ШУУРХАЙ: Швед, Финланд НАТО-д элсэх өргөдлөө албан ёсоор өглөө

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

Финландын элчин сайд Клаус Корхонен, Шведийн элчин сайд Аксель Вернхофф өнөөдөр /2022.05.18/ НАТО-гийн тэргүүн Йенс Столтенбергт НАТО-д элсэх өргөдлөө өргөн барилаа.

Швед, Финландын эвсэлд нэгдэх шийдвэр нь түүхэн алхам боллоо гэж Столтенберг мэдэгдээд үүнд шаардлагатай асуудлыг аль болох ойрын үед шийднэ гэж Столтенберг баталжээ. Швед, Финландыг элсүүлснээр НАТО Балтын тэнгисийн бүс нутаг дахь аюулгүй байдлын тогтолцоогоо шинэчилнэ гэж Столтенберг онцолсон байна.

НАТО нь нээлттэй хаалганы бодлого баримталдаг. Эвслийн үүсгэн байгуулах тухай Вашингтоны хэлэлцээрийн 10-т энэхүү хэлэлцээрт оролцогч улсууд Умард Атлантын бүс нутгийн аюулгүй байдалд хувь нэмэр оруулах зорилгоор Европын аль ч улсын тус эвсэлд нэгдэхийг урих эрхтэй гэж заажээ. Гэхдээ НАТО-д шинээр гишүүн орон элсүүлэхэд бүх холбоотон 30 орон санал нэгтэй дэмжих ёстой гэж Туркийн “Star” хэвлэлд бичжээ.

НАТО-гийн холбоотнууд шинээр гишүүн элсэх шийдвэр гаргасны дараа НАТО тухайн нэр дэвшигч оронд албан ёсны урилга явуулдаг. Тус эвсэлд нэгдэх үйл явц долоон үе шатнаас бүрддэг байна. Нэгдүгээр үе шатанд, НАТО-гийн шинжээчид болон уригдсан орны төлөөлөгчид Брюссельд цугларч, хэлэлцээ хийнэ. Эдгээр уулзалтаар талууд уригдсан орон НАТО-гийн эрх зүйн болон цэргийн шаардлагад нийцэж байгаа эсэх, тухайн орон НАТО-гийн гишүүн орны эдийн засаг, цэрэг, хууль эрх зүй, улс төр болон тагнуулын үүргээ гүйцэтгэх чадвартай эсэхийг хэлэлцдэг байна. Хэлэлцээний дүнд уригдсан орон НАТО-гийн нөхцөл, стандартад нийцэхийн тулд шинэчлэл хийх эсэхийг тодорхойлдог байна. Хоёрдугаар үе шатанд уригдсан орон НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргад албан бичиг илгээж, НАТО-гийн гишүүн орны үүргийг хүлээн авч байгаа тухай мэдэгдэнэ. Хэрэв зохих шинэчлэл хийх шаардлагатай бол хуваарийг хавсаргана.  Гуравдугаар шатанд НАТО Вашингтоны гэрээнд нэгдэх тухай нэмэлт протокол бэлтгэж, бүх гишүүн орон гарын үсэг зурна. Дөрөвдүгээр шатанд протоколыг бүх холбоотон улсууд соёрхон батална. Тавдугаар үе шатанд шинэ гишүүн элсүүлэх тухай протоколыг соёрхон баталсан тухай мэдэгдэж, дараагийн үе шатанд НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга шинэ гишүүнд эвсэлд нэгдэх урилга илгээдэг байна. Эцэст нь шинэ гишүүн орон дотоодын хууль, эрх зүйн процессыг дуусгаж, эвсэлд нэгдэх тухай баримт бичгээ Вашингтоны хэлэлцээрийг үндэслэгч болох АНУ-ын Засгийн газарт хүргүүлж, НАТО-гийн албан ёсны гишүүн болдог байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top