ШӨХТГ-ын даргын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/03 дугаартай удирдамжийн дагуу иргэд, хэрэглэгчдээс ирүүлсэн гомдол мэдээлэлд үндэслэн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /ломбард/ эрхлэгчдийн үйл ажиллагаанд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдаж буй эсэхийг тогтоох зорилгоор 2022 оны нэгдүгээр сарын 06-13-ны өдрийн хооронд хяналт, шалгалтын ажлыг хийж гүйцэтгэжээ.
Хяналт, шалгалтад нийт 16 барьцаалан зээлдүүлэх газар /ломбард/ хамрагдсанаас 2 аж ахуйн нэгж буюу 12,5 хувь нь хуулийн хэрэгжилтийг хангаж байгаа бөгөөд үлдсэн 14 аж ахуйн нэгж буюу 87,5 хувь нь хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй байсан байна.
Тиймээс зөрчил гаргасан аж ахуй эрхлэгчдэд хуулийг хэрэгжүүлж ажиллах хугацаатай АЛБАН ШААРДЛАГА өгч , хэрэгжилтийг хангуулах , шаардлагатай тохиолдолд коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу аж ахуйн нэгжийн бүртгэлийн чиглэлээс барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг хасуулах зэрэг арга хэмжээ авч ажиллахаар болжээ. Түүнчлэн тус зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Улсын байцаагчийн АЛБАН ШААРДЛАГА, ЗӨВЛӨМЖ хүргүүлэхээр ажиллаж байна гэж ШӨХТГ-аас мэдээллэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )