Дорнод аймгийн Засаг дарга болон аймгийн Онцгой комиссоос Зэвсэгт хүчний Жанжин штабт хүсэлт гаргасны дагуу жил бүр Дорнод аймгийн төв Хэрлэн сум /Чойбалсан хот/, Баянтүмэн сумдад Зөвлөлт холбоот Улсын Цэргийн анги нэгтгэлүүд байрлаж байсан суурин газрууд, хээрийн сургуулилт хийж байсан талбайд тэсэрч дэлбэрэх аюултай галт хэрэгслийг хайж, устгах ажлыг зохион байгуулж байна.
Энэхүү ажлыг Зэвсэгт хүчний 327 дугаар захирагч, хурандаа Н. Цэцэнхүүгээр ахлуулан, тус ангийн тэсрэх дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг гүйцэтгэж байгаа ба тэсрэх дэлбэрээгүй үлдсэн сум, галт хэрэгсэлд иргэд санамсар болгоомжгүй байдлаар өртөн, бэртэж гэмтэх аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү хайгуулыг хөдөлгөөний эрчим нэмэгдэж болзошгүй шинэ хогийн цэг байгуулахаар төлөвлөсөн Баянтүмэн сумын буяны хонхор гэдэг газраас эхлээд байгаа юм.
Өнөөдөр /2022.11.01/ аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн тус ажиллагаатай танилцаж, зарим үүрэг чиглэлийг өглөө.
Дорнод аймагт 1960-аад оноос эхлэн ЗХУ-ын цэргийн анги нэгтгэлүүд суурьшин байрлаж байсан түүхтэй. Тэдгээр анги нэгтгэлүүдийн хээрийн сургуулилт хийж байсан 4 том талбайд сургуулилтын үед тэсрэлгүй, газрын хөрсөнд үлдсэн, зарим нь манай зэвсэглэлд хэдийнээ ашиглагдахаа больсон галт хэрэгслүүд ч байгаа талаар мэргэжлийн хүмүүс хэлж байлаа.
Иймд иргэд та бүхэн байлдааны сум, тэсэрч дэлбэрч болзошгүй зүйлс таарвал гар хүрэлгүйгээр яаралтай Цагдаагийн байгууллагад дуудлага өгч, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )