шошгын хэлний шаардлага тавьдаг бөгөөд импортоор оруулж ирсний дараа бус заавал хилийн цаана шошгоо наах шаардлага тавьж байгаа нь хүндрэлтэй байна гэлээ.

Худалдаа, үйлчилгээний салбарын хувьд хэрэглэгчдээс ирсэн гомдлыг шуурхай шийдвэрлэх, хэрэглэгчийг хохиролгүй болгох дотоод зохицуулалтыг бий болгож эхэлсэн.

 Хэрэглэгч тухайн байгууллагаас гадна ШӨХТГ-т гомдлоо мэдэгддэг, хохирлоо барагдуулж, гомдолгүй гэсэн ч  холбогдох төрийн байгууллагад гаргасан гомдол харагддаггүй байна.

 Түүнчлэн нийт ажилтнуудаа жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулахдаа зөвхөн улсын эмнэлэгт хандах шаардлагыг өөрчилж, хувийн хэвшлийн эмнэлэгт ч үзлэг хийлгэх боломжтой болгох зэрэг саналуудыг хэллээ.

МҮХАҮТ-аас худалдаа, үйлчилгээний салбарынхны дээрх болон бусад бичгээр ирүүлсэн саналуудыг нэгтгэн Засгийн газарт хүргүүлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top