Монголын Үндэсний Дотоод Аудиторуудын Холбоо (IIA Mongolia chapter)-ноос жил бүр зохион байгуулдаг Монгол Улсын Дотоод аудиторуудын Форум буюу Annual Conference 2021 нь “Insight into the Future” уриа дор, виртуал хэлбэрээр 2021.12.27-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Уг виртуал форумд 100 орчим аудитор, эрсдэлийн мэргэжилтэн, судлаачид оролцсон бөгөөд Форумын нээлтийг IIA Mongolia chapter-ын УЗ-ийн дарга, Голомт банкны Аудит хариуцсан захирал А.Одонбаатар нээж, үг хэлсэн бол IIA Global-ын Гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгч Энтони Пьюлиеси форумд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлснээр үндсэн илтгэлүүд эхэлсэн юм.
Эхний илтгэгч Стратеги судалгааны хүрээлэнгийн эдийн засагч Н.Энхбаяр байсан бөгөөд Монгол Улсын Макро эдийн засгийн 2022 оны төлөв байдал, анхаарах асуудлууд сэдэвт илтгэл танилцуулав.
Дараа нь сүүлийн үед хурцаар тавигдаж буй сэдэв болох Нийлүүлэлтийн хэлхээн дэх кибер аюулгүй байдлын эрсдэлийн талаар илтгэлийг MNCERT/CC-ийн УЗ-ийн гишүүн М.Отгонпүрэв танилцуулсан бол Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ 2022 оны Хөрөнгийн зах зээлийн төлөв байдлын талаар сонирхолтой илтгэл тавьсан.
Удаах хэсэгт Голомт банкны Зээлийн газрын захирал М.Наранхүү Бизнес процесс менежментийн талаар, ММНБИ-ийн УЗ гишүүн Ш.Энхтүвшин Мөнгө угаах, терроризмтой тэмцэх үйл ажиллагаа ба дотоод аудиторын үүрэг хариуцлагын талаар тус тус сонирхолтой илтгэлийг танилцуулсан.
Дараа нь Монгол банкны газрын захирал Н.Баярдаваа Төрөөс 2022 онд баримтлах Мөнгөний бодлогын талаар танилцуулсан бол ОУСК-ийн Үйл ажиллагааны ахлах ажилтан Л.Савас Турк улсаас оролцож, Нийгэм, Байгаль орчин, Засаглалын үнэлгээ хийхэд Дотоод аудиторуудын үүрэг хариуцлага сэдэвт чухал асуудлын талаархи танилцуулга хийсэн.
Төгсгөлийн хэсэгт Мэдээллийн технологийн аудитын хөгжил, Дотоод аудитын хууль эрхзүйн орчин сэдэвт сонирхолтой хэлэлцүүлгүүд болсон.
Мөн Форумын үеэр МҮДАХ-ны 5 жилийн ойн видеог гишүүдэд танилцуулсан, Дотоод аудитыг сурталчлах сарын ялагч АПУ ХК-ийн төлөөлөл шагналын цомыг гардсан, холбооны менежер Г.Болормаа “Банк Санхүүгийн тэргүүний ажилтан” тэмдгээр шагнуулсан зэрэг онцлох үйл явдлууд боллоо.
Форумд оролцсон оролцогчид, сонирхолтой, үр өгөөжтэй мэдээлэл өгсөн нийт илтгэгчдэдээ болон зохион байгуулагч нартаа талархал илэрхийлж, сайн сайхныг хүсье.
Форумын зургийн цомгийг доорх линкээр үзнэ үү.
Сэтгэгдэл ( 0 )