Нийслэлийн прокурорын газраас “Автотээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргүүдийг шүүхэд шилжүүлээд байна.
Тодруулбал, “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан А, Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтэн М, хяналтын тасгийн авто тээврийн хяналтын мэргэжилтэн О нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хил нэвтрэх тусгай зөвшөөрөл олгох боломж бүрдүүлж давуу байдал бий болгосон, хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймаг дахь Ханбогд сумын сум дундын шүүхэд шилжүүллээ.
Мөн “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Дорноговь аймгийн Замын-Үүд салбарын дарга Х, Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн дарга У, Зам тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын харъяа Замын-Үүд төлбөр авах цэгийн ахлах ажилтан С, оператор У нар нь бүлэглэн, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслүүдийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлсэн, мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомтоор БНХАУ руу нэвтрэх дараалалд ороогүй тээврийн хэрэгслийг Замын-Үүд сумын хилийн боомтоор шууд нэвтрүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
ballaj bnda neeree