Хөлбөмбөгийн ертөнцийн шийтгэлүүд

Админ | Zindaa.mn
2022 оны 05 сарын 05

Тамир Амарбаясгалан

Энэ оны хоёрдугаар сарын сүүлээр ОХУ-ын зүгээс Украин улс руу довтолсноос хойш Европын хөлбөмбөгийн холбоо буюу УЕФА-гаас Оросын хөлбөмбөгийн холбоог өөрийн бүх тэмцээнд оролцох эрхгүй болгох шийдвэр гаргасан билээ. Тухайн үед Европын цомын тэмцээнд ганц Спартак Москва л үлдсэн байсан бөгөөд тэд Европа лигийн 1/8 шигшээ тоглолтонд Германы Лайпциг клубтэй тоглох байсан боловч ийнхүү тэмцээнээс хасагдсан юм. Үүнээс өмнөхөн Санкт-Петербург хотын Зенит клуб Испанийн Бетис клубт хожигдсон байсан тул спортын өрсөлдөөний улмаас хожигдож хасагдсан нь энэ байсан юм.

Ирэх улирлын Европын цомуудын тэмцээнд Оросын клубуудыг оролцуулахгүй байх шийдвэрийг УЕФА-гаас гаргаад байгаа бөгөөд ингэснээр 1965 оноос хойш анх удаагаа Оросын клубууд Европын цомын тэмцээнүүдэд оролцохгүй болж байна.

УЕФА-гаас анх 1955 онд Аваргуудын цомын тэмцээнийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд тухайн үед ЗХУ-ын аварга баг Динамо Москва клубыг урьж байсан боловч тухайн үеийн ЗХУ-ын удирдлагууд тус тэмцээнд оролцохоос татгалзаж байв. Европын цомын тэмцээнд хамгийн анх удаагаа Цомтой багуудын цомын тэмцээнд Динамо Киев баг 1965 онд оролцож эхэлсэн түүхтэй юм байна. 1966 онд мөн анх удаагаа Аваргуудын цомын тэмцээнд оролцсож эхэлсэн бөгөөд хамгийн анхны оролцсон баг нь Торпедо Москва клуб байж таарсан юм. Үүнээс хойш ЗХУ болон Оросын клубууд нэг ч удаа Европын цомын тэмцээнүүдийг алгасаагүй бөгөөд 1999 онд УЕФА-гийн цомын финал, 2008 онд Аваргуудын лигийн финалын цомыг 2 удаа Лужникид зохион байгуулж байсан байна. Энэ жил Аваргуудын лигийн финалыг Санкт-Петербург хотод зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч энэхүү дайны улмаас уг финалын тоглолтыг Францын Парис хотод зохион байгуулахаар шилжүүлсэн байна.

Өмнө нь ямар ямар орны клубуудыг болон шигшээ багуудыг “бандаж” байсан бэ?

Англичуудын “бан”

УЕФА-гаас анх удаа өргөн хэмжээний шийтгэл хүлээлгэж байсан улс бол Англи болсон юм. 1980-аад оны дундуур тус улсын клубуудыг 5 жилээр “бандсан”. 1984/85 оны Аваргуудын цомын финалын тоглолтонд Английн Ливерпүүл болон Италийн Ювентус клубуудын хооронд болсон ба тоглолтын өмнөхөн Ливерпүүл багийн хөгжөөн дэмжигчид Ювентус клубын хөгжөөн дэмжигчид рүү дайрсны улмаас 39 хүн нас барсан харамсалтай тохиолдол болсон юм. Мерсисайдын клубыг эхэндээ 10 жилийн хугацаатай бандсан боловч сүүлдээ шийтгэлээ зөөлрүүлж 6 жилээр бандсан юм. 1991 онд Ливерпүүл клуб Европын УЕФА цомд тоглож ¼ шигшээ тоглолт хүртэл тоглосон амжилтыг үзүүлсэн юм. Тухайн үедээ Италийн Женоа клубт хожигдож байв.

Энд нэг зүйлийг тодруулах нь зөв байх. Тухайн үед УЕФА-гаас Английг зөвхөн клубын түвшинд бандсан бөгөөд шигшээ баг нь ямар нэгэн шийтгэл амсаагүй юм. Тэд энэ хооронд 1986, 1990 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд, 1988, 1992 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан бөгөөд 1996 онд бүр Европын аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн нутагтаа зохион байгуулсан байдаг юм. Энэхүү зохион байгуулах эрхийг тэд 1992 онд шийтгэлийн хугацаа дуусмагц авсан түүхтэй.

Гол лидерууд нь явсан нь...

Английн клубуудыг бандсаны улмаас тус улсын гол гол од тоглогчид нь өөр улсын клубууд руу бөөнөөрөө явсан нь уг шийтгэлийн гол сөрөг үр дүн нь болсон юм. 1986 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Английн шигшээ багийн 22 тоглогчдоос 10 гаруй тоглогчид нь өөр улсын клубууд руу явсан байна. Тухайлбал, Гари Линекер Эвертоноос Барселона руу, Крис Уоддл Тоттенхэмээс Марсель руу, Гленн Ходдл Тоттенхэмээс Монако, Гари Бэйли Манчестер Юнайтедаас Өмнөд Африкийн Кайзер Чифс клубт, Рей Уилкинс болон Марк Хэйтли нар Италийн Милан клуб руу, Гари Стивенс, Терри Батчер, Крис Вудс болон Тревор Стивен нар Шотландын Рейнжерс руу тус тус шилжиж байв. Мөн тухайн үеийн Английн шигшээ багийн дасгалжуулагч Бобби Робсон Голландын ПСВ Эйндховен руу шилжсэн байдаг юм. Хожим нь Гари Линекер дурсахдаа хэрэв энэхүү бандалтын шийтгэл байхгүй байсан бол би Барселона руу шилжих тухай бодоочгүй зүүдлээчгүй байсан юм. Учир нь тэр үед Эвертон клуб маш хүчтэй байсан бөгөөд бид тухайн үед Аваргуудын цомыг хүртэх боломжтой баг байсан юм гэжээ. Мөн түүнчлэн Иан Раш Ливерпүүл клубыг орхиж Италийн Ювентус руу шилжсэн бол Марк Хьюз Манчестер Юнайтедаас Барселона руу шилжиж байв.

Английн клубуудыг бандсан энэхүү шийтгэлээс хамгийн ашигтай гарсан клуб бол Шотландын Рейнжерс баг болсон юм. 1980-аад оны эхээр тус клубт нэг ч англи тоглогч байдаггүй байсан бол 1986 онд шууд 6 Англи тоглогч шилжиж ирсэн ба 1987 онд бүр 9 Англи тоглогчтой болсон юм. Үүний ачаар тус клуб өөрийн улсын аваргадаа 9 жилийн дараа анх удаа түрүүлсэн бөгөөд  цашлаад 4 жилд 3 удаа аваргалж байсан юм.

Энэхүү 5 жилийн “бандалт”-ын үр дүнд Европын цомын чансааны жагсаалтанд Английн клубуудын онооны коэффициент нь тэглэсэн байсан бөгөөд 1990/91 онд Европын цомд эргэн оролцох үед цомын тэмцээнд оролцох эрхтэй хоёрхон клубын квоттой болсон байлаа. Хэдийгээр тухайн онд Английн аварга баг нь Ливерпүүл байсан ч шийтгэлийн хугацаа нь дуусаагүй байсан тул Аваргуудын цомын тэмцээнд оролцож чадаагүй юм. Харин Манчестер Юнайтед баг шууд оронгуутаа Цомтой багуудын цомын аварга болсон бол УЕФА-гийн цомд оролцсон Астон Вилла баг 2-р шатанд Италийн Интер Милан багт хожигдож тэмцээнээс хасагдаж байсан түүхтэй. Эхний жилдээ шууд амжилттай оролцсон тул Английн клубууд УЕФА-гийн чансаанд 33-р байрнаас 13-т дэвшсэн байна. Уг нь бол шийтгэлээс өмнө Английн клубууд чансаагаараа тэргүүлж байсан бөгөөд эргэж энэхүү тэргүүллээ олж авахын тулд бүхэл бүтэн 17 жил зарцуулсан байдаг. 2007/08 оны улиралд чансааг тэргүүлж эхэлсэн юм.

Югослав: НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөс гаргасан санкци

Английн клубуудын шийтгэлийн хугацаа дуусаад 2-хон жил өнгөрсний дараа УЕФА-гаас дахин нэг улсыг бүхлээр нь шийтгэх шийдвэр гаргалаа. 1992 оны хавар Югослав улсын клубууд болон шигшээ багийг “бандах” шийдвэрийг хөлбөмбөгийн холбооны зүгээс биш бүр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан байдаг юм. Энэхүү шийтгэлийн дагуу Югослав улсын шигшээ баг 1992 оны Европын аварга шалгаруулах тэмцээнээс хасагдаж байсан бөгөөд клубууд нь бүгд Европын цомын тэмцээнүүдээс хасагдаж байсан байна. Уг нь Югославын шигшээ баг нь Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шалгаруулалтыг амжилттай давж оролцох эрхээ авсан байсан юм.

Дрийм-тиймийн сүйрэл:

1990-ээд оны эхээр Югославын хөлбөмбөг ид мандан бадарч байсан үе юм. 1990 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ивиц Осимын дасгалжуулж байсан Югославын шигшээ багийн бүрэлдэхүүнд Сречко Катанец, Роберт Ярни, Роберт Просинечки, Деян Савичевич, Драган Стойкович, Сафет Сушич, Дарко Панчев, Давор Шукер гээд гялалзсан тоглогчидтой байв. Тэд хэсгээсээ төвөггүйхэн гараад шөвгийн 16-д Испанийн шигшээ багийг хожсон бөгөөд шөвгийн 8-д Марадона тэргүүтэй Аргентины шигшээ багт тоглолтын дараах торгуулийн цохилтоор л хожигдож байсан түүхтэй.

1992 оны Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтонд 7 хожиж 1 хожигдолтой хэсгээсээ итгэл төгс нэгээр шалгарч байсан юм. Ганцхан хожигдол нь Копенгагенд Данийн шигшээ багт 1:2 харьцаатай хожигдож байж. НҮБ-ын дээрх шийдвэрийн дагуу Югослав улс ч оршин тогтнохоо больж хэд хэдэн тусгаар улсууд бий болсон түүхтэй. Энэхүү бутарсан улсын суурин дээр 3 хүчирхэг шигшээ баг мэндэлсэн байдаг: 1998 оны дэлхийн аваргын хүрэл медальт Хорватын шигшээ баг, Сербийн шигшээ баг мөн Словений шигшээ баг.

“Улаан од”-ын уналт

1991 онд Югославын Улаан Од буюу Црвена Звезда клуб Аваргуудын цомын эзэн болж байсан юм. Тус тэмцээний хагас финалд Германы Байерн Мюнхенийг хожсон бол Италийн Бари хотод болсон финалын тоглолтонд Францын алдарт Марсель клубыг тоглолтын дараах торгуулийн цохилтоор хожиж аварга болж байв.

1992 оноос тус клубын бүх тоглогчид нь клубээ орхиод гараад явцгаасан байна. Панчев, Савичевич, Михаилович болон Югович нар Итали руу, Белодедич, Стошич, Найдоски нар Испани руу, Болич Туркийн Галатасарай руу тус тус явсан байна. Энэхүү нүүдлийн дараа тус клуб маш гүнзгий уналтанд орсон ба өөрийн дотоодын тэмцээндээ хүртэл амжилт гаргаж чадахгүй болсон байлаа. Энэ хооронд Партизан клуб дотоодын улсын аваргын цолыг хэд хэдэн удаа хүртэж амжсан байдаг юм. Учир нь яг санкцийн үед тус клубт тийм ч олон од тоглогчид байгаагүй бөгөөд ихэнх нь багтаа үлдсэн учир баг нь харьцангүй хүчтэй бүрэлдэхүүнээ хадгалж чадсан юм. Гэсэн хэдий ч 2-3 жилийн дараа ихэнх тоглогчид нь өөр улс руу гарч явах урсгал эрчимжсэн юм.

1995 онд санкцийн хугацаа дуусч Югославын клубууд Европын цомуудын тэмцээнд оролцож эхэлсэн юм. Гэхдээ Европын цомд авч байсан хуучин Югославын клубуудын чансааны оноонууд нь бүгд тэглэгдсэн бөгөөд бүгдийг шинээр эхлүүлэх хэрэгтэй болсон юм. Үүнээс хойш Сербийн клубууд сайн амжилт үзүүлж чадахгүй байгаа бөгөөд хамгийн дээд амжилт нь УЕФА-гийн цом болон Европа лигийн цомын 1/8 финалд шалгарсан амжилт байгаа юм. Партизан клуб 2005 онд 1/8 финалд хүрч Оросын ЦСКА клубт хожигдсон бол Црвена Звезда клуб энэ улиралд 1/8 финалд хүрч Шотландын Рейнжерс клубт хожигдсон байна.                

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өөөө(202.21.127.142) 2022 оны 05 сарын 05

БӨМБӨГДҮҮЛСЭН ЮГОСЛАВ СҮЙРЧ БӨМБӨГДСӨН АНУС НАТО ЯАГААЧ ГҮЙ

0  |  0
Top