ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс санаачлан Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Шинжлэх ухааны академийн дэмжлэгтэйгээр “Нэг бүс, нэг зам олон улсын хөгжлийн судалгааны академи”, “Дорно дахин судлалын хүрээлэн” зэрэг ТББ-тай хамтран Монгол, Хятадын Засгийн газар хоорондын анхны хэлэлцээр “БНМАУ, БНХАУ-ын хоорондын эдийн засаг ба соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийн 70 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдөр ШУА-ийн Их чуулганы танхимд зохион байгууллаа.
Хурлын нээлтийн ёслолд дэмжигч байгууллагуудын удирдлагууд оролцсон бөгөөд ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар нээлтийн үгэндээ “Энэхүү хэлэлцээр нь Ю.Цэдэнбалын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр зурагдсан хоёр улсын Засгийн газрын түвшний анхны хэлэлцээр болохыг онцлон, тус хэлэлцээрт үндэслэн хоёр орны хооронд худалдаа-эдийн засаг, соёл, боловсролын бүхий л салбарт хамтын ажиллагаа цэцэглэн хөгжсөн нь Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааг богино хугацаанд гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой болсон”-ыг онцлон тэмдэглэв.
Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Цай Вэньруй “ Энэхүү хэлэлцээр нь Хятад, Монголын Засгийн газрын түвшний анхны гэрээ бөгөөд хоёр орны эдийн засаг, соёлын солилцоо, найрамдлын түүхэнд онцгой ач холбогдолтой чухал үйл явдал юм. Ялангуяа 1950, 1960-аад оны үед Хятад улс Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих зорилгоор их хэмжээний техник, ажиллах хүчээ илгээж, дэд бүтцийн бүтээн байгуулалтуудад тусалж, Монголын хөгжилд чухал дэмжлэг үзүүлсэн болохыг онцолж, өнөөдөр хоёр улсын харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүрч, найрамдалт харилцаа улам бүр гүнзгийрч чадсаныг дурдан, үүнд 1952 оны хэлэлцээр маш их чухал суурь болж өгсөн”-ийг цохон тэмдэглэсэн юм.
Хурлыг дэмжигч байгууллагын нэг Монгол Улсын Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Л.Булган “Хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш 70 жилийн турш Монгол, Хятад хоёр улсын харилцаа бүх салбарт тасралтгүй хөгжсөн, цаашид ч Монголын тал Хятадын талтай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг үргэлжлэн хөгжүүлж, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмыг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэхэд бэлэн байна” хэмээгээд үүнд тус хэлэлцээр түүхэн ач холбогдолтойг дурдав.
Тус хуралд Монгол, Хятадын харилцааны тухайн үеийн асуудлыг судалдаг 7 судлаач илтгэл хэлэлцүүлсэн бол тэдний илтгэлд мөн хоёр улсын харилцааны асуудлыг судалдаг судлаач эрдэмтэд, дипломат мэргэжилтнүүд зэрэг 20 гаруй судлаачид зочин хэлэлцүүлэгчээр уригдан оролцсон нь асуудлыг олон талаас нь хөндөн хэлэлцэх, бусад судлаачдын санал, шүүмжийг сонсох зэргээр санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэлэлцүүлэг өрнөсөн нь энэхүү хурлын онцлог байв.
Үндсэн илтгэлийг ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Хятад судлалын салбарын эрхлэгч, доктор (Ph.D), Д.Базардорж “БНМАУ, БНХАУ-ын хоорондын эдийн засаг ба соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр” байгуулагдсан нь: үйл явц ба ач холбогдол” сэдвээр илтгэл тавьж, санал дүгнэлтээ хэлэлцүүлэв. Мөн хуралд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн доктор (Ph.D), Н.Алтантөгс “БНМАУ, БНХАУ-ын хоорондын эдийн засаг ба соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр ба Монгол-Хятадын худалдаа-эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа: 1950-иад он”, МУИС-ийн түүхийн тэнхимийн багш профессор, Sc.D Ж.Урангуа, Шанхайн Хуадун багшийн их сургуулийн доктор (Ph.D), Бөхөө нар “БНМАУ, БНХАУ-ын хоорондын эдийн засаг ба соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр” ба Монгол-Хятадын соёлын харилцаа, хамтын ажиллагаа: 1950-иад он”, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн докторант Х.Баатархүү “Монгол дахь хятад ажилчид: Төмөр замын бүтээн байгуулалт дахь хятад ажилчдын оролцоо”, Зохиолч, судлаач Ц.Түмэнбаяр “БНМАУ, БНХАУ-ын хоорондын эдийн засаг ба соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр” байгуулагдсанаас хойших хятад ажилчдын клубуудын үйл ажиллагаа”, “Нэг бүс нэг зам” олон улсын хөгжлийн судалгааны академи ТББ-ын профессор Лю Яцүн “Монгол, Хятадын орчуулагчдын хамтын ажиллагааны эхлэл: Хятадын шилдэг бүтээлүүдийг монгол хэлнээ орчуулсан нь Лү Шүний бүтээлийн жишээн дээр”, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Хишигтуяа “Монгол, Хятадын боловсролын салбарын харилцааны эхлэл: БНХАУ-д суралцсан анхны монгол оюутнууд” зэрэг эрдэм шинжилгээний ач холбогдол, танин мэдэхүйн сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлын илтгэл, хэлэлцүүлгийн эмхэтгэл удахгүй хэвлэгдэж олны хүртээл болно.
Сэтгэгдэл ( 0 )