Австралид энэ сарын 21-д болсон парламентын сонгуульд ялалт байгуулсан Лейборист намын тэргүүн Энтони Албанезе даваа гарагт тангараг өргөв. Австралийн 31 дэх Ерөнхий сайдаар сонгогдсон Энтони Албанезе мөн өдөр Японд болох Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх дөрвөн талт механизмын /QUAD/ дээд хэмжээний уулзалтад оролцохоор эх орноосоо мордоно.
Тэрбээр ням гарагийн орой АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярьсан байна. Японд болох дээд хэмжээний уулзалтын үеэр тэрбээр Японы Ерөнхий сайд Фүмио Кишида, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди болон Жо Байден нартай уулзана.
Түүний хэлснээр, “QUAD” дөрвөлийн уулзалт Австралийн хувьд тэргүүлэх ач холбогдолтой. Энэ нь Австралийн Засгийн газар солигдож, улс төр, уур амьсгалын өөрчлөлт зэрэг чиглэлд өөрчлөлт гарах тухай дэлхий дахинд мэдэгдэх нэг боломж хэмээн мэдэгджээ. Аюулгүй байдлын асуудлаарх дөрвөн талт яриа хэлэлцээг 2007 онд Японы Ерөнхий сайд Абэ Шинзогийн санаачилгаар байгуулсан билээ. АНУ, БНХАУ-ын хоорондын сөргөлдөөн хурцдахтай зэрэгцэн тус форматын ач холбогдол өсөн нэмэгджээ.
Энтони Албанезе Канберра, Бээжингийн харилцаа шинэ засгийн газрын үед ч хүнд үеийг туулна гээд Австрали улс өөрийн эрх ашиг, знэт зүйлсийг хамгаалах болно гэж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )