Украинаас хөдөлсөн хөлөг онгоц 26,000 ТОНН эрдэнэ шиш тээвэрлэжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 02

Украин дахь Оросын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш анх удаагаа тус улсын боомтоос үр тариа ачсан хөлөг онгоц хөдөлсөн билээ.

“Разони” ачааны хөлөг Одессын боомтоос Ливан улсын Триполи боомтын чиглэлд гарсан юм. Хөлөг өнөөдөр /2022.08.02/ Истанбулд очих талаар ОХУ болон Туркийн Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

“Разони” хөлөг Истанбулд үзлэгт ороод аяллаа цааш үргэлжлүүлэх аж. “Разони” хөлөг 26 мянган тонн эрдэнэ шиш тээвэрлэж яваа гэнэ.

ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу долоодугаар сарын 22-нд Истанбулд дэлхийн зах зээлд хүнс, бордоо нийлүүлэх асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хоёр баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Оросын Батлан ​​хамгаалахын сайд “Украины боомтуудаас үр тариаг аюулгүй тээвэрлэх санаачилгын дагуу Истанбул хотод хамтарсан зохицуулалтын төв ажиллаж эхэлсэн” гэж мэдэгдсэн байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш хэд хоногийн өмнө хүнсний аюулгүй байдлын асуудлаар хэлэлцсэн арга хэмжээний үеэр “Дэлхий дахин өлсгөлөнгөөс зугтахын тулд Украин, Оросын хүнсийг зах зээлд эргүүлэн авчрахад л болно” гэсэн билээ.

Тэрбээр Оросын бордоо дэлхийн зах зээлд буцаж ирэх ёстой гэж үзэж байгаа аж. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга “Зоримог, уялдаатай бодлого гаргаж ирэхийн тулд хамтран хөдлөх ёстой” гэсэн юм. Тэрбээр мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьж, Украины хүнсний бүтээгдэхүүнийг Хар тэнгисээр дамжуулан саадгүй экспортлоход чиглэсэн хэлэлцээрүүдийн талаар ярилцжээ.

Одоо Хар тэнгисийн боомтуудад нийт 600 мянган тонн орчим ачаатай 17 хөлөг зогсож байгаагийн 16 онгоц нь Украиных аж. Тэдгээрт 580 мянган тонн үр тариа ачсан байгаа талаар Украины талаас мэдээлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top