Зеленский АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргыг одонгоор шагнав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 02

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Киевт айлчлав.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хийсэн уулзалтын үеэр тэрбээр Украин эрх чөлөөний төлөө баатарлагаар тулалдаж байна гэж онцлоод АНУ энэ тэмцлийн эцэс хүртэл нь Украинд туслахад бэлэн гэж мэдэгджээ.

Зеленский Украинд санхүүгийн туслалцаа нэн шаардлагатайг онцлоод АНУ, Ерөнхийлөгч Жо Байдены өгч буй дохио Украинд маш чухал байна. Тухайлбал, Украинд цэрэг, санхүүгийн дэмжлэг, “Lend Lease” тусламж үзүүлэх болсонд Украин улс талархаж байна гэж тэрбээр онцолжээ.

Владимир Зеленский Нэнси Пелосийг Украин, Америкийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, тусгаар, бүрэн эрхт, ардчилсан Украиныг дэмжихэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэг Хатан хаан Олгагийн одонгоор шагнажээ. Хатан хаан Олгагийн одон нь шинжлэх ухаан, улс төр, боловсрол зэрэг салбарт гавьяа байгуулсан эмэгтэйчүүдэд олгодог Украины төрийн одон аж.

Өнгөрсөн долоо хоногт Төлөөлөгчдийн танхим Украинд “лэнд лиз” тусламж үзүүлэх тухай хуулийн төслийг олонхын саналаар баталсан билээ. Энэхүү хуулиар Украинд тогтсон процедурыг алгасан, урьдчилгаа төлбөргүй цэргийн техник, зэвсэг нийлүүлэх боломжийг нээж байгаа юм. Үүний сацуу Байдены засаг захиргаа Украинд нэмж 33 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх тухай асуудлыг Конгресст өргөн бариад байна.

Цэргийн ажиллагааны улмаас Украины агаарын орон зай хаалттай хэвээр байгаа билээ. Киевт айлчилж буй гаднын улсын төр, засгийн тэргүүн нар галт тэргээр зорчиж байгаа билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Lol (66.181.160.44) 2022 оны 05 сарын 03

Тоглоомын улс гэж өрөвдөлтэй юм

2  |  0
Top