СҮХБААТАР: 10 эрэгтэйн нэг нь архийг хэтрүүлэн хэрэглэдэг

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 22

Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих нэг сарын аян Сүхбаатар аймагт албан ёсоор эхэллээ. Аяны талаарх мэдээллийг өнөөдөр /2022.02.22/ аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа болон хамтран зохион байгуулж буй мэргэжлийн байгууллагууд олон нийтэд танилцууллаа.

Сүхбаатар аймаг 2020 оны жилийн эцсийн байдлаар хүн амын дундаж наслалт -73.29 байгаа юм. Энэ нь Улсын дунджаас 2,5 насаар дээгүүр хэдий ч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү -10.01 байна гэх үзүүлэлт гарчээ. 

Хүн амын нас баралтын тэргүүлэх байрыг хорт хавдрын нас баралт эзлэж, шинээр оношлогдож байгаа хорт хавдрын 60-70 хувь нь эмчлэгдэх боломжгүй III, IV үедээ хожуу оношлогдож байна. Хүйсний хувьд хорт хавдрын нас баралтын 60 гарүй хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн хамрагдалт бага, эрэгтэйчүүд 40 орчим хувийг эзэлж байгаа нь эрэгтэйчүүдийн дунд эрүүл мэндийн мэдлэг хомс, тусламж эрэлхийлэх хандлага сул байгаа судалгаагаар тогтоогджээ.

Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаагаар хүн амын 2 хүний нэг нь илүүдэл жин, таргалалттай, 3 хүний нэг нь цусны даралт ихсэлттэй, 4 хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомсдолтой, 2 эрэгтэйн нэг нь тамхи татдаг, 3 хүний нэг нь архи хэрэглэдэг, үүнээс 10 хүний 1 нь архийг хэтрүүлэн хэрэглэж байна.

Иймээс эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах арга хэмжээг салбар дундын оролцоотойгоор түлхүү зохион байгуулах шаардлага зайлшгүй тулгарч байна.

Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, мэдлэг хандлага дадлагыг нэмэгдүүлэх салбар хоорондын хамтын ажиллагааг хангах зорилгоор нэг сарын аяныг эхлүүлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top