ДУНДГОВЬ: Салхитын уурхайн хаалтын төлөвлөгөөг танилцууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 28

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрших Салхитын уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулах жишиг төслийг Канад улсын MERIT төслийн дэмжлэгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс Силвер Ресурс” төрийн өмчит хувьцаат компани, Дундговь аймаг хамтран хэрэгжүүлж байна. Өнөөдөр Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөний нэг чухал бүрэлдэхүүн болох газар ашиглалт, нөхөн сэргээлтийн зорилго, зорилт боловсруулах ажлын хүрээнд оролцогч талуудын ээлжит уулзалт боллоо.

Уулзалтад Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр, Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн Хяналтын Газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Гурвансайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Чулуут багийн Иргэдийн нийтийн хурал, Эрдэнэс Силвер ТӨХК-ийн төлөөлөл бүхий нийт 22 оролцогчид хаалтын дараах газар ашиглалт, нөхөн сэргээлтийн зорилго, зорилтын боломжит хувилбаруудыг хэлэлцэж, орон нутгийн хэрэгцээ, шаардлагын талаар санал солилцов.

Монгол улс Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журмыг 2019 онд баталсан. Энэхүү Салхитын уурхайн хаалтын төлөвлөгөө нь уг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж буй анхны туршлага бөгөөд Дундговь аймаг уул уурхайн салбарт өөрчлөлт авчрах энэхүү том төсөлд түүчээлэн оролцож байгаа юм. Уурхайн хаалт нь зөвхөн нөхөн сэргээлтийн асуудал биш бөгөөд уурхай хаагдах үед тухайн бүс нутгийн байгаль, нийгэм, эдийн засгийн асуудлуудыг цогцоор нь төлөвлөж орон нутгийн иргэд, нутгийн захиргааны байгууллагын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн оролцооны зарчмаар уурхайн хаалтын төлөвлөлтийг цогц байдлаар хэрэгжүүлэх тухай ойлголт аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top