Улаанбаатар хотын замын түгжрэл энэ цаг үеийн хамгийн том асуудал болоод байна.
Нийслэлийн хүн ам нэмэгдэхийн хэрээр автомашины тоо өдрөөс өдөрт өсөж, замын ачаалалд нэрмээс болж буйг үе үеийн хотын дарга толгой сэгсрэн ярьдаг ч дорвитой шийдэл гаргаж чаддаггүй. Замын түгжрэлийн талаар 10 жил ярьж ирлээ. Гэвч одоогоор ямар нэг гарц гаргалгаа олж чадаагүй л байна. Энэхүү халуун сэдвийн талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах НТХН” УТҮГ, АмЧам Монгол, МАДА ТББ, Нийслэлийн холбогдох байгууллагууд, хэрэгжүүлэгч агентлагууд гэсэн оролцогч талуудтайгаар Блю Скай зочид буудлын Топаз танхимд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Энэхүү хэлэлцүүлэг нь Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад тулгамдсан асуудлууд, шийдлүүд ба олон улсын сайн туршлагууд, Түгжрэлийг бууруулахад олон нийтийн оролцоо, Түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд аж ахуй нэгжүүдэд татварын бодлогоор дэмжлэг үзүүлэх хууль тогтоомжийн зохицуулалт гэсэн агуулгын хүрээнд боллоо.
Д.СУМЪЯАБАЗАР: БИ ТҮГЖРЭЛИЙГ ИЛБИЙН ЮМ ШИГ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ
Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 19-ний 146 дугаар тогтоолоор нийслэл Улаанбаатар хотоос улсын төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийн орлогыг хотод үлдээж, хотын хөгжил дэвшилд, тодруулбал, түгжрэл бууруулах, төвлөрөл сааруулах, дагуул хотуудыг хөгжүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь Улаанбаатарын тулгамдсан асуудал болох түгжрэлийг бууруулах, улмаар нэг төвт хотоос олон төвт хот болон хөгжихийг дэмжсэн шийдвэр юм. Энэ хүрээнд дөрвөн багц 49 төсөл, арга хэмжээг энэ онд хэрэгжүүлж буй.
Түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгийн 22 хувь буюу 100 тэрбум төгрөгийг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, 19 хувийг нийтийн тээврийн парк шинэчлэлт, автобусны зогсоол шинээр барих, 18 хувийг газар чөлөөлөлт, 17 хувийг шинээр барих гол болон туслах гудамж зам, зургаан хувийг Яармагийн дэд төвийн барилгад зарцуулжээ.
Мөн найман хувийг явган болон дугуйн зам, тохижилт, ногоон байгууламж, граж, хайс, хашлага буулгах, гурван хувийг нийслэлийн төсөвт, нэг хувийг уулзваруудын инженерчлэл болон зохицуулах менежментийг сайжруулах ажилд тус тус хуваарилан, хийгдэж буй аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тус хэлэлцүүлэгт оролцож, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа. Тэрбээр “Түгжрэлийн ард гарахын тулд нийтээрээ хүчээ нэгтгэе” хэмээх уриан дор өнөөдрийн хэлэлцүүлэг өрнөж байна. Түгжрэл нь зөвхөн Улаанбаатар хотод байгаад байгаа зүйл биш. Америкийн нэгдсэн улсын том хотууд ч ялгаагүй түгжирдэг. Гэхдээ манай улсыг бодоход зорчих хөдөлгөөний хурд арай илүү.
Түгжрэлийн эсрэг бодлого гаргаж, нэгдсэн зохион байгуулалтад л орохгүй бол энд Элон Маск ирээд ч энэ асуудлыг шийдэж чадахгүй.
Юу үнэн энэ үнэн. Монгол Улс хот, хөдөөгөөрөө ялгараад байх шаардлагагүй. Нүүдэлчин түмний уламжлалаас хотжих соёл руу шилжиж буй ард түмэн. Хотжих соёлгүй, нүүдэлчдийн соёл иргэншлийн сэтгэхүйгээс салаагүйгээс үүдэж хотын түгжрэл үүссэн. Түгжрэлийн эсрэг ганцхан Хотын дарга Сумъяабазар гэдэг хүн тэмцээд шийднэ гэж байхгүй. Би түгжрэлийг илбийн юм шиг шийдэж чадахгүй. Харин Засгийн газартай хамтарч бодлого гаргаж, УИХ-аар орж хуулиа батлуулж, түүндээ зохицсон дүрэм журмыг боловсруулж, төлөвлөлт төлөвлөгөө гаргаж, хөрөнгө санхүүгээ шийдэж чадлаа гэхэд 10 жил, назгайрлаа гэхэд 20 жил ч түгжрэлтэй байж магадгүй. Энэ асуудал сүүлийн хоёр жилийн хугацаанд үүссэн асуудал огтоосоо ч биш. 1990 оны нийгмийн өөрчлөлт, 2000 оноос хойш хот төлөвлөлтийн бодлогын алдаа, газрын наймаачид, авлигачдын үйлийн үрийн дүнд өнөөдөр түгжрэлийн асуудал ийм байдалд хүрсэн. Төсвийн 420 тэрбум төгрөг гэдэг бол зөвхөн нийтийн тээврийн асуудлыг шийдэхэд л хүрнэ. Бүтээн байгуулалтын түвшинд энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй. Хөгжье гэвэл хөгжилд садаа болсон хуулиудыг хүчингүй болгох хэрэгтэй” гэсэн юм.
“НИЙТИЙН ТЭЭВРЭЭ ШҮТДЭГ ХОТ БОЛОХ ХЭРЭГТЭЙ” ГЭВ
“Нийтийн тээврээр 500-600 мянган хүн зорчиж буй нь бага байна. Үүнийг нэг саяд хүргэхийн тулд нийтийн тээврийн парк шинэчлэлт хийх хэрэгтэй. Аятай тухтай, цэвэрхэн үйлчилгээний автобусыг нэвтрүүлэх юм бол гуравны хоёр хувь нь авто машингүй зорчино гэж судалгаагаар гарсан” хэмээн Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар хэллээ. Мөн хэлэлцүүлгийн үеэр “Миний хувьд амжилт гаргахаас өөр аргагүй ажил хийж байна. Түгжрэлээс гадна нэг ч хүн амьдрахгүй. Түгжрүүлэгч хүчин зүйл урт удаан хугацаанд олон асуудлаас болж бүтсэн ч гэсэн бидэнд энэ асуудлуудыг шийдэх гарц, боломж бий. Түгжрэлийг шийдсэнээр Монгол Улсын төр бэхжиж, чадалтай болно. Түгжрэл нь ойрын арван жилд манай улсын шийдэх ёстой гол сорилтын нэг юм. Зөвхөн замын түгжрэл биш. Бидний сэтгэлгээний, дүрэм журам, ажлын арга барилын түгжээсийг тайлах тухай сорилт байна” хэмээсэн юм.
Мөн үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр “Томоохон хэмжээний гүүрэн байгууламжийн асуудал, явган болон дугуйн замын асуудлыг төлөвлөөд, хэрэгжүүлээд явж байна. Дараа жил ч мөн үргэлжлэн хэрэгжих ёстой. Гэтэл хөрөнгө, төсөв, санхүү дээр тодорхой асуудлууд үүссэн. Нүдэнд ил харагдах авто машины түгжрэлийн цаана төрийн дотоод гацаа, түгжрэлийн асуудал байна. Мөн хотын соёлын сэтгэлгээний асуудал түгжрэлд нөлөөлдөг. Түгжрэлийг бууруулахад бүгд хувь нэмрээ оруулахгүй бол түгжрэл арилахгүй. Улаанбаатар хотын түгжрэл нь хэн нэгэн даргын, хэн нэгэн хүний хамаараалтай асуудал огтхон ч биш. Түгжрэлд Улаанбаатар хотын 1.6 сая хүн бүгд адилхан зовж байна. Улаанбаатар хот жолооч зонхилсон хот болжээ. Харин одоо зорчигч зонхилсон хот болох хэрэгтэй. Нийтийн тээврийн үйлчилгээг илүү шүтдэг байвал жолоочоос зорчигч төвтэй хот болох юм. Түгжрэл гэдэг нь хүний амьдралын олон талт асуудлыг хөнддөг.
Жишээлбэл, томоохон худалдааны төвийг нүүлгэчихвэл түгжрэл шийдэгдэх юм шиг ярьдаг. Гэтэл тэр худалдааны төвд ажиллаж буй 5-10 мянган түрээслэгчийг нүүлгэхэд зөвхөн ажлын байр нүүлгэх тухай асуудал хөндөгдөхгүй. Түрээслэгч бүрийн цаана гэр бүл, үр хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг гэх мэт олон асуудал байдаг. Өдөрт 200 гаруй осол гарч буй нь замын түгжрэл үүсэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Тиймээс бид Засгийн газрын хуралдаанд Замын хөдөлгөөний ухаалаг системийг эрчимжүүлэх санал тавьсан. Мөн шинээр газар олгохгүй байх, барилгын барих зөвшөөрөл олгохгүй байхыг хууль, журамд оруулсан ч гэсэн дахиж хотын төвийн барилгажилтын асуудлыг цэгцлэх үүргийг өгсөн” гэв.
ХҮН БҮР ХОТТОЙГОО ЭЗНИЙ СЭТГЭЛЭЭР ХАНДАХ ХЭРЭГТЭЙ
Шинэ санаачилга, шийдлүүдийг нийгэмд хэрэгжүүлдгээрээ хэдийн танигдсан “Моод” нэвтрүүлгийн хамт олон тус хэлэлцүүлэгт оролцсон юм. “Моод” нэвтрүүлгийг санаачлагч Б.Болд “Улаанбаатар хотын түгжрэл үүсэхэд хүн бүр оролцож байгаа. Тиймээс түгжрэлийг шийдэхэд хүн бүр хувь нэмрээ оруулах ёстой. Хотын түгжрэл үүсэхэд зам, машин нөлөөлдөг ч бидний сэтгэхүй, хандлага бас нөлөөлдөг. Миний хувьд түгжрэхгүйн тулд, дугуй унах боломжтой хүмүүст сэдэл болох үүднээс дугуй унадаг. “Моод” нэвтрүүлэг гараад гурван жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэхүү нэвтрүүлгээ нийгэмд зөв зүйлийг моод болговол ямар вэ гэсэн бодлоор хийж эхэлсэн. Бид нарт их төсөв, мөнгө, хууль, журам хэрэггүйгээр зохицуулагдах боломжтой олон асуудал бий. Үүнийг гаднын улс оронд ингэж хийсэн байна, бүгдээрээ ингээд хийчихье л даа гэсэн үүднээс “Моод” нэвтрүүлгийг хийж байна. Хүн бүр хоттойгоо эзний сэтгэлээр хандах хэрэгтэй. Хэн нэгэн сайд, дарга түгжрэлийн асуудлыг шийднэ гэж хүлээлгүйгээр гарцаар гарахдаа баруун, зүүнээр гарахаас эхлээд хүн бүр хувь нэмрээ оруулсан цагт хот аяндаа цэгцтэй болно.
ЭРХЗҮЙН ХҮРЭЭНД ТОРГУУЛИА ТӨЛӨХ АСУУДЛЫГ ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ
Энэ жилийн эхний найман сарын байдлаар 30 гаруй тэрбум төгрөгийн торгууль тавьсан байна. Үүнээс 6-7 тэрбум төгрөгийг төлжээ. 1-10 хүртэл хэмжээний торгууль оногдуулсан жолооч 500 орчим мянга байдаг аж.
Энэ талаар Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний зохицуулалт, хяналт хариуцсан дэд дарга, хурандаа Б.Батболд “Олон зөрчил гаргахгүй байх зорилгоор оноо хасдаг системийг шинэчлэх шаардлагатай байна. Торгууль төлүүлэх албадлагын механизм байхгүй учраас маш олон жолооч нар хариуцлагагүй үйлдэл гаргасаар байна. Торгууль төлөх бэлэн бусын системд 2013 оноос шилжсэн. Жолооч нарт оногдуулсан торгуулиа төлөх 14 хоногийн хугацаа өгдөг. Энэ хугацаанд сайн дураараа торгуулиа төлөхийг анхааруулдаг. Харин торгуулиа төлөөгүй бол яах вэ гэх асуудлыг хууль эрхзүйн хүрээнд шийдээгүй. Иймээс өнөөдөр байдал ийм байна. Бид торгуулийг нь төлүүлэх арга хэмжээг аль болох авахыг чухалчилдаг. Төрийн бүх л үйлчилгээнд торгууль төлүүлэх алхмыг хавсаргавал иргэд илүү хариуцлагатай болно” гэсэн юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАЖ ЧАДАХГҮЙ, БУУРАХ Ч ҮГҮЙ . ХЭРЭГГҮЙ ЮМАНД МӨНГӨ ЗАРЖ САЛХИНД ХИЙСГЭХЭЭ БОЛЬ. МЕТРОГОО Л БАРЬЖ ЭХЭЛ