Д.Рэгдэл: Атласаа гаргасан дэлхийн цөөн улсын тоонд орж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 16

Монгол Улсын Шинжлэх ухааны анхны төв байгууллага болох Судар бичгийн хүрээлэнд орчин цагийн Газарзүйн шинжлэх ухаан үүссэний 98 жил, Газарзүй-Цэвдэг судлалын хүрээлэн байгуулагдсаны 60 жил, Геоэкологийн хүрээлэн байгуулагдсаны 25 жил, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Ш.Цэгмид агсны 100 жил, Төрийн шагналт, газарзүйн ухааны доктор, цэвдэг судлаач Н.Лонжид агсны 100 жилийн түүхэн тэмдэглэлт ой энэ онд тохиож байна. Эдгээр ойг тэмдэглэх арга хэмжээ  өнөөдөр /2022.09.14/ зохион байгуулагдаж байна.

 

Ойн арга хэмжээний хүрээнд  “ТҮҮХЭН 60/25 ЖИЛ & ИРЭЭДҮЙ” сэдэвт ололт, амжилт, цаашдын зорилго, хамтын ажиллагааны хэлэлцэн дүгнэх хурал, түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж мөн “Монгол Улсын Үндэсний Атлас” бүтээлийн нээлт  боллоо.  Энэ удаа хэвлэгдэн гарсан үндэсний атлас нь Монгол-Англи хэлээр 1,000 гаруй хувь хэвлэгдсэн бөгөөд нийт ‭246‬ зургийн тоон мэдээ, нэр, тайлбарыг шинэчилжээ. Үндэсний атлас нь дөрвөн бүлэг, 22 дэд бүлэгтэй аж.

 

Тус бүтээлийн ерөнхий редактор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Доржготов "Монгол Улсын ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс Монгол Улсын үндэсний атласыг гурав дахь удаагаа зохиож байна. Анхны атлас 1990 онд Орос-Монгол хэлээр Москва хотод хэвлэгдэж байсан. Үүний дараа 2009 онд Солонгос улсад хоёр дахь атласыг хэвлүүлж байсан. Гурав дахь атласыг энэ жил гаргаж байна. 

Үндэсний атлас маань 2009 онд хэвлэгдсэнээс хойш 13 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд манай орны байгаль орчин, нийгэм, эдийн засагт нэлээд өөрчлөлт орсон. Эдгээр өөрчлөлтийг гурав дахь атласт тусгасан. 

 

  • Эхний атлас 2,000 гаруй хувь 
  • Хоёр дахь атлас 1,500 гаруй хувь 
  • Гурав дахь хэвлэл 1,000 хувь хэвлэгдэн гарсан байгаа.

 

Үндэсний атласыг ойролцоогоор 20-30 жилд нэг удаа шинэчилж хэвлэх шаардлагатай байдаг" гэдгийг хэллээ.  

Монгол Улсын үндэсний атласын шинжлэх ухаан-редакцийн зөвлөл энэ оны наймдугаар сарын 4-нд хуралдаж, атласын зургуудыг хэлэлцсэн. Тус хурлаар “Монгол Улсын үндэсний атлас”-ыг хэвлэлтэд шилжүүлэхийг зөвшөөрсөн тогтоол гаргасан байна.

Цаг хугацааны шалгуур, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, байгалийн нөөцийн ашиглалтаас улбаалан байгаль, нийгэм, эдийн засагтай холбоотой суурь мэдээлэл маш ихээр өөрчлөгдөж байна. Иймээс энэхүү үндэсний хэмжээний голлох мэдээллийг агуулдаг бүтээл (атлас)-ийг дахин боловсруулан олны хүртээл болгох зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг  ч зохиогчид тодотгов.

 

"ДЭЛХИЙ ДЭЭР ҮНДЭСНИЙ АТЛАСТАЙ 70 ГАРУЙ УЛС ОРОН БИЙ"

 

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл "Газарзүйн шинжлэх ухаан тэр дундаа геоэкологи буюу байгалийн нөөцийн судалгааны салбар нь дэлхийн шинжлэх ухаанд асар их ач холбогдолтой, тэргүүлэх салбар юм. Манай улсын Газарзүй, геоэкологийн эрдэмтэд энэ шинжлэх ухааныг туйлын амжилттай хөгжүүлж яваа. Монгол орны хөрс, газарзүй, байгалийн нөөц баялаг гэх мэтчилэн асар олон томоохон ном бүтээл гарсан байна. Үүний нэг бол Монгол орны үндэсний атлас юм. 

Үндэсний атласт газарзүйн гол бүтээлүүд орохоос гадна улс орны эдийн засаг, нийгмийн бүтэц байгуулал, хүн ардын амьжиргаатай холбоотой мэдээлэл нэг дор, зурагтайгаа багтаж ордог учраас улс болгон үндэсний атласаа гаргах хүсэл сонирхолтой байдаг. Дэлхий дээр өнөөдөр Үндэсний атластай 70 гаруй улс байгаа. Эрдэмтдийнхээ хүчээр үндэсний атласаа гаргасан дэлхийн цөөн улсын тоонд орж байгаа" гэв. 

Тэрээр мөн "Өнөөдөр манай газарзүйн салбарын хоёр том эрдэмтний 100 жилийн ой болж байна. Газарзүйн цэвдэг судлалын хүрээлэнг үндэслэн байгуулагч, академич Ш.Цэгмид агсны ой болж байна. Түүнчлэн Цэвдэг судлалын эрдэмтэн Н.Лонжид гуайн 100 жилийн ой тохиож байна. Монгол Улсад цэвдэг судлалыг хөгжүүлснээс гадна цэвдгийг улс ардын аж ахуйд хэрхэн ашиглах асуудлыг бодитой шийдсэн эрдэмтэн юм. Монгол орны цэвдэгтэй газар нутгийн шинж чанарыг судалсны үр дүнд мөсөн зоорь барих зураг, технологи боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Байгалийн аргаар махыг хөлдүүгээр нь хадгалдаг энэ ажлаар Монгол Улсын төрийн соёрхол хүртсэн алдартай эрдэмтэн юм" гэдгийг онцлон дурдлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lej(150.129.142.114) 2022 оны 09 сарын 16

regdel durakiig solioogui tsagt shinjleh uhaan bhgui shyy

0  |  0
Top