“Tesla” Хятадад угсарч буй цахилгаан автомашиныхаа үнийг дахин нэмлээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

АНУ-ын “Tesla” компани Хятад улсад угсардаг цахилгаан автомашиныхаа үнийг дахин нэмжээ. Сүүлийн таван хоногт тус компани цахилгаан автомашиныхаа үнийг хоёр дахь удаагаа нэмж байна.

Тус компанийн Хятад улс дахь үйлдвэрт “Model 3” седан, “Model Y” загварыг угсардаг байна. “Model 3” седан загварын үнэ Хятадын салонуудад 18 мянган юань буюу 2.8 мянган ам.доллароор нэмэгдэж, 367.9 мянган юань буюу 58.3 мянган ам.доллар болжээ. “Model Y” кроссоверын үнэ 20 мянган юань буюу 3.1 мянган ам.доллароор өсөж, 417.9 мянган юань буюу 66.3 мянган ам.доллароор зарагдаж байна.“Tesla” компанийн хилийн чанад дахь цорын ганц автомашин угсралтын үйлдвэр Шанхайд байрладаг. Тус үйлдвэрийг барих тухай хэлэлцээрийг 2018 онд байгуулж, нэг жилийн дотор ашиглалтад оруулжээ. Энэ төсөлд оруулах нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 50 тэрбум юань буюу 7.8 тэрбум ам.доллар юм. Хятад угсарсан “Model 3” загварыг 2020 оны аравдугаар сараас хойш Дани, Швейцар, Швед, Испани, Нидерланд, Норвег зэрэг Европын улсад нийлүүлж эхэлжээ. 2021 онд тус үйлдвэрт нийт 480 мянган цахилгаан автомашин угсарсан бол 2020 онд 250 мянган автомашин угсарч байжээ. Өнгөрсөн онд Шанхайд угсарсан 160 мянган автомашиныг Европ, Азийн 10 гаруй улсад экспортолсон байна. Хятадад угсарсан цахилгаан автомашины борлуулалтаас “Tesla” компани 13.8 тэрбум ам.долларын орлого олсон нь 2020 оныхтой харьцуулахад 108 хувиар өсжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top