УИХ-аас Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан билээ. Түүнчлэн үүнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны зүгээс Банкны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, банкны системд нөлөө бүхий банкнууд хувьцаагаа олон нийтэд санал болгож, нээлттэй хувьцаат компани болоход бодлогын түвшинд дэмжих зорилгоор холбогдох эрх зүйн зохицуулалтын орчныг тодорхой болгох, шаардлагатай дүрэм, журмыг баталж мөрдүүлэх ажиллагааг хэрэгжүүлж байна.
Банкны системд нөлөө бүхий 5 банк, мөн системийн бус нэг банк олон нийтэд анх удаа хувьцаагаа санал болгох ажиллагаа /IPO/-г хэрэгжүүлэх замаар нээлттэй хувьцаат компани болох юм.
Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөний өгсөн мэдээллээр банкуудын IPO-ны хүрээнд урьдчилсан төсөөллөөр дотоодын зах зээлээс нийт 620 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр байна.
Мөн тэрбээр "Банкны тухай хуульд заасан шаардлагын дагуу эдгээр банкууд 2022 оны 6 дугаар сард багтан нээлттэй хувьцаат компани болсноор Монгол Улсад нийт хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 10 их наяд төгрөгт хүрнэ гэсэн өндөр хүлээлт зах зээлд оролцогчдын дунд байна. Нөгөөтэйгүүр, банкны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд банкнууд олон нийтэд хувьцаагаа санал болгож, шаардлагатай санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлэх замаар нээлттэй хувьцаат компани болоход тухайн үнэт цаас гаргагч банк, түүнтэй гэрээ байгуулсан андеррайтерийн компанийн хамтын үйл ажиллагааны үр дүн, тэдгээрт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн мэргэжлийн болон стратегийн хөрөнгө оруулагчид, олон нийтээс татан төвлөрүүлэх мөнгөн хөрөнгийн хэмжээ, зах зээлийн нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлсээс хамаардаг гэдгийг онцлох нь зүйтэй" гэсэн мэдээллийг өгч байна.
Сэтгэгдэл ( 0 )