Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд олон хүндрэл байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 05

Өнөөгийн байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71 хувь, экспортын 94 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна.

Энэ салбарын нөлөөлөл нэмэгдэхийн сацуу уул уурхайн бүтээгдэхүүний дотоод, гадаад зах зээлийн арилжаанд олон хүндрэлүүд гарч байна. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнэ, худалдааны нөхцөл, бүтээгдэхүүний чанарын талаарх мэдээлэл нээлттэй ил тод бус байдгаас үр ашигтай гэрээ хэлцэл хийх боломж муу, зардал өндөр, уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулах зохион байгуулалттай зах зээл бий болоогүйн улмаас бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээлийн үнээс үлэмж доогуур байна.

Гэрээний үндсэн дээр арилжаалагдах уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ нь гэрээний үнээр тогтоогдож, хууль тогтоомжийн дагуу албан татвар, төлбөр, хураамж ногдож байна. Гэвч гэрээгээр тохирсон үнэ нь зах зээлийн ханшаас үлэмж зөрүүтэй байдгаас уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтаас олох орлогыг ихээхэн бууруулсан  зэрэг асуудлууд тулгарч байна. 

Тэгвэл уг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх үүднээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top