Боловсрол, шинжлэх ухааны яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга О.Хуягцогтоор ахлуулсан “Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих төсөл”-ийн ажлын хэсэг энэ нэгдүгээр сарын 26-ны өдөр Дундговь аймагт ажиллалаа.
Тус төсөл нь 2021 онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд 1, 2-р ээлжинд нийт 819 төслөөс 370 гаруй төслийг түлхүүр гардах нөхцөлтэйгөөр тендер зарлаж эхлүүлсэн байна. Үүний хүрээнд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын сургуулийн дотуур байр, цэцэрлэг Дэлгэрхангай сумын хичээлийн хоёр байр, дотуур байр, Цагаандэлгэр сумын сургуулийн дотуур байр цэцэрлэгийг ариун цэврийн байгууламжтай холбох төслийн ажил явагдаж эхэлжээ.
Нэгдүгээр сарын 26-нд хуралдсан тус хурлаар 1, 2-р ээлжийн ажлын явцтай танилцаж, алдаа дутагдлыг дүгнэн зөрчлүүдийг дараагийн ээлжинд давтахгүй байх, мөн 3,4-р ээлжинд ариун цэврийн байгууламжид холбогдоогүй бүх сумдын сургууль, цэцэрлэгийн судалгааг нарийвчлан гаргах чиглэл өгч, дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд холбогдох газруудын мэргэжилтэн, албан хаагчдыг оруулж шинэчлэхээр боллоо. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Дундговь аймгийн бүх сумдын сургууль, цэцэрлэг стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болох юм.
Сэтгэгдэл ( 0 )