Туркийн Батлан хамгаалах яамнаас Москвагийн цагаар наймдугаар сарын 1-ний өглөө үр тариа ачсан эхний хөлөг онгоц Украины боомтоос хөдөлнө гэж мэдэгджээ.
Үр тариа ачсан эхний хөлөг онгоц Одессын боомтоос хөдлөх аж.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу долоодугаар сарын 22-нд Истанбулд дэлхийн зах зээлд хүнс, бордоо нийлүүлэх асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хоёр баримт бичигт гарын үсэг зурсан гэж өмнө нь мэдэгдсэн билээ.
Оросын Батлан хамгаалахын сайд мөн Украины боомтуудаас үр тариаг аюулгүй тээвэрлэх санаачилгын дагуу Истанбул хотод хамтарсан зохицуулалтын төв ажиллаж эхэлсэн гэж мэдэгдсэн байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш хэд хоногийн өмнө хүнсний аюулгүй байдлын асуудлаар хэлэлцсэн арга хэмжээний үеэр “Дэлхий дахин өлсгөлөнгөөс зугтахын тулд Украин, Оросын хүнсийг зах зээлд эргүүлэн авчрахад л болно” гэсэн билээ.
Тэрбээр Оросын бордоо дэлхийн зах зээлд буцаж ирэх ёстой гэж үзэж байгаа аж. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга “Зоримог, уялдаатай бодлого гаргаж ирэхийн тулд хамтран хөдлөх ёстой” гэсэн юм. Тэрбээр мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьж, Украины хүнсний бүтээгдэхүүнийг Хар тэнгисээр дамжуулан саадгүй экспортлоход чиглэсэн хэлэлцээрүүдийн талаар ярилцжээ.
Сэтгэгдэл ( 0 )