Тэд бидний тухай: Монголын тухай сонирхолтой баримтууд

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 08

Дэлхий дахин Монголын талаар хил хязгааргүй тал, найрсаг зочломтгой ард түмэн, юутай ч зүйрлэшгүй нүүдлийн ахуйгаар нь мэддэг. Гэхдээ Монголд зөвхөн тал, үхэр, адуу л байдаг гэвэл өрөөсгөл юм. Монгол нь гайхамшгаар дүүрэн орон. Жорж Лукас монгол соёлын талаар юу ч мэддэггүй байсан бол “Оддын дайн” тэс өөр харагдах байлаа. “AdMe.ru” сайт Монгол орны талаарх сонирхолтой баримтуудыг толилуулсныг хөрвүүлэн хүргэж байна.

“Оддын дайн” киноны Амидала хатны хувцсыг бүтээсэн загвар зохион бүтээгчид Монголын Гэнэнпил хатны өмсгөлөөс санаа авчээ.

Энэ нь “Оддын дайн” киноны Монголтой холбоотой цорын ганц зүйл биш. Баавгайн бамбарууштай төстэй эвоки харь гарагийнхны ярьдаг хэлийг  Монгол ястны нэг ойрдын хэл дээр түшиглэн тусгайлан зохиожээ. Элсний Сарлакк, Йода баатрын үг хэл ч Монголтой холбоотой гэх онолууд ч бий.

Хөвсгөл нуурыг Байгаль нуурын дүү гэж үздэг

Гарал үүсэл, гидрологийн горим, эрдсийн агууламжаараа Хөвсгөл нуурын ус Байгаль нуурынхтай туйлын ижил. Өдгөө Хөвсгөл нуур нь Монголд аялал жуулчлалын хамгийн алдартай газар болоод байна. Дулаан улиралд нуураар хөлөг онгоц, завиар аялж, тэр бүү хэл Буриад улсад хүрэх боломжтой. Өвлийн улиралд морин чарганы уралдаан, бүжиг, мөсөн дээрх сүмо зэрэг сонирхолтой арга хэмжээ бүхий Мөсний баярыг жил бүр зохион байгуулдаг.

Монгол Улс далайд гарцгүй ч флот бий. 1990-ээд оны үеэр нэг хөлөг онгоц, багийн долоон гишүүнтэй Монголын флот хамгийн жижигт тооцогддог байв. Хөлөг онгоц өнөөг хүртэл Хөвсгөл нуурын харуулын үүрэг гүйцэтгэж байна. Монголын эзэнт гүрний үед дэлхий дээрх хамгийн том флоттой улс байв.

Монголын талд МЭӨ нэг мянганы эхний хагаст хамаарах хөшөө дурсгалууд олноор таарна. Эдгээр хөшөөний гарал үүсэл, зориулалт бүрэн тайлагдаагүй л байна. Хөшөө дурсгалууд дээр гол төлөв буга дүрсэлсэн байдаг тул Буган хөшөө гэж нэрлэнэ. Эрт дээр үед эдгээрийн дэргэд тахил өргөх зан үйл үйлддэг байсан гэж үзэх нь бий.

Нэг зүгт олон зам хөтөлнө

Монгол орны суурин газруудыг голдуу шороон зам холбодог. Аль ч чиглэлд хэд хэдэн зам хөтөлнө. Зарим газраар огтлолцох замууд нэг л газарт хүргэнэ. Магадгүй энэ нь хүний амьдралыг илэрхийлэх мэт.

Замын хөдөлгөөний ачааллыг багасгахын тулд Улаанбаатар хотод долоо хоногийн тодорхой өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийдэг. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг ийм олон автомашинтай байхаар төлөвлөөгүй байгуулжээ. Тиймээс замын түгжрэлийн асуудал хурцаар тавигддаг.

Энэ асуудлыг шийдэхийн тулд дугаарын хязгаарлалтын системийг нэвтрүүлжээ. Жишээ нь автомашины улсын дугаар “5”-аар төгссөн бол баасан гарагт хөдөлгөөнд оролцохгүй. Дүрэм зөрчвөл торгууль төлөхөөс өөр аргагүй.

Монголд хавар, намар бараг үгүй

Монголын өвөл тав орчим сар үргэлжилдэг бол зун нь долоодугаар сараас есдүгээр сар хүртэл 2-2.5 сар л үргэлжилдэг. Жилийн туршид бүртгэгдэх агаарын температурын ялгаа 80°C байдаг. Зарим өвөл маш хүйтэн болж, олон тооны мал хорогддог. Ийм өвлийг тодорхойлсон “зуд” гэсэн тусгай нэр томьёо хүртэл байдаг.

Монголд 10 төрлийн бичиг байжээ

Гэхдээ хамгийн түгээмэл хэрэглэдэг нь кирилл үсэг. Цагаан толгойд нь өвөрмөц үсэг ч бий. Кириллээс гадна монголчууд латин, соёмбо, уйгаржин монгол бичгийг хэрэглэдэг байжээ. Дөрвөлжин бичгээр бичсэн түүхэн эх сурвалжууд ч бас бий.

Нэг монгол хүнд 20 гаруй толгой мал ногддог

Монгол Улсын нийт хүн амын тэн хагасаас илүү хувь нь хот, сууринд амьдардаг ч энэ нь малын тоо толгойд нөлөөлдөггүй. Тус улс 67 сая гаруй толгой малтай. Мал сүргийн тоог хүн амд нь хуваахад  нэг хүнд 20 гаруй мал ногдоно.

Монголын бараг бүх айл өрх мах хадгалах хөлдөөгчтэй

Монголчууд их хэмжээний мах хэрэглэдэг. Махаа бөөнөөр нь худалдаж авахад хямд тусдаг. Тиймээс хөлдөөгчид хадгалдаг.

Монголчууд ногоон цайнд сүү, давс хийж уух дуртай

Гэхдээ тэд банштай цай гэх өег цайнд илүү дуртай. ЮНЕСКО  банштай цайг экологийн цэвэр жорын жагсаалтад оруулсан нь саяхан. Монголын өндөр настай нүүдэлчид банштай цайг бүх төрлийн өвчнийг анагаах эм гэж үздэг.

Сүмо нь монголчуудын сонирхдог спортын төрлүүдийн нэг

Амжилттай яваа ихэнх сүмочид монголчууд. 2002-2016 оны хооронд болсон мэргэжлийн сүм бөхийн 88 башёгоос 81-д нь монгол тамирчид түрүүлжээ. XXI зуунд дээд амжилт үзүүлсэн ёкозүна нь монгол Хакүхо Шё юм. 2009 онд япончуудын дунд явуулсан санал асуулгаар тодруулсан хамгийн алдартай сүмочдын 75 хувь нь монголчууд байжээ. Монгол тамирчид япончуудыг үндэсний спортын төрлөөс нь шахан гаргасанд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, ихэнх монгол хөвгүүд бага наснаасаа морь унаж сурдаг. Энэ нь тэдний хүч, авхаалж самбааг хөгжүүлдэг. Хоёрдугаарт, ихэнх хөвгүүд бага наснаасаа үндэсний бөхөөр хичээллэж, эцэг эхдээ туслахын тулд биеийн хүчний ажил хийдэг. Гуравдугаарт, сүү, мах ихтэй монгол хоол булчингийн масс нэмэгдүүлэхэд тустай.

Мэргэжлийн сүмод хүч үзэж байсан Долгорсүрэнгийн Дагвадорж тус улсын чинээлэг бизнесменүүдийн нэг

Долгорсүрэнгийн Дагвадорж нь шилдэг сүмочдын нэг. Зодгоо тайлсан тэрбээр үндэсний баатар нь юм. Спортод гаргасан амжилтынхаа ачаар Дагвадорж хангалттай хөрөнгө, мөнгөтэй болж, тус улсын чинээлэг бизнесменүүдийн нэг болж, эдийн засагтаа идэвхтэй хөрөнгө оруулдаг.

Монголд байдаг цорын ганц хуримын ордон өглөөний 03.00 цагаас үдшийн 11.00 цаг хүртэл гэрлэлт бүртгэдэг

Дашням, Балжиннямтай өдрүүдийг аливаа бүхнийг эхлэх, хувь заяагаа холбоход билэгтэй сайн өдөр гэж үздэг тул залуу хосууд эдгээр өдрүүдэд гэрлэлтээ батлуулахыг хүсдэг. Билгийн тооллоор намрын 17-ны өдөр Улаанбаатар хотын хуримын ордонд бусад өдрүүдээс найм дахин их хурим болдог. Тиймээс энэ өдрүүдэд тус ордон бүтэн өдрийн турш гэрлэлт бүртгэдэг.

Суурин газарт амьдардаг монголчууд талд гэр барин, зусах нь элбэг

Гэрийг захаас худалдан авах боломжтой. Энгийн хийцтэй гэр хямд үнэтэй. Өмнө нь хэрэглэж байсан гэр худалдан авбал өшөө хямд тусна. Монгол гэрийг AliExpress -ээс хүртэл худалдан авч болно. Гэрийг хаана ч барьж болдог. Үүний тулд газар худалдан авах шаардлагагүй. Зарим хүмүүс гэрийг зуслангийн хувиар ашигладаг бол зарим нь жуулчлал түрээсэлдэг.

Хэрэв та Монголд аялахдаа гэрт зочилбол хана эсвэл багана налж болохгүйг үргэлж санах хэрэгтэй. Үүнийг муу ёр гэж үздэгээс гадна гэрийн хэлбэрийг алдагдуулах аюултай. Гэрийн босгон дээр гишгэвэл гэрийн эзний хүзүүн дээр гишгэсэнтэй ижил гэж үзнэ.

Малгай нь монголчуудын соёлын маш чухал зүйл

Танихгүй хүний малгайд хүрч болохгүй. Бусдын малгайд хүрэх, өмсөж үзэж болохгүй. Өөрийнхөө малгайг шалан дээр мөн тавьж болдоггүй. Сүм хийд эсвэл гэрт малгайтай байхыг бүдүүлэг гэж үздэг.

Караокэ нь монголчуудын үйлчлүүлэх дуртай газар

Монголчууд дуу хууранд дуртай ард түмэн. Караокэ зөвхөн нийслэл Улаанбаатараар хязгаарлагддаггүй. Говийн жижиг тосгонд ч караокэ ажилладаг.

Морин хуур нь монголчуудын үндэсний хөгжмийн зэмсэг

Морин хуурын аялгууг морь янцгаахтай зүйрлэдэг. Хуурын толгойг морины толгойн хэлбэртэй урладаг бол чавхдасыг нь морины сүүлээр хийдэг. Хоёр чавхдасны нэгийг нь гүүний сүүлний 105 үс, нөгөөхийг нь морины сүүлний 130 үсээр хийдэг байна. Энэ нь арга, билгийг бэлгэддэг.

 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.46.57) 2023 оны 04 сарын 09

Окэй

1  |  0
Top