Техник технологийн дэвшил, хүн төрөлхтний хөгжил асар хурдтай довтолгож байгаагаас харахад чухам хаа хүрч зогсохыг таашгүй. Нэгэнт хүчээ авсан хөгжил дэвшилд тормоз байхгүй, ямар нэг зүйл мөргөж зогсоно гэх ахмадуудын үг байдаг ч нэн шинэ үеийн залуус өөр бодолтой болжээ. Энэ утгаараа Монгол Улс хөгжил дэвшлийн хурдтай зам дээр гарахыг олон жил эрмэлзэж ирсэн ч хоосон тунхагаас цаашгүй явж ирсэн. Гагцхүү өнгөрөгч 2016 оноос цахим системийг улс орон даяар нэвтрүүлэх төрийн тусгай бодлого хөтөлбөр гарав. Бодлогын дагуу УИХ дахь Инноваци, цахим бодлогын түр хороо байгуулж, дараа нь Инноваци цахим бодлогын байнгын хороог ч байгуулав. Өдгөө Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулан ажилласны үр дүнд чөдөртэй байсан цахим салбарыг хэдхэн жилийн дотор бүрэн чөлөөлчихлөө гэж болно. Хөгжил эндээс л эхэлнэ.
Төрөөс урьд өмнө цахим системд анхаараагүй гэж хэлэхгүй. Төрөөс бодлого, хөтөлбөр удаа дараа гаргаж байсан ч цахим салбарын чөдөр тушааг аваад чөлөөлчих “боломж” байсангүй. Учир нь шийдвэр гаргах түвшинд эзэд нь ирээгүй байсан болов уу. Өнөөдөр цахим салбарын эздийг харахад Н.Учрал сайдаасаа эхлээд бага, дунд шат гээд дандаа нэн шинэ үеийн залуус ажиллах болсон нь яах аргагүй цаг үеийн шаардлага байх. Үүгээрээ ахмад үеэ баахан чамласан дэд сайд асан Б.Болор-Эрдэнээс тэгтлээ зөрөх гэсэнгүй. Мөн “Монгол Улсыг цаашид мэдээллийн технологийн салбар тэжээнэ” хэмээн ам дүүрэн хэлсэн Н.Учрал сайдаас ч зөрөхгүй. Өнөөдөртөө биш юм гэхэд түүний цаад өдөр цахим давалгаанд хөл нийлүүлэхээс өөр аргагүй учраас зөрөх гээгүй юм. Гагцхүү шинэ тутам зүйл цаг үеэ, эзэдтэйгээ хамт дагуулж ирдэг нь үнэн байж таарна.
Монгол Улсад интернэт хэрэглээ бууриа засаад олон жил өнгөрч байгаа ч цахим хэрэглээний мөн чанарыг бултаараа ойлгох хараахан болоогүй байна. Тэр ч бүү хэл 30 гаруй жилийн түүхтэй ардчилсан нийгмээ ч сайтар ойлгоогүй хэрэлдэж байгаа улстөрчид олон байна.
Нөгөө талаар иргэд олон нийтэд энэ талын боловсрол, мэдээлэл байхгүйтэй холбоотой явж ирсэн. Мөн иргэд олон нийтэд чиглэсэн цахим хэрэглээний мэдээ мэдээлэл тэр бүрий хүмүүст хүрч байсангүй. Харин өнөөдөр цахим яамтай болсноор гацаа тээг болж байгаа энэ мэт ажил урагшлах нь ойлгомжтой. Төрийн цахим шилжилт хийх ажил эрт эхэлсэн ч чөдөр тушаатайгаа дэвхцэж ирснийг нуух юун. Харин өдгөө салбар яамтай болсноор бодлого, хөтөлбөрүүд хэрэгжих боломжтой болж, дэлхий ертөнцийн сонин хачинд нэвтэрч байгаад талархахаас өөр яахав. Тухайлбал, манай улсад 2005 оноос эхлэн төрийн цахим шилжилт хийж эхэлсэн үеэс өнөөг хүртэлх үе үеийн Засгийн газар төрийн байгууллагуудыг цахимжуулах тодорхой алхамуудыг хийсээр ирсэн. Дороо дэвхцээд байснаас огт хаячихсан ч зүйл бас биш. Яах аргагүй, өнөөгийн Засгийн газар, парламентад мэдээллийн технологийн хөгжил, цахим шилжилтийг эрчимтэй бий болгохоос өөр гарц байгаагүй л болов уу. Дэлхийн Монгол гэж цээжээ дэлдчихээд цаастайгаа зууралдаж суух ч бас л эвгүй биз. Гарцаагүй нүүр тулсан учраас хаашаа ч бултах газар байсангүй.
Тиймдээ ч өдгөөгийн эрх баригчид 2016 онд Засгийн газраа байгуулж, цахим засаглалыг хөгжүүлэх зорилт тавьсан. Үүгээр зогсохгүй УИХ-ын бүтцэд Инновац, цахим бодлогын түр хороо байгуулан, улмаар өдгөөгийн сайд Н.Учралыг даргаар нь томилж байв. Эндээс цахим хөтөлбөр чамгүй хурдтай гэж болохоор хэрэгжсэн. Түр хороо ч хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажилласан. Тун удалгүй зарим Байнгын хороодын эрхлэх асуудлын хүрээ хэт өргөн бөгөөд олон чиглэлийг хамарч байгаа нь УИХ-аас батлагдан гарах хууль тогтоомжийн чанар, УИХ-ын хяналтын чиг үүргийг оновчтой хэрэгжүүлэхэд зарим бэрхшээл үүсгэж байна гэж хууль санаачлагчид үзсэн. Тиймээс УИХ-ын ажлыг илүү боловсронгуй болгож, дотоод зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулахын тулд зарим Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээг салгаж, зохих салбар чиглэлээр ажиллах байнгын хороо нэмж байгуулах шаардлагатай байна гэж үзээд Инновац, цахим бодлогын байнгын хороог шинээр байгуулсан юм. Өдгөө тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Э.Батшугар гэх шинэ үеийн залуу ажиллаж буй.
Өдгөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа “Цахим хөгжлийн үндэсний хороо”-г Засгийн газрын дэргэд байгуулсан. Ингэснээр Инновац, цахим бодлогын байнгын хороотой хамтран ажиллах болсон нь Гүйцэтгэх засаглалын бодлого, УИХ-аас гарах хууль хоёрын уялдаа холбоог нягтруулж өгсөн нь ойлгомжтой. Энэ тал дээр гадны улс орнуудын туршлага ч нэвтрүүлсэн. Сүүлийн зургаан жилийн дотор Инновац, цахим бодлогын түр хороо байгуулж, улмаар Инноваци, цахим бодлогын байнгын хороо байгуулснаар “Харилцаа холбооны тухай”, “Радио долгионы тухай”, “Шуудангийн тухай хууль”-иудыг батлуулсан. Дээрх хуулиудад Түр хорооны зүгээс мэргэжлийн санал, зөвлөмжүүд өгдөг болж, Инновац, цахим бодлогын байнгын хороо байгуулагдаад харилцаа холбооны салбарын суурь гурван хуулийг батлуулсан. Тодорхой хуулиуд бий болохоор цахим хөтөлбөр хэрэгжих эрх зүйн орчин бүрдэж байна гэсэн үг. Түүнээс хуульгүйгээр цааш явах арга байгаагүй.
Ийнхүү хөтөлбөр, бодлогын дагуу системтэйгээр цахим ажиллагаа өрнөсөн учраас Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулж, нэн шинэ үеийн төлөөллүүдийн гарт өгсөн нь нүдээ олсон зүйл байв. Хамгийн ойлгомжтой жишээ гэвэл E-Mongolia платформ дээр бүх үйлчилгээг нэгтгэхээр зорьсон нь өнөөдөр амжилттай хэрэгжиж байна. Өнөөдөр 671 төрийн үйлчилгээг энэ платформд оруулчихсан, иргэд нэг цонхоор үйлчүүлж байна. Энэ бол өнөөгийн Засгийн газар, салбар яамны маш том ажил гэдгийг дурдах хэрэгтэй. Цахим шилжилт өнөө маргаашдаа хийгээд дуусдаг бус урт хугацаанд бага багаар хийгддэг ажил гэдгийг салбарынхан тайлбарлаж байсан. Одоогийн байдлаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас E-Mongolia платформ дээрх үйлчилгээг нэмэгдүүлэх, иргэдэд цогц үйлчилгээ хүргэхээр зорьж яваагаа дуулгаж байсан.
Иргэд регистрийн дугаараа цахимд оруулж, бүх үйлчилгээг авдаг байх тухай асуудлыг бүрэн цэгцлэхээр зорьж явна. Тухайлбал, цалингийн зээл авъя гэхэд заавал нэг цэг дээр очиж гарын үсэг зурах байдал хэвээрээ байна. Тэгвэл тухайн иргэний гарын үсгийг баталгаажуулахын тулд тоон гарын үсгийн хуулийг хэрэгжүүлэх, эсвэл илүү сайжруулан батлах шаардлага байгаа бөгөөд энэ тал дээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Үүнийг залруулах боломж нь “Цахим гарын үсгийн тухай хууль”-ийг шинэчилж батлах байв. Үүнийг шинэчлээд гараанаас гаргачихсан.
Одоогийн байдлаар салбар яамнаас барьж байгаа хэтийн зорилго бол дижитал эдийн засгийг хөгжүүлэх асуудал юм. Энд л монголчуудын хөгжил байгааг мэргэжилтнүүд дурдах болсон. Учир нь бид алтаа ухаж, зэсээ гаргаж, нүүрсээ зарах юм бол баяжиж хөгжинө гэх мөчидхөн бодлоосоо салах хэрэгтэйг салбарынхан сануулаад байгаа шүү дээ. Ямартай ч цахим салбарын чөдөр тушааг чөлөөлөх цаг дор ихээхэн ажил өрнөж байгааг дуулгах хэрэгтэй.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 4 )
Энэ залууг монголд хэрэгтэй хүн гэж боддог байлаа. Хэлсэн ярьсаныг бодохоор өөртөө л хэрэгтэй залуу гэж бодогдоод бга.
Хөгжил ямар нэг юм мөргөж зогсоно гэж ахмадуудын үг байдаг гэж анх удаа сонсож байна. Өглөөний сонин ямар эх сурвалжаас энэ үгийг эш татсанаа тодруулна уу.
ene banhar dandaa yadarsan ulsiin zovlongoor hoolo oldog etheg n mun adil tiimel bsan uvaagui durak eh zasag geluu surguul n mgl malchid iin ur huuhdiig huursan hudalch hulgaich surguul mgl.r duuren ajil gui eh zasag surguul tugschuud hohrood yavaj bga olon aav eejiin huuhed olondoo ymarch chanargui surguul ene uchral ene tend ardtumen nii uruvdsun nereer gural budaa taraaj turd horogdoj yavaa hudalch hurih nuhur odoo zailj uzee uchral iig ymar hun tansan uchir odoo enii ugiig\n tooj sonsdog hun bna uu
Энэ ганц үнэн үг хэлсэн шүү. Их сургуулийг ямар ч мал төгсөнө гэж. Тэр төгссөн малнууд нь дээр дооргүй Монголын төрийг самарч өгчийнөө хэхэ.