Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, цас багатай нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, 11 дүгээр сарын 28-наас эхлэн 12 дугаар сарын 02-ныг хүртэл хугацаанд Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -42... -47 хэм, өдөртөө -29...-34 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 хэм, өдөртөө -24...-29 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 хэм, өдөртөө -9...-14 хэм, бусад нутгаар шөнөдөө -29...-34 хэм, өдөртөө -19...-24 хэм хүйтэн байх төлөвтэй байна. Түүнчлэн маргаашнаас буюу 28-наас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч, шөндөө Яармаг-Сонгины орчмоор -39...-41 хэм, бусад хэсгээр -32...-34 хэм, өдөртөө -23...-25 хэм хүйтэн байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Автотээврийн Үндэсний төвтэй холбогдож, орон нутгийн зам, даваа ямар байдалтай байгаа талаар тодрууллаа.
Тус төвийн шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн "Одоогоор зам даваа хаагдсан мэдээлэл ирээгүй байна. Зарим орон нутгуудад их хэмжээний цас үргэлжлэн орж байна. Тиймээс иргэд, тээвэрчдэд тухайн орон нутаг руу зорчихгүй байх, шаардлагатай зорчсон тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, дулаан хувцас, шатах тослох материалыг нөөцөлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна" гэж ярилаа.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС ТӨВ БОЛООД ОРОН НУТГИЙН АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.
Сэтгэгдэл ( 0 )