Засгийн газраас импортын цементийн гаалийн албан татварыг түр хугацаанд тэглэх шийдвэр гаргасан нь дотоодын цемент үйлдвэрлэгчдэд хатуурхсан явдал боллоо гэх мэдээлэл сошиал орчинд гарч байна. Тэгвэл бодит нөхцөл байдлыг аваад үзэхэд, эдийн засагт гадаад, дотоод эрсдэл, сорилтууд тулгарсан хэвээрээ, цаашид ч тодорхой бус байдлууд нэмэгдэх төлөвтэй өнөөгийн нөхцөлд Засгийн газар ийм шийдвэр гаргахаас өөр сонголтгүй нь ойлгогдож буй юм.
Учир нь барилга бүтээн байгуулалтын салбарын үйл ажиллагаа нь жилийн дөрвөн улирлын циклээс бүрэн хамаардаг, ид бүтээмжийн үе нь богино хугацаатай, энэ жилийн хувьд тэр цаг хугацаа нь дуусах дөхчихөөд байгаа ийм үед эдийн засгаа, иргэдийн амьжиргаанд нөлөөлөх нөлөөллөө бодсон ч цементийн хомсдолыг шийдвэрлэх, нийлүүлэлтийг өсгөх шийдвэр гаргах шаардлагатай юм.
Барилга үйлдвэрлэл, зам тээвэр зэрэг бүтээн байгуулалтын салбаруудын үйл ажиллагааны тогтвортой өсөлт нь Монгол Улсын эдийн засагт тун чухал нөлөөтэй.
Гэвч сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлаас үүдсэн нийлүүлэлтийн тасалдал, ложистикийн зардлын өсөлт зэргээс шалтгаалсан олон асуудал барилга бүтээн байгуулалтын салбарын бодитой өсөлтөөс хойш нь чангаасаар өнөөдрийг хүрч байна.
Статистик харахад, энэ оны эхний хагас жилд Монголын эдийн засаг 1.9 хувиар өсөхөд хөдөө аж ахуй, үйлчилгээний салбар үндсэн хувь нэмрийг оруулсан бол гол салбарууд болох уул уурхай, барилгын салбаруудын үзүүлэлт “хасах” үзүүлэлттэй гараад буй.
Бүр тодруулбал, уул уурхай, барилга, тээврийн салбараас бусад салбаруудын өсөлт 2019 оны мөн үеийн түвшинд хүрсэн байгаа юм.
Тэгэхээр эдийн засагт үлэмж нөлөөтэй барилга үйлдвэрлэлийн салбарын өсөлт тогтвортой бус, өртөг нь тогтмол өсөлттэй байгаа нь эдийн засгийн цаашдын төлөвт эрсдэл дагуулах учраас энэ салбарыг идэвхжилтэй үед нь зогсоохгүй байх, үйл ажиллагааг нь тасалдуулахгүй байх зохицуулалтын арга хэмжээг төрөөс авах ёстой болсон гэсэн үг.
Мэдээллүүдээс үзэхэд, төр засгийн зүгээс импортын цементийн гаалийн татварыг тэглэх шийдвэр гаргахаасаа өмнө энэ онцгой цаг үед эх оронч хандлага гаргаж, цементийн үнээ хэсэг хугацаанд нэмэхгүй байгаач гэсэн асуудлыг дотоодын үйлдвэрлэгчдэд тавьсан аж.
Гэвч дотоодын компаниуд үүнийг хүлээж аваагүй бөгөөд эрэлтийн өсөлтийг даган цементийн үнийг нэмэх шийдвэр гаргацгаажээ. Үлмаар цементийн хомсдол хийгээд үнийн өсөлтөд нэрвэгдсэн барилга үйлдвэрлэлийн салбар ид бүтээмжтэй байх ёстой цаг хугацаандаа сул зогсохоос аргагүй болсон нь улс орны эдийн засагт ихээхэн сөрөг нөлөөг дагуулаад байна.
Тиймээс ч засгаас гаргасан шийдвэрийг “сонголтгүй” бөгөөд цагаа олсон арга хэмжээ гэж тодотгоод буй юм.
Засгийн газраас мэдээлэхдээ, “Мак цемент” ХХК-ийн үйлдвэрийн үнэ 335 мянга, “Монцемент билдинг материалс” ХХК-ийн үйлдвэрийн үнэ 350 мянга, “Цемент шохой” ТӨХК-ийн үнэ 238 мянган төгрөг байгаа ч барилгын салбарын ажиллах хугацаа богино, барилга угсралт, зам тээвэр зэрэг бүх салбарын ажлууд ихсэж байгаа зэргээс шалтгаалан зах зээл дээр худалдаалагдаж буй нэг тонн цементийн үнэ 600 мянган төгрөг хүртэл өссөн нь аж ахуйн нэгж, байгууллагуудад дарамт болоод байна. Иймд Засгийн газраас цементийн үнийн дарамтыг бууруулах, дотоодын эрэлтийг хангах зорилгоор цементийн гаалийн албан татварыг 2022 он дуусах хүртэл хугацаанд түр “тэглэх” шийдвэр гаргалаа” гэж тодотгосон.
Тэгэхээр засгаас гаргасан энэхүү түр тэглэх шийдвэрийн нөлөөгөөр барилга бүтээн байгуулалтын салбарт тулгамдаад буй цементийн хомсдолын асуудал шийдвэрлэгдэж, сул зогссон төсөл, хөтөлбөрүүдийн бүтээн байгуулалтууд эрчимжсэнээр оны сүүл гэхэд эдийн засгийн өсөлтөд дорвитой хувь нэмэр оруулах биз ээ.
Сэтгэгдэл ( 4 )
Үндэсний үйлдвэрлэгчид нэртэй хэдэн шулаач ид бх юм. Цемент ийнх нь чанар хужааг гүцэхгүйдээ.
Монголчууд Хятадыг үзэн яддаг хирнээ хятадын цемент ба хятадын барилгын материалаар барьсан орон сууцнуудад сүйд болно. Цэвэр монголоороо амьдрахын тулд хөдөө эсгий гэртээ амьдраач ээ!
ойрын хугацаандаа эдийн засагт сайнаар нөлөөлөх, урт хугацаандаа үндэсний үйлдвэрүүдээ дампуурууах байх даа
Доллар 4000 болно поо