АНУ, ОХУ зэвсгийн экспортоороо дэлхийд тэргүүлсэн хэвээр байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 14

ОХУ, АНУ зэвсгийн экспортын хэмжээгээр дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. 2017-2021 оны хооронд тус хоёр улсын зэвсгийн нийлүүлэлтийн хэмжээ 2012-2016 оныхтой харьцуулбал 4.6 хувиар буурсан тухай Стокхольмын Олон улсын энх тайван судлалын хүрээлэн мэдээлжээ /SIPRI/.

Тус хүрээлэнгийн мэдээллээр, 2017-2021 онуудад зэвсэг нийлүүлэлтийн нийт хэмжээний 39 хувь АНУ-д, 19 хувь нь ОХУ-д ногджээ. Ингэхдээ Европ, Зүүн Ази, Далайн орнуудад нийлүүлэх зэвсгийн хэмжээ 19-50 хувиар нэмэгджээ.

Энэ хугацаанд АНУ, Франц улс зэвсгийн экспортоо мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн байна. ОХУ дэлхийн 45 улс оронд зэвсэг экспортолжээ. Нийт экспортын 73 хувь Энэтхэг, БНХАУ, Египет, Алжирт ногдож байна. Тус улсын экспортын 48 хувийг цэргийн онгоц, 16 хувийг цэргийн онгоцны хөдөлгүүр, 12 хувийг пуужин тус тус эзэлж байжээ.

АНУ-ын зэвсгийн нийлүүлэлтийн хэмжээ 14 хувиар нэмэгдэж, дэлхийн экспортын нийт 39 хувийг бүрдүүлжээ. Экспортын хэмжээ нь ОХУ-тай харьцуулбал 108 хувиар илүү байна. Ингэхдээ тус улсын нийт нийлүүлэлтийн 43 хувь Ойрх Дорнодын бүс нутагт оногджээ.

Францын цэргийн экспорт дэлхийн нийт нийлүүлэлтийн 11 хувийг эзэлж, энэ үзүүлэлтээр гуравт бичигдэж байна. 2017-2021 оны хооронд тус улс экспортын хэмжээгээ 59 хувиар нэмэгдүүлжээ.

Жагсаалтын дөрөвт БНХАУ, тавд Герман улс бичигджээ. Өнгөрсөн хугацаанд Хятадын экспорт 31 хувиар, Германы экспорт 19 хувиар тус тус буурчээ.

2017-2021 онуудад  Европт нийлүүлэх зэвсгийн хэмжээ 19 хувиар нэмэгдэж, нийт нийлүүлэлтийн 13 хувь ногджээ. Европт Их Британи, Норвеги, Нидерланд зэвсгийн импортоор тэргүүлсэн байна. Ази, Номхон далайн орнууд нийт зэвсгийн 43 хувийг импортолсон бол Австрали, Энэтхэг, БНХАУ, Пакистан, Өмнөд Солонгос, Япон дэлхийд зэвсгийн топ 10 импортлогч орны жагсаалтыг тэргүүлжээ.

Өнгөрсөн хугацаанд Энэтхэгийн зэвсгийн импорт 21 хувиар өсөж, дэлхийн томоохон импортлогч орон хэвээр байна. Ойрх Дорнодын орнуудын импорт 2.8 хувиар нэмэгджээ. Хоёр дахь том импортлогч болох Саудын Арабын импортын хэмжээ 27 хувиар нэмэгдсэн бол Катарын зэвсгийн импорт 227 хувиар нэмэгдэж, жагсаалтын 22-р байраас зургаад орж иржээ.

Мөн хугацаанд Тайванийн худалдан авалтын хэмжээ 68 хувиар буурсан ч ирэх жилүүдэд мэдэгдэхүйц нэмэгдэх төлөвтэй байна.

Африк дахь зэвсгийн томоохон импортлогчдын жагсаалтыг Ангол, Нигери, Этиоп, Мали, Ботсван улс тэргүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top