Цар тахлын улмаас хойшлогдоод байсан Монгол, Францын хөдөө аж ахуйн яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг өчигдөр /2022.01.11/ цахим хэлбэрээр зохион байгуулжээ.
Уулзалтыг Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, францын талаас Хүнс, хөдөө аж ахуйн яамны Европ, олон улсын хамтын ажиллагааны газрын дарга ноён Фредерик Ламберт нар тус тус даргалж, хоёр орны Элчин сайд нар болон холбогдох албаны хүмүүс оролцсон байна
Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар талууд хөдөө аж ахуй, хүнсний салбар дахь өнөөгийн байдал, баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй хоёр талын төсөл хөтөлбөрийн явцыг танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэл, боломжуудын талаар санал солилцжээ.
Тухайлбал, цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицох чадвартай малын удмын сан, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, газар зүйн заалтын бүтээгдэхүүнийг Европын холбоонд бүртгүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдийг холбож өгөх, санхүүгийн эх үүсвэрийг олоход нь дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих санаачилгын хүрээнд жимс, жимсгэнийн мод тарих чиглэлээр туршлага судлах, жил бүрийн 10 дугаар сард Франц Улсын Клермон Феррон хотноо зохион байгуулдаг “Сомме дэ Элваж” мал аж ахуйн үзэсгэлэнд Монгол Улс хүндэт зочны хувиар оролцох, Франц дахь хөдөө аж ахуйн хоршооллын туршлагаас хуваалцах, малын бэлчээрийн асуудлаар төрийн бус байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөдөө аж ахуйн инноваци, гарааны бизнесийг дэмжих болон олон улсын санал санаачилгад нэгдэх, сургалт вэбинар зохион байгуулах зэрэг хамтын ажиллагааны боломжуудыг талууд тодорхой авч хэлэлцжээ.
Түүнчлэн энэ оны эхний хагаст Франц Улс Европын холбооны Зөвлөлийг даргалж байгаатай холбогдуулан Францын Засгийн газраас олгож байсан “Хүнсний тусламжийн сан”-гийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд Европын холбооноос дэмжлэг хүсэх боломжийг эрэлхийлж хамтран ажиллах, яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолыг цахим хэлбэрээр ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцсон байна.
Сэтгэгдэл ( 2 )
Hyatad Orosoos sudalsan ni deergui yu
Энэ засгийг огцруулаачээ. Мод тарихад хүртэл