НАТО-гийн стратегийн шинэ үзэл баримтлалд эвслийн гол зорилгыг гишүүн орнуудынхаа тусгаар байдал болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад оршино гэж анх удаа тодорхойлохоор болсон тухай Испанийн “El País” сонин эх сурвалж дурдан мэдээлжээ.
НАТО-гийн ирэх арван жилийн замын зураглал болох энэхүү баримт бичгийг Испанийн нийслэл Мадрид хотноо энэ сарын 28-30-нд болох эвслийн дээд хэмжээний уулзалтын үеэр батлах хүлээлттэй байна. Эл зарчмыг стратегийн үзэл баримтлалд тусгаснаар Марокко улстай залгаа хилийн бүсэд байрлах Испанийн Сеута болон Мелилла автономит эрхтэй хотуудыг НАТО хамгаалах болж байна. Умард Атлантын гэрээний тавдугаар зүйлд тус эвслийн гишүүн орон руу халдахыг бүх холбоотнууд руу халдсан гэж үзнэ хэмээн заасан байдаг. Гэсэн хэдий ч энэ эрх, үүрэг Европ Атлантын орон зайгаар хязгаарлагддаг ба үүнд Сеута, Мелилла хотууд ордоггүй.
Харин эвслийн шинэ стратегийн үзэл баримтлал энэ нөхцөл байдлыг өөрчилнө. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах тухай заалтыг Украиныг тойрсон нөхцөл байдалтай холбогдуулан тусгасан гэж тус сонин онцолсон байна.
Эвслийн гишүүн орнуудын тохиролцоонд хүрээгүй нэг асуудал нь санхүүжилт гэнэ. 2.5 тэрбум еврогийн төсөв бүхий сангаас тус эвслийн үйл ажиллагааг санхүүжүүлдэг. НАТО эл санхүүжилтийг нэмэгдүүлэх байр суурьтай байгаа. Ингэснээр онцгой нөхцөл байдалд Зүүн Европын орнуудын батлан хамгаалах чадварыг бэхжүүлэх боломжтой болох юм. Ирэх 10 жилд НАТО тус сангийн хэмжээг 30 тэрбум еврод хүргэхээр зорьж байна.
Уламжлалт заналхийлэл болох цөм, хими, биологийн аюулаас гадна НАТО-гийн дээд хэмжээний уулзалт цахим халдлага, худал мэдээлэл, хууль бус цагаачлал, эрчим хүчний эх үүсвэрийг дарамт, шахалт үзүүлэх хэрэгсэл болгон ашиглах зэрэг гибрид заналхийлэлтэй тэмцэх асуудалд онцгой анхаарал хандуулахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )