Луганск, Донецк зэрэг мужид Оростой нэгдэх эсэхээр САНАЛ ХУРААНА

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 21

Бүгд найрамдах Луганск ард улс гэж өөрийгөө зарлан тунхагласан Луганск болон Донецкийн бүгд найрамдах улс гэж өөрийгөө зарласан Донецк, Херсон, Запорожье мужид ОХУ-ын бүрэлдэхүүнд орох эсэх тухай санал хураалтыг есдүгээр сарын 23-27-нд явуулахаар товложээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэхүү санаачилгыг эерэгээр дүгнэсэн байна. Эдгээр мужид болох бүх нийтийн санал асуулгыг ОХУ дэмжиж ажиллаж, санал хураах хэсгүүдийг Оросын нутаг дэвсгэрт Сонгуулийн төв хорооны дэмжлэгтэйгээр нээх аж.

ОХУ-ын Сонгуулийн төв хорооны орлогч дарга Николай Булаевын мэдэгдсэнээр Оросын нутаг дэвсгэрт санал хураах 10 хэсэг байгуулахаар болжээ.

ОХУ-ын Сонгуулийн төв хороо мягмар гарагт бүх нийтийн санал асуулга явуулна гэж зарласан мужуудад дэмжлэг үзүүлж ажиллах аж.

Донецкийн Ардын зөвлөлийн шуурхай хуралдаанаар энэ сарын 23-27-нд Донецкийг Оросын бүрэлдэхүүнд орох эсэх асуудлаар санал хураалт явуулах хуулийн төслийг баталсан билээ.

Мөн Луганскийн парламентын Спикер Денис Мирошниченко “Бүгд найрамдах Луганск ард улсын Ардын зөвлөл мөн энэ хугацаанд Луганскийн нутаг дэвсгэрт ОХУ-ын бүрэлдэхүүнд орох эсэх асуудлаар санал хураалт явуулахаар баталсан” гэж мэдэгджээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top