Өмнөговь аймгийн Онцгой комиссын хуралдаан өчигдөр /2022.01.20/ болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Тухайлбал, сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, баярын үеэр айл хэсэлгүй, гэртээ зочин урихгүй байхыг уриалсан байна. Мөн олон нийтийг хамарсан үзвэр үйлчилгээ, спортын тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулахыг хориглов.
Хүүхдүүдийн өвчлөлийн 60 гаруй хувийг дархлаажуулалтад хамрагдаагүй насны хүүхдүүд эзэлж байна. Иймд бүх төрлийн секц, дугуйланг халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа эсэх, заалыг 50 хувийн дүүргэлттэй ажиллаж байгаа эсэх дээр хяналт тавих ажлыг зохион байгуулахаар боллоо.
Бага насны хүүхдүүдийн дунд томуу болон ковидын халдварын тохиолдол их гарч байгаагаас үүдэн 0-11 насны хүүхдүүдийг олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээний газруудаар авч явахыг хориглох зэрэг асуудлуудыг хэлэлцэж баталсан юм.
Сумдад гарч байгаа халдварын тохиолдол харилцан адилгүй байгаа тул сумдын Онцгой комиссын дарга нарыг өөрийн сумын нөхцөл байдалд тохирсон, халдварыг багасгах тархаахгүй байх арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгов.
Сэтгэгдэл ( 0 )