Ундны усны аюулгүй байдлыг хангах дэд хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймаг найм дахь жилдээ “Шинэ усан сан” төслийг санаачлан үе шаттай хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд Хэрлэн суманд 2 усан сан, Цагаан-Овоо суманд 1 ундны усны худаг шинээр барьж, аймгийн төвийн болон Баянтүмэн, Чойбалсан, Сэргэлэн сумдын нийт 35 ус түгээх болон усан сангийн барилгыг шинэчлэн засварлах, эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хашаа, хайс хийх, гадна тохижилт явган хүний зам, талбай байгуулах, ухаалаг төхөөрөмж суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн юм.
Харин энэ онд үргэлжлүүлэн аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Хэрлэн сумын III багт шинэ усан сан барих, VI багийн "Буйр" хорооллын ундны усны худгийн барилгыг засварлах, X багт ундны усны худгийн хуучин барилгыг буулгаж шинээр барьж, цэвэр усны төвлөрсөн шугамд холбох, гэр хорооллын 10-14 ундны усны худаг, усан санд ухаалаг төхөөрөмж суурилуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Төсөл хэрэгжүүлсний үр дүнд гэр хорооллын иргэдийн ундны усны эрүүл ахуйн стандартын шаардлага хангагдаж, чанар хүртээмж дээшлээд байна гэж Дорнод аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )