ТӨВ | Өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас 54 хүн амь насаа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 21

Төв аймгийн хэмжээнд Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт ямар байгаа талаар тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Г.Цогтгэрэлтэй ярилцлаа.


-Төв аймгийн нутаг дэвсгэрт хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг хэр их гарч байна вэ?

-Төв аймаг нь газар нутгийн хувьд Нийслэл Улаанбаатар хотыг хүрээлж, бусад талаараа Хэнтий, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ зэрэг зургаан аймагтай хил залган оршдог онцлогтой.

Аймгийн нутаг дэвсгэрээр орон нутгийн болон улсын чанартай босоо, хэвтээ чиглэлийн авто замууд дайран өнгөрдөг. Мөн Улаанбаатар хоттой ойрхон амралт, аялал жуулчлалын газрууд их төвлөрсөн байдагтай холбоотойгоор иргэдийн зорчих хөдөлгөөн ч их байдаг. Эдгээр шалтгааны улмаас зам тээврийн осол их гардаг.

Төв аймгийн хэмжээнд 2023 онд зам тээврийн осолтой холбоотой нийт 101 хэрэг бүртгэгдсэн нь 2022 оноос 12.1 хувиар буурсан. Гэхдээ зам тээврийн ослын хэргийн улмаас 57 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 3 хүний биед хүнд хохирол учирч, 54 хүн нас барсан харамсалтай тоо мэдээ гарсан.

Аймгийн прокурорын газраас хийсэн судалгааны дүнгээс үзэхэд жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гүйцэж түрүүлэх үйлдэл буруу хийх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох, уулзвар гарц, нэвтрэх журам зөрчих, машин хоорондын зайг тохируулахгүй байх, гэрэл шилжүүлэхгүй байх, эгнээ байрлал буруу эзлэх, хурд хэтрүүлэх зэргээс болж зам тээврийн осол хэргүүд гарч байна.

Мөн замын эвдрэл гэмтэл, орчин нөхцөлтэй холбоотойгоор осол гарсан тохиолдол ч бий.

Одоо аймгийн прокурорын газрын хяналтад тус аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа зам тээврийн осолтой холбоотой 58 хэрэг шалгагдаж байна.

-Энэ төрлийн хэрэг нь жолоочийн санамсар болгоомжгүй байдлаас болж гардаг ч гэсэн хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Эдгээр хэрэгт шүүхээс ямар төрлийн ял оногдуулж байна вэ?

-Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохирсон бол Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасны дагуу тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасаж, торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаар шийтгэдэг.

Тус аймгийн прокурорын газраас 2023 онд дээрх төрлийн 67 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлсэн. Шүүхээс эдгээр хэрэгт зорчих эрхийг хязгаарлах ялаар 18, торгох ялаар 20, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 6 хүнийг шийтгэсэн бол 23 хүнд хорих ял оногдуулсан.

Энэ оны эхний 5 сарын байдлаар 38 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснээс хорих ялаар шийтгүүлсэн 9 хүн байна.

-Энэ оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр  Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлсэн. Хуулийн хэрэгжилт ямар байгаа вэ?

-Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан, эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас Зөрчлийн тухай хуульд зааснаар жолооны эрхээ хасуулсан хүн уг зөрчлийг дахин гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар шинэ зохицуулалт нэмэгдсэн. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж 2700 нэгжээс 14 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 6 сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн нэмэлт өөрчлөлт орсон.

Төв аймгийн прокурорын газраас дээрх хуулийн зүйл хэсэгт зааснаар 13 хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлсэн.

Орон нутагт иргэд, малчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийж жолооны эрхээ хасуулсан хүн дахин тус зөрчлийг гаргавал эрүүгийн хариуцлага хүлээхээр болсон хуулийн өөрчлөлтийн талаар мэдээлэл дутмаг байгаагаас энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байна. 

Тиймээс иргэдэд энэ талаар мэдээлэл хүргэх чиглэлээр Төв аймгийн прокурорын газраас аймгийн цагдаагийн газартай хамтран тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа.

Нэмж хэлэхэд, амралтын улирал эхэлж байгаатай холбоотойгоор иргэдийн хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгдэж, үүнийг дагаад зам тээврийн осол ихсэх хандлагатай байдаг учраас аюулгүй байдлаа хангаж, болгоомжтой аялах хэрэгтэйг сануулъя.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top