Найман тэрбум мөрөөдөл: Хүн амын өсөлт сүйрэл авчрах уу?

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 16

НҮБ арваннэгдүгээр сарын 15-нд дэлхийн хүн ам найман тэрбумын босгыг давна гэж албан ёсоор зарлаж, хүн төрөлхтөн найман тэрбум дахь иргэнээ өлгийдөн авсан.

Хүн төрөлхтний түүхэнд тэмдэглэх энэхүү онцгой өдрийг хүн амын тооллого, судалгаа, бүртгэл зэрэг “Дэлхийн хүн амын хэтийн төлөв” тайланд ордог мэдээллүүдэд үндэслэн тооцоолдог байна. Дэлхийн хүн ам нэг болон хоёр тэрбумын босгыг хэзээ давсан тухай албан ёсны тооцоо, мэдээлэл байдаггүй. Гурав болон дөрвөн тэрбум дахь иргэнийг тодруулсан албан ёсны мэдээлэл мөн байдаггүй ч АНУ-ын Хүн амын тооллогын товчоо 1960 оны долоодугаар сар, 1974 оны дөрөвдүгээр сард тус тус тохиосон гэсэн тооцоолсон байдаг.

Таван тэрбум дахь хүнийг 1987 долоодугаар сарын 11-нд тодруулжээ. Хорватын Загреб хотноо 1987 онд болсон Зуны Оюутны их наадмыг бэлгэдэн тус хотын бяцхан иргэн Матеж Гаспарыг бэлгэдлийн дэлхийн таван тэрбум дахь иргэн хэмээн зарлаж байжээ.
 


Зургаан тэрбум дахь иргэнийг 1999 оны аравдугаар сарын 12-нд тодруулжээ.

НҮБ-ын тухайн үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан Дэйтоны гэрээний хэрэгжилттэй танилцахаар Босни, Херцеговинд айлчлах үеэр тус хотын амаржих газар зочилж, дөнгөж төрсөн Эднан Мевичийг дэлхийн зургаан тэрбум дахь иргэнээр сонгож байв.
 


Долоон тэрбум дахь иргэн 2011 оны аравдугаар сарын 31-нд хорвоод мэндэлжээ. НҮБ-ын тухайн үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн энэ түүхэн үйл явдлын талаар албан ёсоор зарласан ч бэлгэдлийн бяцхан иргэнийг тодруулаагүй байна. Гэсэн хэдий ч холбогдох байгууллагууд хэд хэдэн нэр дэвшигчийг сонгосон нь Энэтхэгийн Наргис Кумар, Филиппиний Даника Мэй Камачо, Шри Ланкийн Ватталаге Мутумай нар юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш энэ сарын 15-нд дэлхийн найман тэрбум дахь иргэн төрсөн түүхэн үйл явдлыг “Найман тэрбум итгэл найдвар, найман тэрбум мөрөөдөл, найман тэрбум боломж” хэмээн тодорхойлсон.

2022 оны байдлаар хамгийн олон хүн амтай бүс нутгаар Зүүн болон Зүүн өмнөд Ази тодорчээ. Тус бүс нутагт нийт 2.3 тэрбум буюу дэлхийн хүн амын 29 хувь нь амьдардаг. Төв болон Өмнөд Азид нийт 2.1 тэрбум /26 хувь/ хүн амтай. 

Хүн амын тоогоор БНХАУ, Энэтхэг улс тэргүүлсэн хэвээр. Ирэх онд Энэтхэг Хятадыг гүйцэж, түрүүлнэ гэсэн хүлээлттэй байна. Тус улс сүүлийн 11 жилд 177 сая гаруй хүнээр “хувь нэмэр” оруулжээ.

Дэлхийн хүн ам ХХ зуунд эрчимтэй өсөв

XIX зууны эхээр дэлхий дээр нийт нэг тэрбум хүн амьдарч байжээ. ХХ зууны эхээр хүн амын өсөлт эрчимжиж эхэлсэн байна. 1950 он гэхэд дэлхийн хүн ам 2.5 тэрбумд хүрсэн бол 1987 он гэхэд хоёр дахин өсжээ. Дэлхийн хүн амын өсөлт жилд дунджаар 0.8 хувь байна. Долоон тэрбумаас найман тэрбумд хүрэхэд 12 жил шаардагдсан бол хүн төрөлхтөн есөн тэрбум дахь хүнээ 15 жилийн дараа өлгийдөн авна.

Хүн амын өсөлт 2080 онд оргилд хүрнэ

НҮБ-ын тооцооллоор, 2080-аад онд дэлхийн хүн ам 10.4 тэрбумд хүрэх ба энэ түвшин энэ зууны сүүлч хүртэл хадгалагдаж үлдэнэ. 2020-иод оны сүүл гэхэд хүн ам 8.5 тэрбум болох бол энэ зууны дунд үед 9.7 тэрбум болж өснө. 2022-2050 онд хүн амын өсөлт Ардчилсан Конго Улс, Египет, Этиоп, Энэтхэг, Нигери, Пакистан, Филиппин, Танзанид ажиглагдана.

Хүн амын өсөлт хүн төрөлхтөнд аюултай

Өнгөрсөн зууны дунд үеэс дэлхийн хүн амын өсөлт эрчимжсэнээр энэ хандлагыг сөрөг талын асуудал хурцаар тавигдаж эхэлжээ. Хүн ам өсөхийн хэрээр хүнс, түүхий эдийн асуудал тавигдахаас гадна ахуйн болон үйлдвэрийн хог хаягдал хүн төрөлхтний томоохон сорилт болж байна. 2050 онд хөдөө аж ахуй, хүнсний салбарт ихээхэн ачаалал үүснэ. Хүнсний хэрэгцээ 2050 он гэхэд 70 хувиар нэмэгдэнэ. Хүн амьдралынхаа туршид 117.4 мянган литр ус, 33.4 мянган кг хоол, хүнс хэрэглэдэг байна. Энэ зууны дунд үе гэхэд хүн төрөлхтөнд жилд 500 тэрбум тонн махны хэрэгцээ гарна. Үүнтэй зэрэгцэн хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт хүн ам зүйн үр дагавартай. Олон сая хүн үүний улмаас төрсөн нутгаасаа нүүхэд хүрч байна. 2020 онд гэхэд байгаль орчны асуудлын улмаас 30 сая хүн оршин суух газраа өөрчилжээ.
 


Ирээдүйгээс айх айдсаас болж хүүхэд төрүүлэхээс татгалзаж байна

Энэ бүгд асуудал хүүхэд төрүүлэхээс татгалзах буюу антинатализмыг бий болгож байна. НҮБ-ын мэдээллээс үзвэл, сүүлийн зуун жилд хүн амын өсөлт 1962-1965 оны хооронд эрчимжиж, жилд 2.1 хувьд хүрч байжээ. Түүнээс хойш өсөлтийн хурд аажмаар саарч, төрөлт багассан байна. 2020 онд ХХ зууны дунд үеэс хойш анх удаа хамгийн доод түвшинд буюу нэг хүрэхгүй хувьд хүрчээ. Урьдчилсан таамгаар, энэ үзүүлэлт энэ зууны сүүлч хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
NATO(139.5.218.44) 2022 оны 11 сарын 16

HYATADIG ARCHIH HEREGTEI

0  |  0
Top