Иргэн Б.Г том оврын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, 12 хүний авто машиныг мөргөж, нийт дүнгээр 100 гаруй сая төгрөгийн хохирол, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулжээ.
Прокуророос иргэн Б.Г-ийн уг үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн ч анхан шатны шүүхээс Б.Г-г гэмт хэрэг үйлдээгүй гэж дүгнэн цагаатгажээ.
Харин давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг буруутгаж, хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Иргэн Б.Г-ийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор Улсын дээд шүүх хэргийг хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, зөв гэж дүгнэжээ.
Учир нь прокурор иргэн Б.Г-г яллахдаа Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан буюу жолооч зам тээврийн осол гаргаж бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан бол тухайн гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжид эд хөрөнгийн хохирол дангаар хамаарахгүй, харин уг заалтад “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол ...” гэмт хэрэг гэж тооцохоор заасан байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан”, эсхүл “эд хөрөнгөд хохирол учруулсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тодорхойлж заагаагүй тул Г-ийн үйлдсэн авто тээврийн хэрэгсэл жолоодох үедээ осол гаргаж, бусдын автомашиныг мөргөж, эд хөрөнгөд хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзжээ.
Иргэн Б.Г-ийн дээрх үйлдэл нь гэмт хэрэг үйлдсэнд тооцогдохгүй боловч хөдөлгөөний аюулгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм, журмыг зөрчсөн зөрчилд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах боломжтой, мөн бусдад учруулсан хохирлыг Иргэний хуульд заасан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Odoo tegeed iregnii shuuheer yavaad hezee ch hohirloo baragduulj chadahguishd nuguu humuus ni.